Монгол 

Банкинд дотоод хяналт нэвтрүүлэхгүй бол хохирогчид тасрахгүй нь

Ерээд оноос хойш банк, санхүүгийн салбарт юм юм л боллоо. Жижиг сажиг зүйлүүдийг хаяад сүүлийн үед гарсан, томоохон эрсдэл авчирсан хэргүүдээс сануулъя.

Хэдхэн жилийн өмнө хадгаламж зээлийн хоршоо хэмээх "мангас" олон хүний нус нулимс, хөлс хүчийг барав. Сүүлдээ төр татвар төлөгчдийн хуруу хумсаа зулгаан байж цуглуулсан мөнгөнөөс өгч байж хоёр яс салсан. Дараа нь "Хадгаламж" банк гэх 14.2 тэрбум төгрөгийн хохиролтой залилангийн хэрэг гарлаа. Энэ хэрэг одоо ч шийдвэрлэгдээгүй яваа. Сүүлийн үед "Анод" банкны хэрэг шил даран гарч ирж байна. Банк, санхүүгийн салбарынхан ийн эрсдэл үүсгэж, иргэдийг хохироосоор байгаа нь төртэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл, төр дотроос нь хяналт тавьж, баталгаажуулалт өгдөг бүтцийг тухайн салбарынхнаас шаардахгүй байна.

“Анод”-ын хохирогчид төрөөс хохирлоо барагдуулахыг шаардах нь үндэслэлтэй

Банкны салбарт дотоод хяналт, баталгаажуулалт байхгүйгээс тухайн салбарынхан дураараа дургиж, эргээд олон хүний хүч хөдөлмөрөө урсган олсон мөнгийг салхинд хийсгэх эрсдэлийг бий болгож байна. Хамгийн ойрын жишээ бол "Анод" банк юм. Анх хэсэг нөхөр нийлж банк байгуулахаар шийдэн, Монголбанкнаас зөвшөөрөл авчээ. Ингээд энд тэндээс хөрөнгө мөнгө татан нэг хэсэг бужигнуулж байснаа хувьцаа гаргаж эх үүсвэр татаж эхэлсэн байдаг. Хувьцаа гаргахаас өмнө банкны эзэд нийлж Монголбанкийг хуураад яваад байсан бололтой. Төв банк ч гэсэн хангалттай хяналт, шалгалт хийж байсан нь эргэлзээтэй. "Анод"-ынхон хувьцаа гаргахын тулд Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авах, бас олон зүйл тодруулах хэрэгтэй болж. Хувьцаа гаргалаа гэж бодьё. Гэтэл мөнгө өгсөн хүмүүс нь орж ирчихээд хяналт тавина гээд суучихвал "Анод"-ынхонд бөөн яршиг болох байсан биз. Ингээд Санхүүгийн зохицуулах хорооныхонтой уулзаж олон асуултаар булжээ. Мөнгө өгсөн хүн тухайн байгууллагад яаж хяналт тавьдаг, олон улсын хэмжээнд хэвшил болсон Аудитын хороо, дотоод аудитын нэгжийг гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар зохион байгуулах шаардлагыг Санхүүгийн Зохицуулах хорооноос тавьж байгаа юу зэргийг асууж тодруулжээ. Гэтэл хорооныхон энэ талаар огт ярилгүйгээр, зөвшөөрөл авахын тулд Монголбанкнаас бичиг явуулчих, үнэлгээ хийлгэчих, аудитаар оруулчих гэх мэтийн жижиг сажиг зүйлсийг улиг болтол нь давтаж. Харин хөрөнгө оруулагч, хувьцаа болон хадгаламж эзэмшигчдийн төлөөллөөс бүрдсэн хяналтын бүтцийг хувьцаат компани дотор бий болгох, өдөр тутмын хяналтаар хангах тухай нэг ч үг ганхийлгэсэнгүй. Энэ бол "Анод"-ынхонд баяртай мэдээ байсан нь ойлгомжтой. Учир нь нэг дор бөөн мөнгө орж ирнэ. Мөнгөө өгсөн хүмүүс тэднийг хянахгүй. Банк учраас хувьцаатай холбоотой асуудлыг Санхүүгийн Зохицуулах хороо нь ч шалгахгүй юм байна. Монголбанкийг өмнө нь аргалаад болоод байсан, цаашдаа ч аргална. Гадаад аудит, үнэлгээний компанийг хөөрхөн аргалчихана. Мөнгийг нь өгчихвөл болчоод явчихана. Эд бүгд гадаад баталгаажуулалт өгдөг үүрэгтэй бүтэц юм.

