Сүүлийн үед олон хоногоор архи хэтрүүлэн хэрэглэснээс хордож нас барсан гэх дуудлага тасрахгүй байгаа аж. Уржигдар гэхэд хоёр иргэн архинд хордон амиа алджээ. Баянзүрх дүүргийн VIII хороонд оршин суух 34 настай Б архи уусныхаа дараа унатаад дахиж сэрээгүй байна.
Мөн энэ өдөр Хан-Уул дүүргийн XIII хороонд оршин суух 57 настай Г нь согтууруулах ундаа хэрэглээд амиа алдсан байна. Өнгөрсөн долоо хоногт гурван хүн энэ мэтээр архи хэтрүүлэн хэрэглээд нас барсан хэрэг гарсан юм. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Багануур дүүрэгт хоёр иргэн архины хордлогоор хорвоог орхижээ. Эмч нар хордлого тайлах эмчилгээ хийсэн ч аварч чадаагүй байна. Тэднийг хоёр, гурван өдөр дараалан архи уусан гэж ар гэрийнхэн нь ярьсан гэнэ. Мөн энэ сарын 8-нд Н нь согтуугаар эмнэлэгт хүргэгдээд нас баржээ.
Х.Цэнд-Аюуш