2006/01/10 - 20:46
Монгол одонгийн үүсэл хөгжил
Дэлхийн аливаа улс гүрэн төрийнхөө тусгаар тогтнолын билэг тэмдэг болсон улсын дээд шагналд одон медаль хэрэглэж ирсэн түүхт уламжлалтай байна. Манай ардын төрийн бэлгэдэл болсон одон медаль нь монголын тусгаар тогтнолын уламжлалт бэлэгдлийн зүйлсээс эх аван, ардын хувьсгалын жилүүдэд үүсэн хөгжиж, тус улсын шагналын системийн чухал бүрэлдэхүүн болж ирлээ.
2006/01/10 - 20:42
Ардын хувьсгалын эхний жилүүдэд хэрэглэж байсан одон тэмдэг
Ардын засгийн анхны жилүүдэд Монгол Ардын Нам, Ардын Засгийн газраас улс орноо цагаантны дээрэмчдээс бүрэн чөлөөлөн феодалын хамжлагын харилцааг устгаж ардчилсан төрийн үндсийг тавих, тус улсын гадаад дотоод байдлыг бэхжүүлэх, ялангуяа улс орны эдийн засгийн гол үндэс болсон мал аж ахуйг хөгжүүлж ард түмний чинээлэг соёлч боловсон амьдралыг хангахад чиглэсэн олон төрлийн хувьсгалт арга хэмжээнүүдийг авч байв.
2006/01/10 - 20:38
Ардын төрийн дээд шагналыг анх хүртэгсэд
1927 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдээс БНМАУ-ын төрийн дээд шагнал анхны одон тэмдгээр хэсэг хүмүүсийг шагнах тухай тогтоол гарчээ. Энэ тогтоолд тэмдэглэснээр Монгол Ардын Нам байгуулах хувьсгалт бүлгэмийн нууц ажлаас эхлэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан авах, бататган бэхжүүлэх зэрэг хувьсгалын үйл хэрэгт идэвхтэй оролцож явсан Улсын Бага Хурлын гишүүн, бүх цэргийн жанжин Х.Чойбалсан, улс төр, ард олноо дайсны довтолгооноос авран хамгаалахын төлөө цэргийн албанд удаа дараа оролцож эцэст нь баруун хязгаарт бугшиж байсан цагаантны үлдэгдлийг устгах хэрэгт онц гавьяа байгуулсан Улсын Бага хурлын гишүүн цэргийн явдлын яамны сайд Хатанбаатар Магсаржав ... нарыг БНМАУ-ын цэргийн гавьяаны одон тэмдгээр, ардын хувьсгалыг үүсгэхэд анхны үеэс нь эхлэн зүтгэж гавьяа байгуулсан Улсын Бага Хурлын тэргүүлэгч Д.Лосол, ардын засаг анх байгуулагдсан цагаас эхлэн засаг төр аливаа хэрэгт он удтал зүтгэж их жанжин Д.Сүхбаатарын хамт Зөвлөлтийн засагт Холбоот Орос улсад очиж Монгол - Зөвлөлт хоёр улсын хооронд найрамдал харилцан туслалцах анхны гэрээ хэлэлцээр байгуулах их үйлсэд оролцож явсан зэрэг шинэ тулгар төр улсыг бататган бэхжүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэж гавьяа байгуулсан Улсын Бага Хурлын тэргүүлэгч, Засгийн Газрын ерөнхий сайд Б.Цэрэндорж ... нарыг БНМАУ-ын “Бичгийн гавьяа”-ны одон тэмдгээр анх шагнажээ.
2006/01/10 - 20:34
Социализмын үеийн гавьяа шагнал, түүнийг анх хүртэгчид
1935 онд улсын алдарт гавьяат жүжигчин, дуучин хөгжимчин, уран зохиолч цол бий болгож, мөн онд Ардын Үндэсний Хувьсгалт театрын 14 жил, Улсын төв театрын 5 жилийн ойгоор жүжигчин Д:Ичинхорлоо, Ч.Цэвээн, дуучин М.Дугаржав, Ж.Дорждагва, Ц.Төмөр, хөгжимчин Д.Ишдулам, Д.Түдэв, Л.Цэрэндорж, зохиолч Ши.Аюуш, С.Буяннэмэх нарт олгожээ. Уран сайхны гавьяат үйлчин / уг цолыг хожим нь Урлагийн гавьяат зүтгэлтэн болгон өөрчилжээ/ ардын жүжигчин, гавьяат багш, хүний гавьяат эмч цолыг 1941 онд бий болгож, анх Ардын Хувьсгалын 20 жилийн ойгоор Э.Оюунд БНМАУ-ын уран сайхны гавьяат үйлчин цол олгосон байна. “Сүхбаатар” кино бүтээхэд идэвхтэй оролцож уул киноны уран сайхны хэд хэдэн гол дүрд чадварлаг жүжиглэж урлагийн өндөр амжилт гаргасан гавьяат жүжигчин Ц.Цэгмидэд Ардын жүжигчин цолыг 1942 онд анх удаа олгожээ.
2006/01/10 - 11:53
Одон, медалиудын тайлбар
| МУ-ын баатар | 1936 онд БНМАУ-ын баатар цол бий болсон бөгөөд 1946 онд уг цол хvртэгсдэд олгох БНМАУ-ын баатарын “Алтан таван хошуу” медаль (одоо Монгол Улсын баатарын “Алтан таван хошуу” тэмдэг гэж нэрлэж байгаа), |

