Сонгууль 2008 

Б.Батбаатар: Ирсэн шигээ явж чаддаг, явсан шигээ ирж чаддаг байх ёстой

УИХ-ын сонгуулийн  25 дугаар тойргийн асуудал одоо болтол тодорхойгүй, сонгогчдын эрх зөрчигдсөөр байгаа талаар Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга Батын Батбаатартай уулзаж ярилцлаа.

- Баянголчуудыг төлөөлж өнгөрсөн УИХ-д сууж байсан гишүүний хувьд  25 дугаар тойргийн асуудал өдий болтол шийдэгдэхгүй байгааг юу гэж үзэж байна вэ?

- Энэ бол дэндүү ёс зүйгүй  нөхцөл байдлыг бий болгож байгаа юм.  Үндсэн хуулиар  олгогдсон сонгогчдын эрх ашиг зөрчигдсөн үйлдэл болж байна. Хамгийн харамсалтай нь саяхан УИХ-аар Монгол Улсын Засгийн газар ирэх дөрвөн жилд хийх мөрийн хөтөлбөрийг  баталлаа. Мөн 2009 оны төсөв санхүүгийн асуудлаа цэгцэллээ. Энд Баянголын сонгогчдын дуу хоолой тусгагдсангүй, тэдний эрх ашиг хөсөр хаягдлаа.  Нөгөө талаараа Баянгол дүүрэгт төрийн анхаарал үгүй болж, энэ тойргийн иргэд төрөөс юу ч хараад хэрэггүй болж байна. Үүгээрээ 160 мянган иргэнээ хөсөр хаяж байгаа  юм. Сонгууль болоод өнгөрсөн бол тэр үр дүнгээр  дүн нь баталгааждаг байх ёстой.

- Баталгаажих боломжгүй гэж үзээд байгаа юм биш үү?

- Хэн нэгэн хүний амаар хэлсэн шийдвэр юм уу хэсэг бүлгийн захиалгат сонирхлоор асуудлыг шийдэх нь  өнөөдөр ерөөсөө тохирохгүй зүйл. Сонгуулийн ерөнхий хороо  сонгуулийг баталгаажуулах үүрэгтэй байгууллага   болохоос баталгаажуулах эрхтэй байгууллага биш. Үүргээ биелүүлж чадахгүй байгаа энэ хүмүүсийг нэн даруй өөрчилж, ёс зүйтэй ажлаа хийж чаддаг хүмүүсээр солих хэрэгтэй.

- С.Эрдэнэ, Н.Баяртсайхан нарын маргаанаас болоод бусад нэр дэвшигчид нь мөн хэлмэгдэж бүрэн эрхээ баталгаажуулж чадахгүй байна гэж үзэж болох уу?

- Тэрэндээ тулах юм бол энэ тойрогт нэр дэвшсэн бараг бүх хүнд  маргаан гарах хангалттай үндэслэл баримт материал байсан гэж үзэж байна.

 Гагцхүү тухайн хүмүүс нь өөрсдөө УИХ-ын гишүүн болъё гэхээсээ илүү сонгогчдын санаа бодол, захиалгыг төрийн болгох тэр төлөөлөл нь хурдан ажилдаа орох ёстой гэж үзээд маргаан үүсгээгүй болов уу. Миний хувьд тийм бодлоор л маргаан үүсгээгүй.  Бусад хүмүүсийн хувь ч адилхан байх.  Бодит байдалд  сонгууль дэндүү эрээ цээргүй цаасан дээрх ажил болж өнгөрсөн.

- Үнэхээр тэр луйвар булхай нь танай тойрогт болсон гэж хэлэх гээд байна уу?

- Жинхэнэ шударга сонгууль болж, сонгогчдын санаа бодол сонгуулийн дүнгээр бүрэн илэрхийлэгдсэн гэж үзэхгүй байна.   Яг үнэнийг хэлэх юм бол миний саналыг ч бас луйвардсан гэж бодож байна.

