Ингэхийн учир нь нэгдүгээрт, МАХН-ын хүчтэй суртал нэвтрүүлгээр олон түмний эсэргүү гэж үзсэн, хоёрдугаарт, жанжин Дэмидийн хамаатан учир ингэжээ.
1937 наймдугаар сарын 24-ний өдөр Оросын Тайга өртөөнд хорлогдсон Дэмид жанжны ойрын холбоотон гэгдэж баривчлагдсан БХЯ-ны дэд сайд Л.Дарьжав, Г.Самбуу, Жанжин штабын дарга корпус командлан захирагч Ж.Малж, Улс төрийн газрын дарга Т.Өлзийбат, Дивиз командлан захирагч С.Дамба, Б.Дамба, Т.Дашзэвэг, Ц.Адьяа нарын ЗХУ-д сургууль төгссөн, шижигнэсэн залуухан дарга нарын хамт комиссар Бадамхатан баривчлагдаж мөрдөн байцаалтын хамгийн хатуу ширүүнийг амсжээ.
Бадамхатанд тулгасан гол ял нь “Германы цэргийн зэвсэг техникийг магтан, герман цэргийн сахилга, зохион байгуулалтаас сурах юм бий гэж хөрөнгөтний номлол, суртал нэвтрүүлгийг дэлгэрүүлж, цэрэг, дарга нарт ухуулж сурталчилж байсан” гэжээ. МАХН-аас ард түмэнд үнэмшүүлж, тархийг нь угаахын тулд хэтэрхий зохиомол сурталчилгаа хийж байсны нэг илрэл нь” Комиссар Бадамхатан нисэх отрядын ПО-2 онгоцонд дөрвөн бөмбөг зүүгээд Засгийн газрын ордон, ДЯЯ-ны контор, Аж үйлдвэрийн комбинат, Улаанхуарангийн зэвсгийн складад хаях гэж байгаад Чойбалсангийн сонор соргог хараанаас мултарч чадаагүй баригджээ” гэсэн маш сүржин, худлаа сурталчилгааг олон дахин хийсэн нь Монгол даяар дуулиантай сонсогдож байж.
Бадамхатангийн хавтаст хэрэгт нас 33, ард халх, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг, МАХН-ын гишүүн, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, ЗХУ-д цэргийн академи төгссөн, хувьсгалт цэргийн агаарын хүчний бригадын комиссар, Улс төрийн газрын дарга гэсэн товч намтар бий. Бадамхатан 1932 онд баруун дөрвөн аймагт гарсан эсэргүү бослогыг дарахаар отряд командлан онцгой гавьяа байгуулсан учир “Цусан гавьяаны” одонгоор шагнагдаж байж. Түүнийг ДЯЯ-ны орлогч сайд гүрээ хочит Насантогтох, Онцгой хэлтсийн дарга мангас Дорж /Удвал гуайн анхны нөхөр/, тасгийн дарга алцан хочит Мандал нарын “Лхүмбийн” хэрэг гэгчид холбогдогсдыг байцааж байсан, харгис ширүүнээрээ нэрд гарсан яргачид түүнийг хүн дүрсээ алдтал нь тамлаж дөрвөн удаа мэдүүлэг авсан болоод онц бүрэн эрхт комиссын О1-р тогтоолоор хамгийн түрүүн бууджээ.
Мангас Дорж нэг удаа ”Чи Хан-Өндөрийн хүрээний хамбаас сум даахгүй лүндэн хүртсэн эсэргүү гэлүү” гээд толгой дээгүүр нь хий буудаж сүрдүүлж байж. Түүнд тулгасан ял нь “Гэндэн, Дэмидийн эсэргүү байгууллагын гишүүн, Дэмид жанжны төрөл садангийн хүний хувьд түүний даалгаврыг биелүүлж, цэрэг дарга нарын дотор эсэргүү утгатай үзэл суртлын ажлыг удаа дараа явуулж байсан, мөн Жанжин штабын дарга Малж, Ерөнхий сургуулийн захирал Адьяа, дивизийн комиссар Гончигшарав, Дэмид жанжны нарийн бичгийн дарга Даваажаргал нартай ойр дотно байсан” гэж үзээд Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 43, 44, 45-р зүйлээр ялласан нь энэ аж.
Архангайн Ихтамир суманд түүний төрөл садангийн хүн байдаггүй бөгөөд эхнэр, хүүхдийнх нь хувь заяа яаж төгссөнийг хэн ч мэддэггүй, ер нь Дэмид жанжныхаас үлдсэн хүн байхгүй биз ээ, Бадамхатангаас махир таяг бэлэглэсэн доголон өвгөн Чоожой хүртэл буудуулсан шүү дээ гэж МУИС-ийн багш Жавзандолгор гунигтайхан ярьж билээ. Бадамхатангийн дараа манай нисэхийн бүх дарга нар баригджээ. Үүнд нисэх хорооны дарга Дорж, штабын дарга Жамбаа, нисэхийн сургуулийн захирал комиссар Цэрэндорж, улсын баатар алдарт нисгэгч Шагдарсүрэн, Дэмбэрэл тэр бүү хэл нисэхийн сургуульд сурч байсан 16-18 настай Дарьсүрэн, Буянхишиг, Баньдхүү нарын 83 хүн баригдсан аж.
АИХ-ын цагаатгалын комиссын 1962 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн О1-р тогтоолоор “Эсэргүү үйл ажиллагаа нь нотлогдоогүй, хилс болох нь тогтоогдсон” учир цагаатгаж нэр төрийг нь сэргээжээ. Харин хэлмэгдэгсдэд олгох нөхвөрийг нь нэхэмжлэн авах хүн гараагүй гэнэ.
Ц.Навагчамба