Гэмт Хэрэг 

Хүний амь хохироочихоод цагдаагийн өмнөөс эсэргүүцэл үзүүлэв

Сүхбаатар дүүргийн VIII хорооны 36 дугаар байрны IV давхарт согтуу хүн хэвтээд байна гэсэн дуудлага нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн 227 дугаар чиглэлийнхэнд иржээ. Дуудлагын дагуу хэргийн газар очиж шалгахад 30 настай иргэн Х нас барсан байжээ. Түүний хоолойг боосон бололтой улаан сорви үүссэн байсан гэнэ.

Тэр даруй хэрэгтнийг эрэн сурвалжилж тус байранд амьдардаг 46 настай эрэгтэй Д.Болдбаатар нь талийгаачтай хамт гэртээ архи уун маргалдаж улмаар Х-г гутлын үдээсээр хоолойг нь боон амь насыг нь хохироож орцонд гаргаж орхисныг илрүүлсэн байна.

Эргүүлийн офицер, дэслэгч Д.Нямдорж Д.Болдбаатарын гэрийн хаалгыг цохиход тэрээр хаалгаа онгойлгож өгөөгүй бөгөөд тавьсан шаардлагыг нь биелүүлээгүй аж.  Энэ үед дэслэгч Д.Нямдорж доод талын айлынх нь тагтаар дамжин гэрт нь орсон байна. Гэтэл Д.Болдбаатар эсэргүүцэл үзүүлж урдаас нь зодолдож танхайрчээ. Ингээд мэргэжлийн ур чадвар үзүүлэн хэрэгтнийг баривчилж дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

П.Энэбиш