Нийтлэл 

Эрдэнэ баавай, эрдэмтэн Пэрлээгийн тоонот нутаг

Хэнтий аймгийн Биндэр сум гэхээр нэрт зохиолч Батын Нямаагийн "Араараа модтой Биндэрьяа" роман юуны түрүүнд санагддаг. Биндэр сумын нэгдлийг байгуулж тэндээ 14 жил даргаар нь ажилласан болохоор түүнийг "Биндэр"-ийн хэмээн овоглодог ч Б.Нямаа зохиолч зэргэлдээх Батширээт сумын уугуул хүн юм билээ.

Сумын түүхийн он цагийн дарааллыг сонирхвол, халхын Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу гэж 1680-аад оноос хойш нэрлэгдэх болсон юм байна. Хамаг Монголын ханлиг Чингэс хааны гал голомт, Их Монгол Улсын тулгар төрийн тоонот нутаг хэмээн түүхийн сурвалж бичиг, судлаачдын бүтээлд тэмдэглэсээр иржээ. Эл хошуу нь Онон, Хурх, Эг, Барх, Угалзар Тэнгилэг, Уужим, Жавхлант, Урт, Гурван Манхаадай зэрэг өргөн уудам нутгийг хамарч, Сэцэн хан аймгийн 25 хошууны 16-тай нь хил залган, хүн амынхаа тоогоор аймагтаа томоохонд ордог байжээ. Олноо өргөгдсөн Монгол Улсын 12 дугаар (1922) оны өвлийн эхэн сарын 27-ны өдөр Ардын нам, Засгийн газраас Хан Хэнтий уулын аймгийн Шадар сайд, Эрдэнэ дайчин жонон засаг дарга, хошой чин ван Цогбадрахын хошуу хэмээн нэрийдэх болсон байна. 1923 онд Ардын Засгийн газрын тогтоолоор Хөвчийн жонон вангийн хошууг Хан Хэнтий уулын аймгийн Биндэрьяа хан уулын хошуу хэмээн 10 сумаар зохион байгуулж, хошууны төв Биндэрьяа нь Онон-Хурхын бэлчир, Хурх голын хойд хөвөөнөө төвлөрчээ. Хожим 1931 онд УБХ-ын тогтоолоор хошуудыг татан буулгаж сумдыг бие даалган байгуулахад Биндэрьяа сум хэвээр үлдсэн байна.

1960-аад онд Онон-Хурхын гол айхтар үерлэхэд сумын төв усанд тэр чигээрээ автаж одоогийн байгаа газар руугаа нүүдэл хийжээ. Тэр үерээс хүмүүс золтой зугтаж өндөрлөг газар бараадсан агаад хашаа байшингууд нь тэр чигтээ урсаж одсон гэлцдэг. Биндэр сум Монгол орны хилийн хойд хэсэгт Хэнтийн нурууны зүүн салбар уулсын өвөр, ойт хээрийн бүсийн үзэсгэлэнт 536 мянган га газар нутгийг хамарч, ОХУ-ын Чита муж, Хэнтий аймгийнхаа Дадал, Баян-Адарга, Батноров, Хэрлэн, Өмнөдэлгэр, Батширээт сумдтай хил залган оршдог. Далайн түвшнээс дээш 1049 метр өргөгдсөн. Сумын төв нь нийслэлээс 406, Өндөрхаан хотоос 180 км алслагдсан томоохон суурин. Энэ сум Хэнтий аймагтаа байтугай нийслэлийн захын хорооллуудад ч байхгүй гудамжны гэрэлтүүлэгтэй, төв зам нь жигтэйхэн сайхан хашлагатай, сумын таних тэмдэг болсон "Цагаан хаалга"-тай, өндөр хүчдэл бүхий Алтай, Цэцэрлэг хотуудтай дүйцэхүйц том сум юм билээ. Өнгөрөгч сард тус суманд зүүн бүсийн гурван аймгийн физикийн олимпиад зохиогдож байсан. Сумын сургууль нь төрийн шагналт, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн нэрэмжит. Монголын утга зохиолын хүүрнэл үгийн нэрт мастер Эрдэнэ баавай "Сэрүүн дуганы мөхөл" тууж болон олон сайхан өгүүллэгтээ унаган нутаг усныхаа тухай нүдэнд харагдаж, сэтгэлд буутал дүрсэлсэн байдгийг уншигчид юу эс андах билээ. Биндэрьяа нутагт Номхон далайн усны савд багтах уулын түргэн урсгалт Онон, Хурх, Балж, Хөмөл, Шуус зэрэг том жижиг гуч гаруй гол горхи, Цэгээн, Булан, Холбоо, Цэмбэл, Цагаан нуур гэх мэт хорь шахам нуур цөөрөм бий. "Монголын нууц товчоон"-д гардаг Цэгээн нуур ч энд байдаг гэж нутгийн унаган хүү Дарамбазар хууч хөөрч байсан. Ой хээрийн бүсэд нь хар мод, хуш, нарс, хус, улиас, гацуур, жодоо модод, Онон, Балж, Хөмөлийн сав газраар үрэл, мойл, улаалзгана, долоогоно, хад, үхрийн нүд, гүзээлзгэнэ, нэрс гээд жимс жимсгэнэ элбэгтэй. Намар энэ нутагт очсон хүн бол диваажингийн оронд тарвалзана л гэсэн үг. Зочломтгой буриад зоны мойлтой цөцгий, нутгийнхны барьдаг талх хоёр нь гэхэд л арааны шүлс асгармаар брэндүүд юм. Ой тайгад нь баавгай, буга, хандгай, гахай, шилүүс, хүдэр, бор гөрөөс, зээх, булга, чандага, жирх, чоно, үен, солонго, дорго, тарвага, үнэг, хярс, мануул гээд байхгүй амьтан нэгээхэн ч үгүй. Хур, сойр, хүтүү, ятуу, нугас, галуу, хун бүхий л зүйлийн шувуудын чуулгантай. Сумын төвийн баруухантай орших Цагаан нуурын хөвөөнд аравдугаар сарын эхээр очих үед 200 гаруй хун чуулсан нь үнэхээр нүд баясгаж байсан сан. Хунгууд хос хосоороо усны мандалд зүүрмэглэж байгаа болов уу гэлтэй анир чимээгүй, ямар ч хөдөлгөөнгүй. Тэднийг зориуд үргээхгүй бол тавь, жаран алхам ойртсон ч нисдэггүй юм билээ. Хүмүүс хунгийн чуулгантай зургаа авахуулах үүнээс ч ойрхон очдог гэсэн. Гол мөрдөөр нь тул, зэвэг, цурхай, гутаарь болон олон төрлийн загас жараахайтай. Нэгэн цагт Тэмүжин хүү Онон голын загас жараахай гохдож, өнчин хэдэн дүү, Өэлүн хатан ээжээ тэжээж байв гээд өгүүлдэг дээ. Бодоход тэр загас жараахайн үр сад одоо ч энд амьдардаг байх нь. Биндэр сум халх, буриад, хамниган, сонгоол зэрэг ястан үндэстэн 3600 гаруй хүн ам, 110-аад мянган малтай.

