Амьдрах хэв маяг 

Экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудын амьдардаг харш

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш 2009 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр  албан ажлаа хүлээлгэн өгнө. Тэднийх саяхан  Даллас хотод 2.1 сая ам.доллараар байшин худалдаж авсан бөгөөд Цагаан ордноос  тэнд очих юм байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч  ярилцлага өгөхдөө  Даллас хотод олны анхааралд өртөхгүй тайван амьдрах хүсэлтэй байгаагаа   хэлсэн. Гэхдээ зүгээр гэртээ суухгүй нь мэдээж. Ж.Буш дурдатгалын ном бичихээс гадна төрийн бус байгууллагатай ч болох гэнэ.

Японы Ерөнхий сайд асан Жуничиро Коизуми  Токио хотоос 70 километрийн зайтай орших Йокосука хотод байшинтай аж. Хоёр давхар, 114 ам.дөрвөлжин тайлбай бүхий байшинг экс Ерөнхий сайд эцэг эхээсээ өвлөн авчээ.  Энэ байшинг түүний өвөө  нь аавд нь өгсөн гэнэ. Гэхдээ одоохондоо тэнд  Коизумигийн охин дүү  амьдардаг юм. Дашрамд дурдахад дүү нь экс Ерөнхий сайдын хувийн нарийн бичгийн даргаар ажилладаг.  Жуничиро Коизуми хааяа энд  ирдэг   бөгөөд  Ж.Бушийн өгсөн  бэлэг байдаг гэнэ. Хөгжим сонирхдог түүнд АНУ-ын Ерөнхийлөгч 1950-иад оны дууны цомгийг бэлэглэсэн байна.  Хээл хахуулийн хэрэгт холбогдож байсан Ж.Коизуми маш даруухан амьдардаг, хувьдаа машингүй гэнэ.  1972 оноос хойш  хууль батлах дээд байгууллагын гишүүнээр тасралтгүй сонгогдсон тэрбээр өдгөө Токио дахь парламентын гишүүдийн орон сууцанд амьдардаг юм.

АНУ-ын Ерөнхийлөгч асан  Билл Клинтон төрийн тэргүүний ажлаа өгснийхөө дараа хоёр  байшин худалдаж авсан.  Нью-Йорк хотын ойролцоо Чаппакуа хэмээх хотод байдаг харшаа 1.7 сая ам.доллараар авсан гэдэг.   Энэ байшин нь 11 өрөөтэй. Таван унтлагын өрөөтэй уг харш нь   хоёр машины гарааштай. Хоёр дахь байшин нь Вашингтонд байдаг бөгөөд гурван сая ам.доллараар худалдаж авсан байна.  Түүнийгээ удахгүй  Төрийн нарийн бичгийн даргын ажлыг авах гэж байгаа Хилларид зориулан авчээ. Учир нь экс Сенатын гишүүн  ихэнхдээ Вашингтонд байдаг.

Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр 2004 онд 3.5 сая фунт стерлингээр Лондон хотын Коннот-сквер талбайн хажууханд байдаг  XVIII зуунд баригдсан таван давхар харш худалдаж авсан. Түүнээс гадна  Сежфилд байшинтай, мөн Бристол хотод хоёр ч байртай. Энэ жил дөрвөн сая фунт стерлингээр  Бкингемширт бас нэг  харш авсан гэдэг.

Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак албан ажлаа өгснийхөө дараа эхнэр Бернадеттийнхээ хамт 180 ам.дөрвөлжин талбай бүхий хоёр давхар харш  авчээ. Сена голын эрэг дээрх байшингийнх нь цонхоор алдарт Лувр харагддаг гэнэ. Жак Ширак мөн Коррезд XVI зуунд баригдсан харштай. Гэхдээ  түүнийгээ 1969 онд буюу Францын Ерөнхийлөгч болохоосоо өмнө худалдан авсан юм байна.

Харин Гүржийн Ерөнхийлөгч асан Эдуард Шеварднадзе Тбилис хотын төвд "Крцаниси" дүүрэг дэх нэгэн харшид амьдардаг. Тэдний байшинг  1949 онд Лаврентий Бериягийн захиалгаар барьжээ. 44 гектар газар эзэлдэг тус дүүрэгт дөрвөн харш байдгаас нэг нь экс Ерөнхийлөгчийнх юм. М.Саакашвили Ерөнхийлөгч болсноосоо хойш Крцаниси  дүүрэг дэх Э.Шеварднадзегийн харшаас бусдыг нь  Нью-Йоркийн нэгэн компанид худалдсан.  Гүржийн экс Ерөнхийлөгч нь Крцаниси дахь харшдаа хамгаалалт, тогоочийг нь эс тооцвол ганцаараа амьдардаг аж.