Америкийн нисэх хүчний дэслэгч генерал Генри Оберинг Европын зарим оронд суурилуулж буй пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийн тухай ярьж байна.
- Америкийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем (ПЭХС) баллистик пуужинг устгах газар дээрх системийг агуулж байгаа. Энэ систем “хамгаалалтын бүрхэвч”-ийг бий болгоно гэсэн. Ер нь ямар дайснаас хамгаалах гээд байгаа юм бэ?
- Баллистик пуужинг устгах газрын систем нь төслийн зөвхөн нэг элемент юм. Пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем нь мөн тэнгисийн пуужинг устгах төхөөрөмж, цуврал радар, хуурай газарт, далайд хяналт тавих хэрэгслээс бүрдэж байгаа. Энэ бүх элементүүд нийлээд бүх чиглэлийн пуужингаас хамгаалах цогц системийг бий болгож байгаа юм. Ийм “хамгаалалтын бүрхэвч”-ийг зөвхөн АНУ-ын газар нутаг дээр бус, мөн манай цэргүүдийн байлдааны байрлал болон найз, холбоотнуудын газар нутаг дээр бий болгохоор тусгасан.
- Цаашдаа та нар 50, эсвэл 100 ПЭХС байрлуулбал энэ нь зөвхөн Хойд Солонгос бус, Хятад, Орос руу чиглэх үү?
- Yгүй. Бидний суурилуулж байгаа баллистик пуужингаас хамгаалах систем нь Хойд Солонгос, Иран зэрэг тэрслүү орны эсрэг чиглэсэн. Япон, Аляскад байрлуулсан манай радарууд ийм маягийн заналхийллээс хамгаалж байгаа юм. Нөгөө талаас бид Английн хойд хэсэгт байрлуулсан радараа дахин засч, тохируулж Ойрхи Дорнодоос ирж буй аюул заналаас сэргийлэх чадвартай болгох юм. Бидний эцсийн зорилго бол гадаад дахь цэрэг зэвсэг, холбоотнуудынхаа газар нутгийг хамгаалахын тулд Европт радар, пуужингаа байрлуулах явдал. Орос хэдэн зуун пуужин, 1000 гаруй цөмийн цэнэгт хошуутай. Тиймээс баллистик пуужингаас хамгаалах систем нь Оросоос ирэх аюул заналыг сөрөн зогсохын тулд биш юм. Хятадуудын хувьд гэвэл тэдний пуужингийн хөтөлбөр түрэмгий, давшилтын шинжтэй тул бидний системийн хүрээнд орж болох талтай.
- Танай ПЭХС Оросын баллистик пуужингийн эсрэг чиглээгүй гэдэг таны үгэнд В.Путин итгэхгүй байх даа?
- Бид цаашдаа ч туйлын шударга ажиллах болно. Тэднийг ятгахын тулд оросуудтай ярилцах хэрэгтэй. Бид Европын бааз дээрээ ердөө л 10 ПЭХС, алсын илрүүлэлттэй радар байрлуулахаар зэхсэн. Би үүнийг мэдэгдэх гэж Москва явсан. Эдгээр радар нь Оросын тив хоорондын пуужингуудыг илрүүлж чадахгүй. Чадлаа гэхэд 15 хувийг нь л илрүүлнэ гэдгийг оросуудад тайлбарласан. Yүнээс илүү тодорхой юм тайлбарлах боломжгүй. Бид бүх ПЭХС-ээ ашиглалаа гэхэд Оросын эзэмшиж буй 1000 гаруй цөмийн цэнэгт хошууг барьж авч, устгаж чадахгүй шүү дээ.
- Гэтэл баллистик пуужин устгах газрын системээс болж зэвсэглэлээр хөөцөлдөх уралдаан дахин эхэллээ гэж зөвхөн Орос хэлэхгүй байгаа шүү дээ?
- Ийм болгоомжлол үндэслэлгүй юм. Оросуудыг давж гарахын тулд бид гадаадад пуужингаа байрлуулах шаардлага байхгүй. Тэднийг сөрөн зогсох хангалттай арга хэрэгсэл бидэнд бий. ЗХУ-тай хийсэн хэлэлцээр байхгүй болсонд л гол ялгаа байгаа юм. Энэ гэрээ бидэнд ашиг тусаа өгсөн. Гэвч Хойд Солонгос, Иран, Сири болон бусад орон зэвсэглэлдээ ийм пуужинтай болчихоод байна. Эхлээд бид тэгж их санаа зовниогүй. Тэдний пуужингууд үр өгөөж муутай, ончгүй, цөмийн цэнэгт хошуу нь тийм аюултай биш байлаа. Гэвч одоо бүх юм өөрчлөгдсөн. Эдгээр орон алсын тусгалтай үй олноор хөнөөх зэвсэг эзэмшдэг боллоо. Энэ шинэ аюулаас хамгаалах зохистой хамгаалалт бидэнд байгаагүй. Одоо хэдэн хүн барьцаалахын оронд үй олноор хөнөөх зэвсэгтэй террористууд бүхэл бүтэн хотыг барьцаалж болох аюул бий болчихлоо шүү дээ. Ийм байхад хөдлөхөөс өөр аргагүй.
- Системийг хэзээ байрлуулах вэ. Ямар орнуудыг хамгаалах вэ. Энэ систем үнэ төлбөргүй байх уу?
- Польш, Чехэд суурилуулсан систем ямар орнуудыг баллистик пуужингаас хамгаалах вэ гэдэг нууц биш болсон. Ер нь дунд тусгалын пуужингаас хамгаалах шаардлагатай байгаа манай бүх холбоотныг хамарна. Yнэ өртгийн тухайд гэвэл бид Польш, Чех болон бусад орноос төслийг санхүүжүүлэхийг шаардахгүй. Бид үүнийг өөрсдөө санхүүжүүлэх болно.
- Хятадууд хиймэл дагуулын эсрэг пуужин туршсан нь тэд ПЭХС-д сөргөөр хандаж байна гэсэн үг мөн үү?
- Тэд энэ туршилтаараа юуг батлах гэж оролдсоныг би шүүхгүй. Хиймэл дагуулыг устгах нь пуужин устгахаас илүү амархан. Гэвч хятадууд энэ туршилтаараа энэ салбар дээр эртнээс ажиллаж эхэлсэн гэдгээ харууллаа.
- Америкийн шинэ Ерөнхийлөгч ПЭХС-ийг эргэн харах болов уу?
- Ерөнхийлөгч болон Конгресс дэх олонхиос хамаардаг зүйл бол ПЭХС биш. Сүүлийн хэдэн жилд америкуудын ухамсар, сэтгэхүй их өөрчлөгдсөн. Баллистик пуужинг агаарт устгах бидний туршилт маш амжилттай болсон. Энэ систем үр дүнтэй гэдгийг хүмүүс ойлгосон. Өнгөрсөн зун Хойд Солонгос цөмийн туршилт хийлээ. Мөн манай холбоотон Израильд өөрсдийгөө хамгаалах шаардлага гарч ирсэн. Эдгээр нөхцөл байдал Америкийн олон нийтийн санаа бодол, засаг захиргаа, Конгресст хүчтэй нөлөөлсөн. Тиймээс америкууд эдүгээ ПЭХС-ийг чин сэтгэлээсээ дэмжиж байгаа. Тэгэхээр Вашингтонд удирдлага өөрчлөгдсөн ч энэ нөхцөл байдалд нөлөөлөхгүй. Бид энэ системийг бий болгож байгаа нь цаг үеэ олсон хэрэг юм.
“Lemonde”