Иргэний нийгэм 

Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, УИХ-ын дарга Д.Лүндээжанцан, Ерөнхий сайд Санжийн Баяр танаа

Дэлхий нийтийг хамраад байгаа дулаарал, ган гачгийн нөлөө Монгол оронд маань ч тодорхой хэмжээгээр тусч байгааг бид харж байна. Элсний нүүдэл, цөлжилт, ган гачгийн улмаас гол горхи ширгэж эхэллээ.

Экологийн энэхүү аймшигт үзэгдэлтэй зэрэгцэн хүмүүс бидний бодлогогүйгээр хийж байгаа үйлдэл бүр эх дэлхий, байгаль орчинг сүйтгэж байна. Сүүлийн жилүүдэд дөрвөн уулын маань ой модыг огтолж, үүнийг дагаад гол горхи нь ширгэж байна. Энэ бүхнийг бид зүгээр хараад суух ёсгүй. Тиймээс ч Монголын экологийн зөвлөлөөс “Дөрвөн уулаа дархан цаазтай болгоё. Чингэлтэй хайрханаас эхэлье” гэсэн санаачилга гарган ард иргэдээс санал асуулга авлаа. Бидний санаачилсан ажлыг нийслэлийн 100 гаруй мянган иргэд дэмжиж байгаагаа илэрхийлэн гарын үсгээ зурсан юм.

Улаанбаатар хотыг тойрон байгаа дөрвөн их хайрхан хоорондоо харилцан хамааралтай экологийн нэгэн цул амь билээ. Харахад тус тусдаа дүнхийх ч нэг уулын модыг огтолбол нөгөө нь гандах, нэгийнх нь энгэр бэлээс урсах ус мөрөн татарвал бусад нь дагаад ширгэх тийм л амин шүтэлцээтэй уулс юм. Дөрвөн уулаа дархан цаазтай болгох ажлыг одоо л эхлэхгүй юм бол нийслэл орчмын экологи эргээд сэргэхгүйгээр алдагдах нь. Чингэлтэй хайрхан бол Сибирийн мөнх цэвдэгийн төгсгөл дор нь байдаг байгалийн өвөрмөц тогтоцтой, ан амьтан, ургамлаар баялаг уул билээ. Тиймээс энэ ажлыг нийслэлийн хойморт орших Чингэлтэй хайрханаас эхлэх нь зөв юм.

Зуун мянган иргэний дэмжлэг авсан “Дөрвөн уулаа дархан цаазтай болгоё. Чингэлтэй хайрханаас эхэлье” санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд танаа өргөн барьж байна. Монголын төрийн тэргүүн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд Та Монголын экологийн зөвлөлийн энэхүү санал санаачилгыг хүлээн авч, дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн Монголын экологийн зөвлөлийн тэргүүн, доктор Гарьдхүүгийн Баярсайхан