Оюутолгойн гэрээний "хувь заяа" хаашаа эргэх вэ?
Өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хэсэг УИХ-ын гишүүн дараах бичгийг хүргүүлсэн байна. Энэ нь өчигдөр батлагдсан Оюутолгойн ТЭЗҮ мөн тус ордын Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний зарим заалтыг хууль бус болсон талаар дурьджээ.
УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хангах тухай
2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулагдан 2010 оны 4 дүгээр сарын 6-наас мөрдөгдөх Оюу толгойн Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээний зарим заалт нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль, тогтоомж / УИХ-ын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 40, 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоол /-той доорхи байдлаар нийцэхгүй байна.
1. Ашигт малтмалын тухай хуулийн 30.1-ийн ордын нөөц, техник, эдийн засгийн үндэслэлтэй холбогдсон заалт хэрэгжсэнгүй. УИХ дээр гэрээг хийх зөвшөөрөл өгөх үеэр танилцуулагдаж байсан тус ордын зэс, алтны нөөцийн 44 орчим хувь нь улсын бүртгэлд бүртгэгдэлгүйгээр ТЭЗҮ-ийг өчигдөр хүлээн авлаа.
2. УИХ-ын 40 дүгээр тогтоол болон 57 дугаар тогтоолд "Гэрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авахаар тохиролцох" гэж заасан боловч, хөрөнгө оруулагчаас 250 сая ам.долларыг жилийн 5 хувийн хүүтэй зээл авахаар болсон байна. Түүнчлэн энэ зээлийн урьдчилгааны 100 сая ам.долларыг урьдчилгаа төлбөр гэж олон нийтэд ойлгуулсны шалтгаан тодорхой бус байна.
3. УИХ-ын 57 дугаар тогтоолын " 3 дугаар зүйлд эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газар /С.Баяр/-т үүрэг болгосугай" гэсэн заалт огт хэрэгжээгүй байна.
4.Эдгээр гэрээний "...энэ төсөлтэй холбогдсон зарим урсгал зардал улмаар Менежментийн үйлчилгээний төлбөрийг тухайн жилийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно" гэсэн заалт нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж байна.
5.УИХ-аас Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг энэ төсөлд зориулж 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчингүй болгох хууль баталсан. Энэ татвар хүчингүй болоогүй өнөөдөр ч гэсэн Эрдэнэт үйлдвэр төлсөөр байгаа нь хууль батлагдсан боловч хүчин төгөлдөр болоогүйг харуулж байна. Ийм байхад хүчин төгөлдөр болоогүй хуулийг үндэслэж гэрээ хийсэн нь УИХ-аас "зөвхөн Монгол улсын хүчин төгөлдөр хуульд нийцүүлэн гэрээг хийх" гэсэн заалтыг зөрчиж байна.
6. Гэрээг хүчинтэй болохоос өмнө УИХ-аас Засгийн газарт нөөцийн татварын 5 хувийг шаталсан хэлбэрийн шинэ татвараар солихоор хууль өргөн барих чиглэл өгөгдсөн боловч, одоогоор ямар ч ажил хийгдээгүй байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 25.1.8, Улсын Их Хурлын тухай хуулийн 4.1, 11.1.5-д заасныг баримтлан УИХ-ын дарга Таны зүгээс ирэх 4 дүгээр сарын 6-наас өмнө энэ гэрээтэй холбогдсон УИХ-ын шийдвэрийн хэрэгжилтийг хангах талаар Засгийн газартай ажиллах нь зүйтэй байна.
УИХ-ын 2008 оны 40, 2009 оны 57-р тогтоолуудын хэрэгжилт ийм байдалтай байхад гэрээг ЗГ-ын зүгээс эцэслэн батлах нь Монгол Улсын хуулиудыг зөрчихөд хүргэнэ гэдгийг анхааруулж байна.
Хүндэтгэсэн:
Д. Ганхуяг
З.Алтай
Н.Батбаяр
Р.Баярсайхан
Э.Мөнх-Очир
Д.Одхүү
Ш.Сайхансамбуу
Д.Энхбат
Б.Батэрдэнэ /Хууль зүйн байнгын хорооны дарга/
Ц.Даваасүрэн /Төсвийн байнгын хорооны дарга/
3.Энхболд /Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга/