- С.Эрдэнийг шүүхдэлцээд байгаа. Шүүхийн шийдвэр  С.Эрдэнийн эсрэг гарвал дахин сонгууль болох байх. Тэгвэл та өрсөлдөх үү?

 - Дахин сонгууль болсон тохиолдолд нэр дэвшихээ илэрхийлнэ.

- Засгийн газрын тэргүүн огцрох үед өмнөх Ерөнхий сайд нь үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг. Мөн Засаг дарга томилогдоогүй  байхад ч дараагийн Засаг даргыг томилогдтол өмнөх нь мөн үүрэг гүйцэтгэдэг. УИХ-д тийм боломж байдаггүй юм уу. Өөрөөр хэлбэл дараагийн УИХ-ын гишүүний бүрэн эрх тодорхойгүй байгаа тохиолдолд өмнөх сонгогдсон гишүүд нь дараагийн гишүүдийг ажлаа автал сонгогчдын төлөөлөл болоод үүрэг гүйцэтгэж  байж болдоггүй юм уу?

- Их  л зовлонтой  асуудал л даа. Нэг талаасаа бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байдаг. Нөгөө талаасаа  сонгогдсон хүн нь төлөөллийн бүрэн эрхээ эдэлж чадахгүй байгаа энэ орон зайг юугаар нөхөх вэ гэдэг асуудал  байна. Нэг талаас үүрэг гүйцэтгэнэ гээд улиран сонгогдоогүй хүмүүс УИХ-д олон байх нь тийм сайн зүйл биш. Сонгогдсон хүмүүсийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх нь нэн  тэргүүний асуудал  байх ёстой. Иймэрхүү байдлаар яваад, ийм жишиг тогтвол хууль бусаар засаглалыг барих жишиг тогтож,  ардчилсан сонгуулийн утга учир алдагдаж,  Монголын ардчилалд  бодит аюул тулгарах болно. Ирсэн шигээ явж чаддаг, явсан шигээ ирж чаддаг байх ёстой.

- Та энэ үгийг Н.Баяртсайханд зориулж хэлэв үү, эсвэл өөртөө хамаатуулж хэлж байна уу?

- Аль алинд нь хамаатуулж байна.

- Үүсээд байгаа нөхцөл байдал  хуулийн цоорхой юу. Үүнийг өөрчлөх боломж бий юу?

- Хуулийн хийдэл гэхээсээ илүү хуулиас давсан эрх мэдэлтнүүдийн тэр гаргаж байгаа авирыг  зогсоох механизм хуульд үгүйлэгдэж байгааг харуулж байгаа юм. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиудад процессын хуулийн дутагдал маш олон зүйл дээр анзаарагдаж байна.

- Олонхийн санал авсан нэр дэвшигчид  түр үнэмлэхээ авсан байгаа. Маргаантай байгаа нэр дэвшигчдээс бусад нь  УИХ-даа сууж байх боломж  байгаа юу?

- Тийм хууль эрх зүйн боломж байхгүй. Хуульд өөрчлөлт оруулбал юу юм гэхээс миний хувьд нэгэнт олонхийн санал аваагүй бол УИХ-д суух нь зөв гээд үүрэг гүйцэтгэнэ гэж хэлж чадахгүй ээ. Хамгийн гол нь төрд төлөөллөө сонгосон баянголчууд эрхээ зөрчүүлээд ингэж байж болохгүй. Өнөөдөр хуулиас давсан албан тушаалтны шийдвэр, журам гарах болж. Ийм хуулиас давсан шийдвэр журам бүхий  бичиг цаасыг  хогийн саванд хаях болсон нь харагдаад байна.

- Тэгээд баянголчуудын эрх зөрчигдөж байгааг яах болж байна?

