Архиар ард түмнийг айлгаж байна
Гэвч Монголын хууль гурав хоног гэгчээр өнөөдөр архины хор холбогдол, хөнөөлтэй тэмцэх тухай уг яриа замхрав. Харин ч бүр сонгуулийн сурталчилгааны хийрхэл дор архи зарах, түгээх явдал хяналтгүй боллоо. Архины томоохон үйлдвэрүүд борлуулалтаа сайжруулах, ашгаа нэмэх үүднээс Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг ч зөрчих болов. Юун нөгөө 15 хүний аминд хүрсэн хөнөөлт архины үйлдвэрлэл, хэрэглээг багасгах. Энэ нь зүгээр архины томоохон монополь үйлдвэрлэгчдээс манай улс төрчдийн зүгээс авах “авлига”-аа нэмэгдүүлэх хөшүүрэг болоод өнгөрөв үү дээ гэх хардлага ч байна. Манай улсын хэмжээнд хувь, хувьсгалын гэлтгүй бүхий л албан газруудад мөрдөх ёстой “Хөдөлмөрийн тухай хууль гэж байх. Харин энэ нь архины томоохон үйлдвэрүүдийн хувьд орлогыг нь боомилж буй тул үл мөрдөгдсөөр ирсэн гэсэн үг л дээ.
Ихэнх архины үйлдвэрүүдийн борлуулагчид хагас, бүтэн сайн хэмээн нэрлэж заншсан амралтын өдрүүдэд ажилласаар байгаа бөгөөд хотын захын дүүргүүдийн хүнсний дэлгүүрүүдийн гол орлогын эх үүсвэр нь архи. Үүнийг ч бид хаана хаанаа мэддэг. Уг нь дүүргүүд архидалтыг багасгах тухай санал санаачилга гаргаж архигүй өдөр гээчийг санаачилсан юм билээ. Гэхдээ энэ нь дүүргийн Засаг дарга нарын хувьд имижээ өсгөх гэсэн хоосон цуурай төдий зүйл. Баянгол, Чингэлтэй дүүрэг архигүй өдөр гэгчийг тэмдэглэдэг.
Гэхдээ хоёр алхамын наана цаана орших дүүргүүдийн хувьд энэ нь нэг өдөр Чингэлтэй нөгөө өдөр нь Баянгол дүүргийн хүнсний дэлгүүрүүдийн архины борлуулалт сайжрах арга хэмжээ болоод өндөрлөдөг. Энэхүү бяцхан жүжиглэлт нь өдгөө бүр АН-ын мөрийн хөтөлбөрт тусгагджээ. Энэ нь нийтээрээ архинд живээд буй монголчуудаа архинаас гаргах эцсийн хувилбар хэмээн тунхалаж хэвлэлээр сүржигнэхээ мартсангүй. Уг нь архидалтын эсрэг тэмцэх тухай асуудал намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт ороод явж байх ч юм биш. Архины хэт их хэрэглээ манай улсын хувьд 1980 оноос ихэсч, 1990 оноос огцом нэмэгдсэн. 2000 оны үед л энэ талаар дээр доргүй дуугарч эхэлсэн ч өнөөг хүртэл цэгцэрсэн юм алга. Өнгөрсөн хугацаанд ардчилсан нам төр барьж байх үедээ авч хэрэгжүүлэхгүй дуугүй байсан атлаа өдгөө хориглох тухай ярих нь хачирхалтай. Үнэндээ Ардчилсан намын томоохон лидерүүд архины наймаа, сүлжээний далд эзэд гэх хардлага өнөө ч бий. Манай улсын нэг хүнд ноогдох архины жилийн хэрэглээ 25 литр давсан. Гэтэл өнгөрсөн өвлийн хордлогын дараа архины томоохон үйлдвэрүүдийг хаах, цэгцлэх тухай яриа гарахад тэд юунд дуугүй байв.
Тэдний архигүй Монгол болох мөрийн хөтөлбөр тэр үед хэрэгжих нь яасан юм. Архины томоохон үйлдвэрүүдийн борлуулалт хийдэг шошиг хаяг бүхий машинууд амралтын хоёр өдрөөр зуслангийн түц, дэлгүүр бүхнээр архиа түгээсээр. Монголын нийт хүн амын 13,6 хувь нь архинд донтогсод. Гэтэл нийт Европ тивийн хүн амын таван хувь нь л архинд донтогсод байдаг. Хоёр сая гаруй хүн амтай манай улсын хувьд архи үнэхээр үндэсний эмгэнэл болоод байгаа. Төрийн эрх барилцах, барих хугацаандаа ардчилсан нам тэдний төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй.
Харин одоо сонгуулийн үеэр гэнэт ухаан орж архидалт хэмээх айдсаар ард түмнийг айлган сүрдүүлж бид та бүхнийг үүнээс салгаж өгнө гэж дүвчигнэх болов. Худлаа даа худлаа. Багануурын хордлогын дараа авч хэрэгжүүлсэн хорио цээрийг чангатгах тал дээр тэд энэ үгээ хэлж байсан бол үүнийг дэмжиж болохсон. Гэвч тэд дуугараагүй. Үнэхээр архидалтыг үгүй болгоё гэхээсээ өмнө архины томоохон үйлдвэрүүд нь амралтын хоёр өдрөөр борлуулалт хийхээ зогсооё. Энэ чинь л бид хэрэгтэй байна.
Д.Лхагва-Очир

