Тэд бидний тухай
Монгол Улс байгуулсан гэрээгээ зөрчиж байнаКанадын Айвенхое Майнз компанид Оюу толгойг эзэмших эрхтэй болж магадгүй байна
Газета «Коммерсантъ» N183 (4238). 02.10.2009
«Оросын төмөр зам» нээлттэй хувьцаат нийгэмлэг /НХН/ болон Монгол Улсын хамтарсан үйлдвэрийн хүрээнд авах ёстой байсан томоохон орд газруудын нэгийг Орос улс алдаж магадгүй байна. Улаанбаатар 10 дугаар сарын 6-нд Оюу-Толгой орд газрын зэс-алтыг эзэмших талаар БНХАУ-ын ашиг сонирхлыг төлөөлдөг Канадын Айвенхое Майнз компанитай шинэ хэлэлцээр байгуулах бодолтой байна. Энэ шийдвэрийг цуцална гэж «Оросын төмөр зам» НХН найдсаар байгаа бол ямар ч байсан Монголд Оросын хөрөнгө оруулалтаар төмөр зам тавих хэрэгтэй болно гэж шинжээчид тэмдэглэжээ.
Монгол Улсын мэдээллийн МОНЦАМЭ агентлаг аравдугаар сарын 1-нд улсынхаа парламентын эдийн засгийн хорооны дарга Баярсайханы хэлснээс иш татан мэдээлснээр, тус улсын эрх баригчид Оюу-Толгой зэс-алтны орд газрыг эзэмших талаар Канадын Айвенхое Майнз компанитай хэлэлцээр байгуулах бодолтой байна.
Баримт бичигт гарын үсэг зурах хугацаа есдүгээр сарын 30-нд байсныг 10 дугаар сарын 6 болгож хойшлуулсан, учир нь текстийг англи хэл рүү орчуулахад хугацаа шаардлагатай болсон гэж Баярсайхан хэлжээ. Монголын эрх баригчид олон улсын байгууллага, тухайлбал, Дэлхийн банкнаас төслийн 34 хувийг Монголын өмч байхаар хамгаалахад шаардагдах 820 сая долларыг татахад туслахыг хүсч магадгүй гэж тэр нэмж хэлсэн байна.
Монгол Улс Айвенхоетой хэлэлцээр байгуулбал Орос улстай байгуулсан хэлэлцээрээ зөрчих болно. Таван толгой нүүрсний орд газрын адил Оюу-Толгойг Орос-Монголын хамтарсан үйлдвэрт шилжүүлэх ёстой. Ийм үйлдвэр байгуулахаар энэ оны тавдугаар сард ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин Монгол Улсад айлчлах үеэр тохиролцсон. Оросоос төсөлд “Оросын төмөр зам” НХН, Монголоос “Эрдэнэс-МГЛ” болон “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани оролцож байгаа.
Оюу-Толгой орд газар Монголын өмнөд нутагт байрладаг. Тэнд нэг тоннд 0,5 хувийн зэс, 0,36 грамм алт агуулагддаг 930 сая тонн хүдрийн нөөц бий гэж 2007 оны хавар тогтоосон.
Гэтэл Путин Монголд айлчилснаас хойш 10 хоногийн дараа сонгууль болж, тус улсын төрийн тэргүүн солигдож, Ардчилсан намын удирдагч Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгч болсон. «Оросын төмөр зам» НХН-ийн ерөнхийлөгч Владимир Якунин урьд байгуулсан тохиролцоог нотлохын тулд зургадугаар сард Монголд очиж, Улаанбаатар төмөр замын /Орос болон Монгол улс эрх тэгш оролцоотой/ ойн баярт оролцож, тэр үед хэлэлцээний дүнд сэтгэл хангалуун байсан билээ. Амжилтаа батжуулахын тулд «Оросын төмөр зам» НХН Монголын төмөр замын төслүүдэд 8,2 тэрбум рублийн хөрөнгө оруулахаар шийдсэн. Ийм хөрөнгө оруулалт хийхийн тулд хямрал болж байгаатай холбогдуулан эрс багасгасан байсан 2009 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт нэмэлт оруулсан /зургадугаар сарын 10-ны “Ъ” сонинд/. Энэ хөрөнгө оруулалтыг аль хэдийнэ оруулсан гэж Якунин хэлжээ.
