Хөдөлгөөнт эргүүлийн найман машин ажилдаа гарлаа
Хөдөлгөөнт эргүүлийн газар шатахууны үнэ нэмэгдсэнээс болж найман машинаа зогсоолд тавихад хүрсэн юм. Тэгвэл сүүлийн өдрүүдэд хөдөлгөөнт эргүүлд иргэдээс ирэх дуудлага эрс өсч, ачаалал нэмэгдсэн байна. Тиймээс тус газар найман машинаа саяхнаас ажилд нь гаргажээ. Харин шатахууны асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд арван мянган төгрөгөөр шатахуунаа хийж байгаа нь хэвээр гэнэ. Нийслэлийн цагдаагийн 102 шуурхай дугаарт өдөрт 400-500 дуудлага ирдэг. Энэ дуудлагын 80 гаруй хувийг хөдөлгөөнт эргүүлийнхэн авч хэв журмыг сахиулдаг байна.
ИХ намыг удахгүй татан буулгана
ИХ намын дарга Ж.Батзандан, дэд дарга О.Магнай нар АН-д гишүүнээр элссэн. Тэдний үүсгэн байгуулсан ИХ намыг удахгүй татан буулгахаар болоод байгаа аж.
Энэ талаар тус намын удирдах зөвлөлийн гишүүн Э.Батбаяр тайлбарлахдаа, ИХ нам байгуулагдаад нэг жилийн хугацаа өнгөрсөн.Энэ хугацаанд намын гишүүнчлэл цөөнгүй болсон. Намыг татан буулгах асуудлыг ирэх аравдугаар сард болох чуулганаар шийднэ. Энэ үеэр намаа албан ёсоор татан буулгана. Одоо намын даргаар Б.Ичинноров ажиллаж байна гэлээ.
Насанд хүрээгүй жолоочийг шалгаж байна
Монголын мотоспортын холбооноос өнгөрсөн бямба гаригт зохиосон “WINSTON N1” автомашины уралдааны үеэр зам тээврийн ноцтой ослууд гарсан билээ. Ослын улмаас “Хюндай соната II” маркийн автомашины жолооч, 23 настай Б.Ганхуяг нас барж, Ж.Цэсэндэмид, О.Батболд, Б.Хүрэлчулуун, Б.Дашдаваа нарын дөрвөн зорчигч болон “Волскваген паурет” машины жолооч 15 настай эрэгтэй Г.Төгөлдөр нар гэмтсэн байна. Мөн энэ өдрийн 17.00 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сум, Хоолтын даваанд “Тоёото ВВ” маркийн 70-36 УБЗ дугаарын автомашины жолооч Г.Түвшинбаатар нь “Тоёото Креста” маркийн 04-35 УБЛ дугаартай автомашинтай мөргөлдөж, найман зорчигч гэмтжээ. Одоогоор тэмцээн болж байсан газраас холгүйхэн “Соната” машинтай мөргөлдсөн “Волксваген”-ын жолооч 15 настай хүү ганцаараа машин жолоодож очсон уу, эсвэл уралдаан болох газар очсон хойноо машинаа барьсан уу гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоохоор Багахангай дүүрэг болон Төв аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.

