2006/01/11 - 20:11
Засгийн Газрын Ордны шинэ барилга баригдсан нь
БНМАУ-ын Засгийн Газар 1930 онд барьсан хоёр давхар байшинд одоогийн УБИС-ын Төв байрны доод хоёр давхар байрлаж байв. Энэ байшинд Улсын бага Хурал, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Хянан байцаах газар, Зохион зааварлах хэлтэс, Улсын төлөвлөгөөний комисс байрлаж байсан бөгөөд БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсан, түүний нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав, Улсын бага хурлын дарга Г.Бумцэнд нар энд ажиллаж байв. Энэ байшин тухайн үеийн төр засгийн төв аппаратын өсөн нэмэгдэж байсан орон тоо, ажлын шаардлага хангахгүй болсноос гадна нийслэл хот байгуулалтад байршлаа олоогүй, төвөөсөө хазгай, Сэлбэ голын эрэгт байлаа.
2006/01/11 - 20:08
Засгийн газрын ордны анхны өргөтгөл
БНМАУ-ын Засгийн газар БНБАУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр ордны барилгын өргөтгөлийн зураг төслийг Болгарын архитектор Аскина, Петров, конструктор Григоров нар оролцон хийж барилга барих ажилд инженер Когоо ажилласан байна. Энэ үед хятад ажилчдын хэрэг эрхлэх газар гэж байсан бөгөөд тэдний ажилчид нь манай цэргийн ажилчидтай хамтран ажиллаж байжээ.
2006/01/11 - 20:04
Засгийн газрын ордны хоёр дахь өргөтгөл
Засгийн газрын ордны анхны өргөтгөл хийснээс хойш 20 жилийн дараа 1981 онд дахин хийгджээ. Ордонд хоёр дугаар өргөтгөл хийх тухай МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 29/60 дугаар тогтоол 1979 онд гарч, барилгын ажлыг 1979 оны 5 дугаар сард эхэлж 1981 оны 11-р сард дуусгажээ. Ордны 2-р өргөтгөлийн зураг төсөл зохиогчоор архитектор Г.Лувсандорж ахлагчтай хэсэг томилогдож түүнд инженер Х.Лхагвасүрэн, Л,Түвшинцэнгэл /цахилгаанчин/, Дашдамба /салхивч/, Д.Намсрай /сантехник/, Ч.Бат-Очир, Бадгай, Б.Лувсандондов, М.Болод, арх Л.Нямсүрэн, техник Буяндэлгэр, Цээсүрэн, Д.Бадамханд нар ажиллаж байв.
2006/01/11 - 20:01
Ордны гадна талын тохижилт
1980 аад оноос хойш ордны гадна талын тохижилтыг байнга хийж байв. Тухайлбол бүх довжоо, залгаа хэсэгт бунхант индрийн арын талбай, мөн индрийн хоёр талын түшиг хана, машин орж гарахад зориулагдсан пандус, ордны эргэн тойрон брожюран талбай, зүлэг цэцэг, гэрэлтүүлэг зэргийг байнга засаж сайжруулсаар иржээ. Зам талбайн өнгөлгөөг саарал чулуугаар, зүлэг талбайн хашлагыг ногоон боржин чулуугаар сольж талбай руу харсан хэсэгт алхан хээ тавьжээ. Бунхант индрийн нүүрний талбайн чулууг бүхэлд нь хөх чулуу болгожээ. Барилгын эргэн тойрон хүрээлсэн хэсгийг Хархорины хар саарал чулуугаар сольж гялгар өнгөтэй болгосон юм. Ордны өмнө талын хоёр пандусын хашлагыг Хархорины хөх саарал чулуугаар, цэцгийн савнуудыг авдрантын ногоон чулуугаар зарим савнуудыг гантигаар хийсэн юм. Ордны гадна талын бүх хаалгуудыг сийлбэртэй царс модон хаалгууд болгосон бөгөөд ордны гадна талд шөнийн гэрэлтүүлэг ханын брануудыг нэмэгдүүлжээ.
2006/01/11 - 19:59
Засгийн газрын ордны өргөтгөлүүдийн дараах засвар шинэчлэл
Их танхимын хувцас хүлээж авах өлгүүрийн хэсгийг тус танхимын нэгдүгээр давхрын үүдний доод давхарт шинээр байгуулжээ. Уул ажлын Архитекторч Г.Лувсандоржийн зураг төслөөр хотын барилга трест, цахилгаан сантехник угсралтын нэгдсэн трест, ордны барилга засварын тасаг, зохион байгуулах анги хамтран гүйцэтгэжээ.

