Нийгэм 

Миний Их Монгол Үзэл

Монгол улс ардчилсан орон болоод хорин жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд нэгэн үеийн залуус боловсорч хүмүүжив, бас нэгэн үе үгүй болов.

Монгол орон маань хүмүүнлэг нийгмийг байгуулж, цэцэглэн хөгжих бүрэн үндэс тавигдсан ч ард түмний аж амьдрал өөдлөн дэгжиж нэг л чадсангүй. Дэлхийн дэвшил, хөрш орны хөгжлийн нарны туяа туссан ч монголчууд бидэндээ төдийлөн элчээ өгсөнгүй. Яагаад бид ийм дорой буурай байдалтай байна вэ?

Хүн хүчээр дутуу дулимаг болохоор хичнээн ихээр эх орноо хөгжүүлэхийг хүсч мөрөөдөвч, хийж бүтээвч чадал хүрэхгүй агаад улс орон хөгжиж ард иргэд өөдлөн дэвжихгүй байна. Хөгжилд хүний хүчин зүйл асар их нөлөөтэйг бид одоо ухаарч байна.

Өргөн уудам нутаг, өнө их байгалийн баялаг хичнээн байлаа ч хүн хүчний мөхсөөр бусдын гарыг харж өдий хүрлээ. Улс орноо хөгжүүлэх идэр насны залуус мянга мянгаараа хөдөөнөөс хотыг, хотоос хилийн чанадыг зорих болж, нутаг орон эзгүйрэх хэмжээнд хүрчээ. Монгол Улс бол монгол үндэстний сэтгэл тэмүүлэх өлгий нутаг нь байх ёстой болохоос биш монгол хүн үргэн дайжих газар орон баймааргүйсэн. Монголд төвтэй монгол сэтгэлгээг монгол түмний дунд байнга төрүүлж, Монголд монгол хүн ирэх нөхцлийг бүрдүүлж байваас Монголд тэмүүлэх тэмүүлэл улам ихээр бий болно. Монголын засаг төр Монголоос гарсан иргэдээ зөвхөн дуудах биш монгол хэлтэй, монгол соёлтой, монголдоо хайртай, хөх толбот хамаатан саднаа уриaлан дуудаж, Монгол орноо хөгжүүлэх цаг нь иржээ.

Элбэгдорж ерөнхийлөгчийн, Баяр сайдын хэлсэн үгэнд цуxaлзаад байгаа тэр сэтгэлийн дуудлагыг жаахан зоригтойхон, тодхон хэлэхэд л их дэм болмоор байна. Хэлсний дараа xэрэгжүүлэх ажил нэг их хүндрэлтэй биш болов уу. Тагнуул энэ тэр гэж биесээ хардаж сэрддэг, ярьж сэтгэдэг үе ардчилсан Moнгол оронд өнгөрсөн байлтай. Xэдxэн монголчуудаа тэжээж чадахгүй умарт хөрш, xүн ам нь хальж ядаx өмнөд хөрш тэднийг дуртай явуулах байлгүй. Ямар бид тэдний газар нутгийг авна, суугуул монголыг нь салган тусгаарлана гээд байгаа биш. Тэндээ нутгаа сахиж үлдээд үндэс угсаагаа авч явах нь хоцорч, Монголоо гэсэн сэтгэлтэй нь Монголдоо ирж хүчээ өгнө биз. Энэ асуудлыг тэдэнд нээлттэй тавьчих хэрэгтэй. Тэд л өөрсдөө дагуулаад ирэхгүй бол тэднийг дагаад нэг ч орос хятад ороод ирэхгүй дээ. Тэгэхээр орж ирж буй монгол угсаат хүмүүст монголоороо ярьж чаддаг байх цорын ганц нөxцөл тавих хэрэгтэй. Хэрвээ монгол хэлээ мэдэхгүй бол сурчихаад хэдэн жилийн дараа ороод ирнэ биз. Монгол хэл сурсан, монгол ахуйд амьдарч чадах бол орос, хятад хүн цөөн тоотой ороод ирсэн ч яадаг юм бэ?

Богино хугацаанд их ашиг олохын төлөө эрх мэдэл бүхий хүмүүс хэл мэдэхгүй хар хятадуудыг сүрэг сургээр нь Монголд оруулчихаад охидоо тэдэнтэй нийллээ, манийгаа уусгалаа, ална тална гэж ард түмэн тэмцэх бол буруу юм. Харин ард түмэн тэднийг оруулсан эзэдтэй тэмцэх хэрэгтэй. Анхнаасаа тэднийг оруулахгүй байвал тийм асуудал үүсэхгүй. Хэрвээ тэднийг оруулчихаад хахиж хавчаад байваас улс нь иргэнээ хамгаалах гээд буутай цэргээ оруулах хүртэл нөхцөл байдал үүсч болно. Тэр бол улс орны аюулгүй байдалд учруулж болох бүхэл бүтэн заналхийлэл болно. Их Монгол үзэл бидэнд байх ёстой. Их монгол үзэл санаа бидний дотор байснаар Монгол улс нэгдэн хүчирхэгжиж улмаар мандан бадрах тавилантай.

Ш.Баатар