Нийгэм 

Тэсрэх бодисыг аюулгүй болгоно

Энэ ажилд 200 орчим цэргийн албан хаагч, 20 нэгж тусгай зориулалтын техниктэй оролцож байгаа аж. Зэвсэгт хүчний жанжин штабын тусгай үүргийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Л.Гантөмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

- Төслийн хүрээнд хичнээн газар нутгаар шалгалт хийх вэ?

- Бид ажлаа эхлээд Нийслэлийн есөн дүүрэг, Хэнтий, Дархан, Сүхбаатар зэрэг аймгуудад шалгалт хийлээ. Хайгуул устгалын бүлэг Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс онгоцны есөн бөмбөг, их буу, миномётын сум 52 ширхгийг олсон. Мөн Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрээс 22 ширхэг онгоцны бөмбөг, их буу миномётын 1050 гаруй сум олж аюулгүй болголоо.

- Ер нь аль нутгаас хамгийн их тэсэрч дэлбэрэх бодис илэрч байна вэ?

- Хуучин Орос цэргийн анги байсан газраас тэсэрч дэлбэрэх бодис илүү их илрэх хандлагатай байгаа. Ер нь бид ч гэсэн төслийнхөө хүрээнд Орос цэргийн анги байсан газруудыг сонгож авсан юм. Нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутгийн 400 мянган га талбайд хайгуул үзлэг хийж байна. Мөн төмрийн хаягдал, төмөр авдаг аж ахуй нэгжүүдийг бүгдийг нь шалгаж байгаа. Хүмүүс ердийн л төмөр гэж эндүүрэн сум их хэмжээгээр авсан байв. Энэ сумнууд хайлах зууханд орвол тэсрэх болно. Тиймээс төмөр авч тушаадаг газрууд шалгуулах сонирхолтой байгаа.

- Олдсон сумнуудыг яаж устгадаг юм бэ?

- Хүн ам төвлөрсөн газраас 2.5 км зайд аваачин тэсэлж аюулгүй болгож байгаа. Ингэснээр ямар ч хор уршиггүй болгож байгаа юм.

- Танайд тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг илрүүлэх багаж хэрэгсэл хангалттай байдаг уу?

- Сүүлийн үед энэ тал дээр зэвсэгт хүчин их анхаарч байгаа. Бидний хэрэглэж байгаа хэрэгсэл боломжийн. Гадаадын улс орнуудтай харьцуулахад боломжийн хэмжээнд хүрсэн. Долоон метр гүнд үлдсэн сумыг хүртэл илрүүлэх багаж хэрэгсэл байгаа.

Ш.Доржсүрэн