Боловсрол 

Ё.Отгонбаяр боловсролын сайд уу, боловсролын дайсан уу?

Японд гүүр нурахаар сайд нь огцордог тухай бид шагшин ярилцдаг хэрнээ улс орныг нурааж байгаа өөрийн сайд нартаа хариуцлага тооцож чаддаггүй нь тун харамсалтай.

Тэр тусмаа манай тэргүүлэх салбар хэмээн зарлаад олон оныг үдэж байгаа боловсролын тогтолцоог нэг мөсөн нурааж буй БСШУы сайд Ё.Отгонбаярын талаар дахин хөндөхөөр шийдсэн юм.

Гэхдээ Монголын ард түмнийг ядууралд татан оруулж буй олон хүчин зүйлээс онцлох нэгийг нь дурдахыг хүсч байна. Хоёр сая хэдэн зуухан мянган хүн амтай Монгол Улсын хувьд хэдэн зуугаар тоологдох их, дээд сургууль байгаа нь боловсролын тогтолцооны томоохон гажуудлын нэг. Орц, хонгил бараг траншейны нүхэнд шахам толгой хорогдох их, дээд сургуулиудад үндсэн багш ч гэж бараг байдаггүй. Хятад чихрийн цаас шиг гоёмсог сурталчилгаагаар хөдөөний голдуу хэдэн хүүхдийг хуурч авч ирэн эцэг, эхийнх нь халаасыг гүвээд эхлэхээр ядуурал газар авахгүй яах юм. Энэ талаар зөндөө ч ярьж, бичлээ.

Харин саяхан БСШУы сайд Ё.Отгонбаярын сэтгэж, хийж чадаагүй энэ их ажлыг Ерөнхий сайд С.Батболд маш хурдан, богинохон хугацаанд амжуулж чадав. Бүр тодруулбал чанаргүй их, дээд сургуулиудыг цөөлж улсын сургуулиудыг нэгтгэх талаар цэгцтэй бодлого явуулахаар шийдэв бололтой.

оловсролыг шинэчлэхийн тулд толгойноос нь эхлэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, боловсролтой, шударга, энэ салбартаа элэг зүрхнээсээ хайртай, хувийн явцуу эрх ашигт биш хөгжлийн чиг хандлагын төлөө тууштай зогсч чаддаг нэгнээр солих шаардлагатай байна.

Өнөөдрийн БСШУны сайдыг ажилдаа тэнцэх чадвартай, ёс суртахууны эрхтэй, чадварлаг хүн мөн эсэхийг баримтад түшиглэн авч үзье. Нэгэн цагт “Баянгол” зочид буудлын менежерээр ажиллан, хүүхний эрлэг гэгдэж явсан Ё.Отгонбаяр гэгч залуу төрсөн ах Ё.Баярсайханыхаа хамтаар гэнэтхэн л улс төрч болж орхисон. Ахан дүүс тухайн үедээ эрх мэдлийн зангилаан дээр сууж байсан Н.Энхбаярын өмнө тангараг өргөснөөр төрийн өндөр сэнтийгээс зуурсан.

МАХН сонгуульд ялаад хамгийн амин чухал салбар болсон БСШУЯыг Ё.Отгонбаярт гардуулахад нь түмэн олон хирдхийсэн. Учир нь Ё.Отгонбаяр гэдэг хүн нэгэн асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгагдах ёстой байлаа.

Өөрөөр хэлбэл долдугаар сарын нэгний үйл явдлын үеэр МАХНын байрны шатсан суурин дороос их хэмжээний мөнгөтэй сейф олдсон нь цагдаагийнхны гайхашралыг ихээхэн төрүүлжээ. Уг сейфэнд зуутын долларыг зайгүй өрсөн байсан бөгөөд ихэнх нь галд хуйхлагдан ашиглах боломжгүй болсон байж. Хачирхалтай нь уг сейф тэнд байр түрээсэлж байсан компаниудынх биш, МАХНын Ерөнхий нарийн бичгийн дарга Ё.Отгонбаярынх болж таарсан байна. Тэр үеэр уг мөнгийг данслан протокол хөтөлж, хурааж авсан байдаг.

Энэ мөнгө хэний, хаанаас ирсэн, ямар учиртай хадгалагдаж байсан хөрөнгө болохыг харамсалтай нь хууль хяналтын байгууллагынхан тогтоохыг хүссэнгүй. Ё.Отгонбаяр намынхаа мөнгөнөөс зувчуулсан байв уу, аль эсвэл авлига хээл хахууль авсан байв уу гэдэг нь ойлгомжгүй хэвээр үлдэж байгаа юм. Энэ бол Ё.Отгонбаярыг ямар хүн бэ гэдгийг гэрчлэх наад захын жишээ. Тэгвэл өнөөдөр энэ хүн юу хийж байна вэ?

