Эх нутгийнхаа хөрсөн дээр хүн хоёр хөлөөрөө бат зогсох ёстой, харин нүд нь бүх дэлхийг харж байвал зохилтой!

БСШУ-ны сайдыг огцруулах тухай албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлэхээр шийджээ

МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны төв зөвлөл, түүний салбар зөвлөл өнгөрсөн хавар явуулсан.

Шалгаруулалтаар тус сургуулийн  Хууль зүйн сургуулийн дэд захирал Л.Лүндэндорж, Эдийн засгийн сургуулийн захирал Ч.Хашчулуун, профессор Т.Чулуун, Эдийн сургуулийн багш Р.Энхбат нар сонгогдож тус сургуулийн захиралд нэр дэвшээд байгаа. Энэ дөрвөн хүний аль нэгийг МУИС-ийн захирлаар салбарын сайд нь томилно. Гэтэл одоог хүртэл БСШУЯ энэ ажлыг бүрэн шийдэхгүй байгааг эсэргүүцэн МУИС-ийн багш нарын холбоо өчигдөр сэтгүүлчдэд хандлаа. Хэвлэлийн бага хурлын үеэр тус сургуулийн багш нарын холбооны дарга, түүхийн ухааны доктор Д.Сүхбаатараас тодруулга авав.

- МУИС-ийн захирлыг томилох асуудлаар БСШУЯ уржигдар хуралдсан. Эндээс ямар шийдвэр гарсан бол?

- Манай сургуулийн багш нарын холбоо БСШУ-ны сайд Ё.Отгонбаяртай өнгөрсөн даваа гаригт уулзахад тэр "МУИС-ийн захирлыг томилох ажлыг яамны коллегиор хэлэлцэнэ" гэсэн. Харин тэр коллеги нь яаж хуралдаад, ямар шийдвэр гаргасныг бид мэдэхгүй. Гэхдээ сонин хэвлэлд гарч  байгаа мэдээллээр бол их сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох гэж байгаа бололтой. Энэ нь ортой болж байна. Учир нь энэ сарын 8-нд Ё.Отгонбаяр сайд өөрийн нэр дээр МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох зорилгоор  Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ) руу "Зөвлөгөө дүгнэлт гаргуулах тухай" гэсэн албан тоот илгээсэн байгаа юм. Хуулийн дагуу төрийн албаны төв зөвлөл, түүний салбар зөвлөл захирлын сонгон шалгаруулалтыг хянан шийдвэрлэхээр тусгасан байдаг. Ё.Отгонбаяр сайдад энэ талаар гомдол, маргаан байгаа бол зүй тогтлоороо Төрийн албаны зөвлөлд хандах ёстой.

Гэтэл ХЗДХЯ-нд дээрх албан тоотыг илгээжээ. Уг яам Ё.Отгонбаяр сайдын  хууль зөрчиж буй үйлдэл хийж байгааг нь сануулахын оронд түүнийг дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэлтэй мэтээр ойлгогдох дүгнэлтийг ХЗДХЯ гаргажээ. Манай багш нар өмнө нь Ё.Отгонбаяр сайдтай хоёр удаа уулзсан. Тэгэхэд намчирхсан, үзэл бодлоор нь ялгаварласан байр сууринаас бидэнд хандсан. Тиймээс Ё.Отгонбаяр сайд бол академик боловсролыг дэмжиж, МУИС-ийг хөгжүүлэх, боловсролын шинэчлэл хийх сайд биш юм байна гэдгийг ойлгож байна. Сайд нэг сургуулийн захирлыг томилох ажлыг намын асуудал мэт үзэж улстөржүүлээд байх юм.

- БСШУ-ны дэд сайд С.Төмөр-Очирыг МУИС-ийн захиралд томилох тухай яригдаад байгаа гэж сонссон. Энэ үнэн үү?

- С.Төмөр-Очир гуайг дэд сайдынхаа суудлаас "унахаараа" их сургуулийн захирал болно гэсэн яриа байгаа. Ер нь нэг албан тушаалаас нөгөөд нь шилжиж, шинэ сайд нь өмнөх сайдынхаа хийсэн зүйлүүдийг хүчингүй болгодог ийм хуулийг уландаа гишгэсэн асуудал байж болохгүй. С.Төмөр-Очирыг бид захирлаараа хүлээж авахгүй. Энэ хүн МУИС-ийн захирлаар хууль бусаар ирж байна гэсэн үг.

- МУИС-ийн багш нарын холбоо захирлыг томилох асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Цаашид энэ асуудал шийдэгдэхгүй бол яах бол?

- Сонгон шалгаруулалтаас манай сургуулийн захиралд нэр дэвшсэн дөрвөн хүний нэгийг сайд өөрөө хууль дээдлэн шударгаар сонгоосой гэсэн байр суурьтай байна. МУИС-ийн захирлаар хэнийг томилох нь чухал биш. Зөвхөн Төрийн албаны тухай хуулийн дагуу явагдсан сонгон шалгаруулалтын үр дүнд үндэслэн томилгоог хийх хэрэгтэй байна. Бидэнд БСШУ-ны сайдын манай сургуулийн захирлыг томилох эрхэнд нөлөөлөх бодол байхгүй. Манай багш нарын холбоо БСШУ-ны сайд Ё.Отгонбаярыг боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарыг удирдах ёс суртахууны эрхээ алдсан гэж үзэж, ирэх арваннэгдүгээр сарын 1-ний дотор огцрохыг шаардсан албан бичгийг Ерөнхий сайд С.Баярт илгээхээр шийдээд байна.  МУИС-ийн багш нарын холбоо өнгөрсөн оны дөрөв, тавдугаар сард тус сургуулийн захирал Ц.Ганцог болон дэд захирлуудыг огцруулах шаардлага тавьсан. Үүний дагуу санхүү, сургалт эрхэлсэн дэд захирлууд огцорч, Ч.Ганцог огцрох өргөдлөө өгсөн байгаа. Ингээд МУИС-ийн захирлыг сонгон шалгаруулах ажил эхэлсэн. БСШУЯ, төрийн албаны зөвлөл  хуулийн дагуу ажиллаж сонгон шалгаруулалтыг шударга явуулсан. Нэгэнт шударга болсон шалгаруулалтаар дөрвөн хүн захиралд нэр дэвшчихээд байхад түүнийг хүчингүйд тооцуулахаар ярьж байгаа нь бусармаг үйлдэл гэж үзэж байгаа учраас ингэж шийдээд байна.

Я.Мөнгөнцэцг