Үүнээс хойш нэг сарын дараа төсөлд ямар нэг асуудал үүссэн нь тодорхой болж, Монгол Улсын их хурал долдугаар сарын дундуур Айвенхоетой байгуулсан хэлэлцээрийг батлав. Тэгсэн хэдий ч наймдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн Монголд хийсэн айлчлалын дүнгийн талаар Владимир Якунин “Ъ” сонинд өгсөн ярилцлагадаа, талууд байгуулсан өмнөх тохиролцоонуудыг дахин баталсан гэж хэлжээ /”Ъ” сонины наймдугаар сарын 26-ны дугаар/.
Якунин 10 дугаар сарын 1-нд хэлсэн үгэндээ, Монголын талын хийж буй «зөрчилтэй хэлэлцээний талаар» мэдээлэл авсан, гэхдээ энэ бол ердөө тус улсын мэдээллийн агентлагийн мэдээ байсан гэжээ. «Бид гарын үсэг зурсан баримт бичгийн дагуу л ажилладаг, бид Монголын Засгийн газартай хэлэлцээр байгуулсан, түүнийхээ дагуу ажиллаж байгаа» гэж «Оросын төмөр зам» НХН-ийн тэргүүн тайлбарлав. ”Газрын баялгаа боловсруулах талаар шийдвэр гаргах нь тухайн улсын бүрэн эрх байдаг”, тиймээс «Оросын төмөр зам» НХН “хэлэлцээ хэрхэн дуусахыг үндэс болгон” шийдвэрээ гаргана гэж тэр нэмж хэлжээ. Тус НХН-ийн Монголтой хийж буй хэлэлцээ “дуусах болоогүй”, манай мэргэжилтнүүд одоо Монголд байгаа гэж НХН дэх “Ъ”-ийн эх сурвалж хэлжээ.
Дойче банкны шинжээч Ольга Окуневагийн үзэж буйгаар, Монголын төслүүд бол “эдийн засгийн бус, улс төрийн асуудал” гээд, орд газруудыг Орост Монголын хуучин эрх баригчид амласан байсныг онцлон тэмдэглэв. Айвенхоегийн түнш бол 2007 онд тус компанийн хувьцааны 10 хувийг авсан, багцаа 40 хүртэл хувь өргөжүүлэх гэрээтэй Рио Тинто компани юм. Гэхдээ Азийг судалдаг олон улсын институтын шинжээч Ирина Морозовагийн хэлснээр, Айвенхое Майнз компани Хятадын дээд удирдлагатай холбоотой тус улсын хөрөнгийн ашиг сонирхлыг төлөөлдөг. Жишээлбэл, Айвенхоегийн санал болгож буй Оюу-Толгойг эзэмших төсөлд зөвхөн Хятадын талаар төмөр зам тавиулахаар заасан байгаа…
Оюу-Толгойг алдсанаар Орост ямар хэмжээний хохирол учрахыг шинжээч тооцох гэсэнгүй. “Энэ ордыг авч чадахгүй бол Орос улс юу алдахыг техник-эдийн засгийн үндэслэлгүйгээр хэлэх боломжгүй. Тэгээд ч одоо олонх компанид өөр төслүүдэд дахин хуваах бэлэн хөрөнгө мөнгө хангалттай байхгүй” гэж Окунева үзэж байна. Орд газрын хувиа алдвал энэ нь «Оросын төмөр зам» НХН-ээс Монголд хэрэгжүүлэх дэд бүтцийн төслүүдэд нөлөөлөхгүй, учир нь “ямар ч тохиолдолд орд газар руу зам тавих хэрэгтэй болно” гэж “Ренессанс Капитал”-ын Борис Красноженов итгэлтэй байна.
Орчуулсан З. Амгалан