Мэдээж сайд хийж байна гэх байх. Түүний загалмайлсан эцэг нь экс Ерөнхийлөгч. Өнөөдрийн байдлаар экс Ерөнхийлөгчийн хувьд Ё.Отгонбаярын толгойлж буй БСШУЯ сүүлчийн ганц түшиц газар нь болж хувираад байгаа юм. Энэ яамны сайдын өрөөнд боловсролын тогтолцоог шинэчлэх, хөгжүүлэх талаар ямар ч ажил хийгддэггүй. Үүний оронд эрх мэдлээ алдсан, бас эрх мэдэлд шунасан явуургүй этгээдүүдийг өрөөндөө урьж, С.Баярыг намын даргаас нь огцруулах хор найруулж суудаг талаар бидэнд баттай эх сурвалж мэдээллэв.

Тэр ч бүү хэл салбарынхаа зарим хүмүүст Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Элбэг Арт” галерейн сан хөмрөгт байдаг зургуудын тухай судлах даалгавар өгчээ. Урлагийн талаас нь судлах биш шүү. Хэдэн төгрөгөөр авсан, гадаадын хүнд зарсан уу, үгүй юу, мушгиж гуйвуулж болох юу байна, түүгээр ч үл барам хэнд ч хэрэггүй хог гэдгийг нь нотлох хэрэгтэй гэсэн явуургүй даалгавар өгсөн байна.

Ван Гог, Пикассог мэдэх нь бүү хэл Г.Одон, Н.Цүлтэм гуайн уран бүтээлүүдийг ч ойлгохгүй Соёлын сайд Ё.Отгонбаяр уран зураг цуглуулсан нэгнийг гутаан доромжлох, ухаж төнхөх гэж улайрч байгаа нь энэ салбарыг удирдах биш, дайсагнадаг сайд болохыг харуулав. Урлагийн бүтээл энэ салбарт хайртай хэн нэгэн эсвэл төлбөрийн чадвартай хүний гарт очиж байж хойч үед өвлөгдөн үлдэж, улам үнэ цэнэтэй болдгийг Ё.Отгонбаяр сайд ойлгох тэнхэлгүй аж. Арга ч үгүй биз дээ. БСШУы сайд Боловсролын төлөө толгойгоо ажиллуулах биш, улстөрийн дайсагналд сэтгэл зүрхээ зориулж байгаа хойно тийм ауга бүтээлийг хайрлаж яахин чадах билээ. Түүний оронд байшин дээрэмдсэн, аль эсвэл араб азарга худалдаж авсан, эс бөгөөс жийпний цуглуулгатай хүн л эрхэм сайдын хайрыг булааж магадгүй.

Ийнхүү Ё.Отгонбаяр сайдыг “хойт эцэг”ийнхээ даалгавраар С.Баяр, Ц.Элбэгдорж мэтийн хүмүүсийн мууг үзэхээр улайрч байх хооронд Монголын соёлын үнэт өв хөөмийг Хятадууд өөрийн болгож орхилоо. Одоо араас нь монгол дээл, морин хуур, уртын дуу гээд Монголын гэсэн болгоныг хятадууд өөрийн болгох гэж байна. Энэ бүхэн Ё.Отгонбаярыг огцруулах хангалттай шалтгаан биш гэж үү?

Биш гэж үзвэл дахиад баримт сөхье. Долоохон настай бяцхан охин сургууль дотроо гаж донтонд хүчиндүүлж, есхөн настай хүүхэд сургуулийнхаа хашаан дотор хойт эцэгтээ тарчлуулж, цэцэрлэгийн хэдэн зуун балчир үрс хоолондоо хордож байхад салбарынх нь сайд бас л огцроогүй. Энэ жишээ бол Японд гүүр нурахаас хавьгүй хүнд зүйл.

Тиймээс Боловсролын сайд гэхээсээ илүү экс Ерөнхийлөгчийн илүү тээлттэй ураг шиг загнаж явдаг энэ этгээдийг “зайлуулаагүй” цагт боловсролын салбар өөдөлнө гэж үгүй. Ер нь ч энэ Засгийн газарт өөрчилмөөр хүмүүс их бий.

Олон нялхас Эрүүл мэндийн салбарынхны буруугаас амиа алдсаны дараа салбарын сайдын асуудлыг сая нэг юм авч үзэж байгаа шиг аливаа бүхнийг хүндрүүлж байж ухаардаг тогтолцоог халахгүй бол бид хөгжихгүй. Иймд ниргэсэн хойно нь хашгирахаа болих хэрэгтэй, дарга нар аа.

http://bolod.mn/modules.php?name=News&file=article&sid=30398