Сонгуулийн дүн - VII/1 

Уйлахад барьдаг боллоо. Дуулахад яадаг бол?

Иргэд жагсаал цуглаан хийж санал бодлоо илэрхийлдэг асан сайхан цаг улиран одоод удаж байна. Өнгөрсөн зуны долдугаар сарын 1-ний жагсаалд очсон хүмүүс бүгд баригдан шоронд хоригдоод дууслаа.

Тэр хүмүүсийг шоронд хориод өнгөрөөсөн  нь харин төр засгийн энэрэнгүй бодлого үйлчиллээ гэж ойлгогдож байгаа. Яагаад гэвэл жагсаал болдог шөнө эрх баригчид ан авлаж байгаа мэт иргэдээ элдэн  буудан унагаж  байсан. Жагсаал хийсэн хүмүүсийг бүгдийг нь буудвал буудах л байсан.

Хүмүүс жагсахаас айдаг боллоо. Тэгээд тайван суулт хийж, дэмий юм ярьж хэрэгт орчихвий гэсэндээ  амаа скочдон дуугүй байцгаав. Гэтэл энэ нь ч эрх баригчдын сүнсийг зайлуулчихаа алдав. Дув дуугүй суулт хийж байсан Г.Арслан, А.Саруул тэргүүтнийг даруй барьж арван дөрөв хоног баривчиллаа. Баривчлаад өнгөрөөсөн нь их юм.

Төрийн төлөөлөгчид буугаа сумлан "чамайг буудаж алчихаад акт бичээд өнгөрүүлнэ. Чиний амийг нэхэх хэн ч байхгүй" хэмээн цовхчиж байгаа энэ  ширүүн  үед харин ч хүнлэг энэрэнгүй хандсан нь тэр биз ээ.

Одоо сүүлдээ "Төрийн яаманд орж ирэн нүгэлт хар нулимсаа унагав" хэмээн уйлсан хүнийг хүртэл баривчилж байна. Чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан яг ийм үндэслэлээр хоригдлоо. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яамны нээлттэй хаалганы өдрөөр нь  "Ард түмний хүүхдүүдийг харсаар байгаад шоронд явуулмааргүй байна. Тэднийг  бодохоор өрөвдөөд байх юм" гэж ирээд нэг их уйлсан. Тэрийг нь хараад  зэвүү нь хүрч уурласан эрх баригчид Г.Баасанг 14 хоног хорихоор шийдэв. Одоо тэгээд яах вэ нөхөд өө. Жагсч ч болдоггүй, дуугүй суулт хийж ч болохгүй. Бүүр сүүлдээ уйлж ч  болохоо болилоо.

Ард түмний амьдрал хүнд байна Ерөнхий сайд аа,

Алаг хонгор үрс минь шоронд байна Нямдорж сайд аа  гээд дуулаад үзвэл яах бол. Бас л бариад явчихдаг болов уу.

Ж.Сандагдорж