Ерөнхий боловсролын сургуульд нь Дадал, Баян-Адарга, Батширээт зэрэг тойргийн сумдын хүүхдүүд суралцдаг. Эрүүл мэндийн төв нь ч бас сум дундын эмнэлгийн статустай. Саяхан энэ сумынхан "Араараа модтой Биндэрьяа" романы хөшөөг босгосон гэсэн. Биндэр сум үе үеийн алдартнуудын өлгий гэдгээрээ алдартай. Монгол Улсын Ерөнхий сайд асан, Дэлхийн монголчуудын холбооны ерөнхийлөгч, доктор Д.Бямбасүрэн, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, "Зууны манлай дуурийн дуучин", профессор Ц.Пүрэвдорж, төрийн шагналт, ардын уран зохиолч, өгүүллэгийн их инжаан Сэнгийн Эрдэнэ нар энд эхээс мэндэлж, эрийн цээнд хүрчээ. Цааш дурдвал, хөдөлмөрийн баатар, улсын хошой аварга саальчин Ж.Доржханд, С.Аюуш, Дэлхийн ардчилсан эмэгтэйчүүдийн VI их хурлын төлөөлөгч, тус холбооны тэргүүлэгч гишүүн, Сүхбаатарын одонт саальчин Н.Цэвэлмаа, Элчин сайд, шинжлэх ухааны доктор Ц.Гүрбадам, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, самбо барилдааны дэлхийн хошой аварга, улсын начин, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, гавьяат нэгдэлчин, улсын хошой аварга малчин С.Цэнд, Монгол Улсын гавьяат багш Н.Даваажав, П.Дуламсүрэн, Ж.Төмөрмуна, гавьяат тээвэрчин Нямын Ширмэндугар, хэдийгээр Биндэр нутгийн уугуул биш ч амьдралын алтан сайхан үеэ энэ нутагт үдсэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Батын Нямаа нараараа бахархах хүн олон. Б.Нямаа гуайн алдарт шатарчин хүүхдүүд (Н.Төмөрхуяг, Н.Төвсанаа, Н.Түмэнбаяр, Н.Түвшинтөгс, Н.Тунгалаг нар) бүгд Биндэр суманд төрсөн юм билээ. Эрдэмтэн зохиолч, түүхч археологич "Хөдөөгийн" хэмээн алдаршсан Дамдины Пэрлээ чухам энэ сумаас төржээ. Түүний зохиосон

"Цэнхэр дурдан алчуураа

Цэцэг навчаар гоёлоо доо" гэсэн гайхамшигтай дууг Монголын үе үеийн алдарт дуучид дамжуулан дуулсаар ардын дуу болгосон гэлтэй. Биндэр сум аймагтаа зохиогддог "Намрын баяр" үзэсгэлэн худалдаанд сүүлийн хоёр жил дараалан нэгдүгээр байрт орсон байна. Биндэр сумын нутаг дэвсгэрт эртний буурал түүхийн мөр улбаа элбэг байдаг. Бөө мөргөлийн холбогдолтой "Могойн бичигт хад", Хүннүгийн үеийн хаад, баатруудын булш, Хадат толгойн булш, Их хуралдайн гэрэлт хөшөө, бурхан урлаж байсан зуухны туурь, Сэрүүн дуган, Хөшөөн дэв хүн чулуу зэрэг түүх дурсгалын олон гайхамшигт олдвор байдаг. Наймдугаар Богд Жавзундамба хааны сүүлчийн хатан Гэнэнпил хэмээх үлэмжийн сайхан бүсгүйн төрсөн тоонот Биндэр суманд бий. "Сэхээтний төөрөгдөл"-д өртөн хилсээр хэлмэгдсэн "япон" Цэнд хэмээх соён гэгээрүүлэгч Биндэрт нутаг заагдан сууж байсан тухай судлаач Дарамбазар тусгай ном болгон хэвлүүлсэн байна лээ. Нарны зөөлөн аялгуу нам гүмхэн хоргодсон намар ахуйд аялан явах цагт яруу сайхны агаар ижилдсэн гэрэлт шүлэгч Балдансодномын Энхжаргалын найраг шиг дотнохон л байна даа, Биндэрьяа нутаг.

Л.Батцэнгэл