- Нэг бол зоригтойгоор  сонгууль дахин  хийх хэрэгтэй. Үгүй бол сонгогдсон төлөөллийг УИХ-д нь суулгаж, бүрэн эрхийг нь баталгаажуулах ёстой. УИХ санаачилгаараа энэ асуудлыг анхааралдаа авах ёстой.   Харин    хэн нэгэн нэр дэвшигчийн саналыг хүчинтэй буюу хүчингүй гэж тооцвол тухайн саналын хуудсан дээр хамт дугуйлагдсан хамт дэмжигдсэн саналын  тоо хэмжээ, хувь өөрчлөгдөх нөхцөл байдал үүснэ. Энэ нь сонгуулийн дүнг тэр чигээр нь  өөрчлөх нөхцөл бий болгох учраас 25 дугаар тойрогт хамгийн  олон санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцох ёстой шүү дээ. Эс бөгөөс дахин сонгууль хийх л зам байна.

- Та Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга.    Орон нутгийн сонгуулиар  дүүрэгт хэдэн төлөөлөгчтэй болсныг эс тооцвол  ялагдал хүлээсэн. Энэ юутай холбоотой вэ?

- Монгол Улс 40 сая малаа тоолж чадаж байгаа хэрнээ гурван сая хүрэхгүй хүн ам, тэднээс нэг сая таван зуун мянган сонгогчоо тоолж чадахгүй байна. Олон хүчин зүйлийн нөлөөгөөр сонгуулийн үр дүн гарч байгаа. Гэхдээ ганц хүчин зүйлийг хэзээ ч хүлээн зөвшөөрмөөргүй байгаа юм. Тэр нь сонгогчийн өгсөн санал бодит утгаараа гарахгүй байна. Сонгогчийн санал үнэнээрээ гарах   тэр нөхцөл боломжийг бий болгох ёстой. Хуурамч иргэний үнэмлэх, сонгогчийн саналыг зохиомлоор бий болгох  зэрэг бодитой бус эрх  мэдлээр далайлган  хэрэгжүүлж байгаа сонгуулийг хүлээн зөвшөөрч болохгүй. Нийслэл хотод УИХ-ын сонгуулийн дүнгээр 20 суудлаас МАХН дөнгөж долоог нь л авсан. Гэсэн хэдий ч орон нутгийн сонгуулиар 45 төлөөлөгчийн 36-г нь МАХН  авчихлаа. Богинохон хугацаанд ийм том өөрчлөлт сонгогчдын санаа бодолд орсон гэж бодохгүй байна.

Сая Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурал хуралдах үед МАХН-ын бүлэг Ардчилсан намын бүлгийг эзгүйд Засаг дарга, Иргэдийн хурлын даргаа сонгосон. ИТХ-аас биш бүлгийн хурлаас гаргасан  шийдвэрийг хууль зөрчлөө гэж үзээд Чингэлтэй дүүргийн Ардчилсан намаас Нийслэлийн Засаг дарга Т.Билэгтэд бичиг илгээсэн ч манай асуудал биш гэсэн нарийн бичгийн гарын үсэгтэй бичиг хариу илгээсэн байна лээ. Ийм байдлаар асуудлыг шийдэж байгаа нь нийслэл ирэх дөрвөн жил өөрчлөгдөж чадахгүй нь гэдгийг л харуулж байна.

- УИХ-ын сонгуулиас хойш Орон нутгийн сонгуульд өрсөлдөөд ялагдчихлаа. Цаашид улс төрөөс нэг хэсэг ангид байя гэсэн бодол байна уу?

- 2000 оны сонгуулиар Ардчилсан хүчин хавтгайдаа ялагдсан. Тэр үед зүгээр гаднаас нь дэмжээд очиж саналаа өгөх нь буруу. Харин хувь нэмрээ оруулах нь зүйтэй гэж  улс төр рүү хөл тавьсан. Тэр бодол минь одоо ч гэсэн өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа. Үүний төлөө  шаардлагатай тэр бүхнийгээ зольж энэ улс орныг өөдтэй явахад хувь нэмрээ оруулна гэж бодож байна.

Шударга бус явдлыг үгүй хийх, шударга ёсыг сэргээн тогтооход өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ дээ. Нэг удаагийн ялагдлыг мөнхийн ялагдалд тооцоод улс төрөөс гараад явна гэж байхгүй шүү дээ.

Д.Мөнгөндалай