Хамгийн гол нь дотроос нь хяналтаа тавьдаг, баталгаажуулалт өгдөг бүтцийг төр шаардахгүй байгаа нь дураараа дургих гол шалтгаан нь болжээ. Өөрийнхөө зүйлийг даатгасан хүн тухайн газарт хяналтыг хамгийн сайн тавьж чаддаг. Харин гадаад баталгаажуулалт өгдөг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, гадаад аудитын компани, үнэлгээний байгууллага, татвар, нийгмийн даатгалын байгууллагын шалгалтыг яаж ийгээд аргалаад яваад байх арга саам хайх боломжтой. Ингээд сэтгэл амарсан "Анод"-ынхон хүмүүсээс ихээхэн хэмжээний мөнгө цуглуулжээ. Эцэст нь болдог зүйл болдгоороо болж "Анод" өнөөх хадгаламж зээлийн хоршооны араас орсон түүх энэ. Нөхцөл байдал хүндрэхээс өмнө "Анод"-ыг Монголбанк,"Эрнест Яиг", "KPMG" зэрэг олон аудитын байгууллага тогтмол шалгаж байсныг сануулъя. Гэвч эрсдэлээс урьдчилан сэргийлж чадаагүйг бид харж байна.

Банкаар тоглосон нөхөд зохих шийтгэлээ эдлэнэ биз. Харин тэдэнд хуурагдаж, цуглуулсан хэдэн төгрөгөө алдсан нөхөд яах вэ. Сүүлийн үед тэд хохирлоо төрөөс нэхэмжлэх талаар дугарах болов. Үүнийг зарим хүн "Хохирсон болгон төрөөс мөнгө нэхдэг болж" хэмээн ундууцаж байна. Гэвч "Анод" банкны жижиг, хувьцаа эзэмшигчдийн хохирлыг төр барагдуулахаас өөр гарц алга. Учир нь төрийн байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороо хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, хадгаламж эзэмшигч нараас бүрдсэн, томоохон хувьцаа эзэмшигчид болон удирдлагаас хараат бус аудитын хороо, дотоод баталгаажуулалт өгдөг бүтэц бий болгохыг "Анод"-оос огт шаардаагүй юм. Хэрэв дээрх зүйлийг шаардсан бол хувьцаа эзэмшигч нар "Анод" банкинд орж ирээд хяналтаа тавиад явах бүрэн боломжтой байсан. Өөрсдөө хянаж байгаад мөнгөө алдсан тул төр "хохино" гэж хэлээд сууж болох байлаа. Гэвч төрийн албан тушаалтнууд дотоод хяналтыг шаардсангүй. Одоо бодит хохирогч л байна. Хохирлыг төлүүлэх учиртай. Уг нь хувьцаа гаргах шийдвэр гаргасан албан тушаалтны хувийн болон хамтын хөрөнгөөр төлүүлдэг зарчим баймаар юм. Гэхдээ энэ нь манайд байхгүй гэдэгт эргэлзэх зүйл алга. Эндээс нэг сүлжээ ажиглагдана. Энэ нь төрийн албан хаагч сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргана. Уг шийдвэрээр нь хэсэг хүн баяжина. Бусад нь хохирогч болно. Эцэст нь хохирлыг төр ард түмний татварын мөнгөөр төлдөг. Гэвч ингэлээ гээд албан тушаалтан хариуцлага хүлээхгүй, харин ч халаас нь улам түнтийх сүлжээ юм.

Дотоод хяналтыг бий болгоход санаачлага л хэрэгтэй байна

Дотоод хяналт ямар чухал үүрэгтэйг та дээрх жишээнээс ойлгосон байх. Нэг үгээр хэлбэл, өөрийнх нь хөрөнгийг өөрөөр нь хянуулах нь хамгийн шалгарсан арга юм. Харамсалтай нь манайд энэ тогтолцоо алга. Цаашид бид ямар замаар явах вэ гэдэг асуулт урган гарч ирэх болно. Арилжааны банкуудыг Монголбанк, хувьцаат компани, даатгалаас өгсүүлээд Санхүүгийн зохицуулах хороо ч хянахад хүнд гэдгийг дээрх хорооны дарга нь сонин дээр зарлачихаж.

Тэрбээр Монгол Улсад аудит, үнэлгээний байгууллагад итгэх арга алга гэсэн утга бүхий зүйл хэлсэн байна. Цөхрөнгөө барсан хүний үг.

Ямар ч байгууллагын үйл ажиллагаанд найдвартай баталгаа авахдаа зөвхөн гадаад баталгаажуулалт өгдөг газар хангалтгүй. Харин тухайн зүйлд хамгийн их хамаатай хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, хадгаламж эзэмшигчдийн төлөөллөөс бүрдсэн хараат бус, бодитой дотоод баталгаажуулалт өгдөг аудитын хороо болон дотоод аудитын нэгжийн бүтцийг бий болгохыг шаардах нь чухал юм. Дэлхий дахин энэ л замаар явж байна. Өөрөөр хэлбэл гадаад болон дотоод баталгаажуулалтыг хослуулан найдвартай баталгаажуулалтын тогтолцоог бий болгох тухай яриад байна. Үүнийг хэрэгжүүлэхэд санаачлага л чухал байна.

Л.Хуяг