Эх нутгийнхаа хөрсөн дээр хүн хоёр хөлөөрөө бат зогсох ёстой, харин нүд нь бүх дэлхийг харж байвал зохилтой!

Бүлэг дээрэмчдийг илрүүлжээ

Орой үдэш ганц, хоёулаа явж байсан хүмүүсийг зодож, дээрэмддэг танхай этгээдүүдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн илрүүлжээ.

Багахорол, Отгонбат, Бэмүүлэн, Гантулга, Батцэнгэл гэсэн 18-20 насны эдгээр таван залуу Сэлэнгэ аймгаас ирцгээсэн байна. Тэдний нэг нь Монгол Улсын боловсролын их сургуулийн оюутан аж. Тэд уржигдар 23 цагийн үед хүн дээрэмдэж байгаад цагдаа нарт баригджээ. Хөдөөнөөс ирээд 20 гаруй хонож байгаа хэмээн мэдүүлээд байгаа танхай этгээдүүд энэ хугацаанд хэд хэдэн хэрэг үйлдсэн гэнэ.

Одоогоор тэдэнд дээрэмдүүлсэн гэх гурван хохирогч тогтоогдсон байна. Тэднийг I хорооллын 81 дүгээр сургууль, дүүргийн шүүх, "Хархорин" захын орчмын харанхуй газраар ганцаараа явж байхад нь зодож, сүрдүүлэн гар утас, үнэт эдлэл, мөнгө зэргийг нь дээрэмджээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа учир харуй бүрий цагаар явж байгаад танхай этгээдүүдийн гарт өртөж, хохирсон иргэн байвал дүүргийн цагдаагийн хэлтэст хандахыг байцаагчид сануулж байлаа.

Мөн тус дүүргийн цагдаа нар хуурамч онцгой албан тэмдэггүй 40 гаруй шил архийг илрүүлж хураасан байна. II хороонд үйл ажиллагаа явуулдаг "Их сүжигт" компанийн дэлгүүрээс "Ерөөлт" хэмээх ямар ч акцгүй архийг 2500 төгрөгөөр борлуулж байжээ. Дэлгүүрийн эзэд цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ "Архийг "Бөмбөгөр" худалдааны төвөөс бөөндөж авчирсан" хэмээсэн гэнэ.

М.Мөнхцэцэг