Монгол, Оросын энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургууль эхэллээ
Орос цэргүүд ирлээ. Хуучин ЗХУ-ын цэргийн ангиуд 1990-ээд оны эхээр манай улсаас гарснаас хойш тэдний бараа үзэгдээгүй гэж хэлж болно.
Арав гаруй жилийн дараа буюу хойд хөршийн цэргийн бие бүрэлдэхүүн уржигдар ирэв. Тэд хоёр улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу арваннэгдүгээр сарын 1-нээс 30 хоногийн туршид хамтын нөхөрлөлөө сэргээн энхийг сахиулах ажиллагааны хээрийн сургууль хийхээр ирж байгаа юм. Цэргүүд Монгол Улсын Засгийн газрын 335 дугаар тогтоол, ОХУ-ын Засгийн газрын 1363 дугаар захирамжийн дагуу сургуулилтаа хийх аж.
Хээрийн сургуулилтын гол зорилго нь "Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэвсэг техникийг сэргээн сайжруулахад оршиж байгаа аж.
Мөн бие бүрэлдэхүүний чадавхийг нэмэгдүүлэх, нэр хүндийг өргөхөд чиглэжээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюковын Монголд хийсэн айлчлалын үеэр энэ талаар анх ярилцсан байна. Энэ нь олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд цэрэг, цагдаагийн албан хаагчдыг оролцуулах тухай, гадаадын цэргийн хүчийг Монголын нутагт байрлуулах, дамжуулан өнгөрүүлэх тухай хуулиудад нийцэж буй гэнэ.
Энхийг сахиулах ажиллагаанд оролцогчид манай улсын зэвсэгт хүчний зэвсэг техникийг сэргээн сайжруулах, засварлах зорилгоор "Дархан-1" нэртэй хамтарсан хээрийн сургууль хийхээр болсон байна.
Ингэж нэрлэхийн учир нь Монголын зэвсэгт хүчний техникийг сэргээн засварлах дархны ажил хийх аж. Цаашид үргэлжлэх энэ ажилд Оросын талаас багагүй хэмжээний хөрөнгө гаргана. Тиймдээ ч гурван тэрбум төгрөгийн өртөг бүхий сэлбэг хэрэгсэл авчирчээ. "Дархан-1" сургуулилтаар авто, хуягт танк, пуужин, артиллер, холбооны техник хэрэгсэл, инженерийн техник хэрэгсэл, мөн манай зэвсэгт хүчинд байгаа бусад техник хэрэгслэлийг хэмжилтийн зургаан төрлөөр засварлан баталгаажуулах юм байна. Үүнд манай талаас 321 сая төгрөг төсөвлөжээ.
Хамтарсан сургуулийг Төв аймгийн Зуунмодын бүсэд Зэвсэгт хүчний 016 дугаар анги, Эрдэнэтийн бүсэд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хийхээр болжээ. Монголын талаас таван ангийн бие бүрэлдэхүүн зэвсэг, техниктэйгээ сургуулилтад оролцоно. Мөн манай талаас удирдлагын бүлэг, сэргээн засварлах батальоны бие бүрэлдэхүүн, ажлын хэсгийн 250 хүн, ОХУ-ын талаас дээрх чиглэлийн 450 хүн оролцох юм. Цэргүүдийн хүнс, хувцас, бусад аж ахуйн зардал 180-200 сая төгрөг байхаар тооцоолжээ. Оросын тал зардлаа бүрэн даах аж.
М.Мөнхцэцэг

