Европ 

Зэвсэг хангинуулж байгаа хэрэг биш гэв

Зэвсэг хангинуулах гэсэндээ биш, харин Оросын батлан хамгаалахын өсөн нэмэгдсэн чадавхийг харуулахын тулд тавдугаар сарын 9-ний парадаар байлдааны техник явж өнгөрнө гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.

"Сүүлийн олон жилд парадад анх удаа байлдааны техник оролцоно. Энэ нь зэвсэг хангинуулж байгаа хэрэг биш. Бид хэнд ч аюул учруулаагүй, ингэх ч гээгүй, хэнд юу ч тулган хүлээлгэх гээгүй. Бидэнд бүх зүйл хангалттай" гэж төрийн тэргүүн Засгийн газрын болон Ерөнхийлөгчийн тамгын газрын гишүүдтэй өчигдөр уулзахдаа мэдэгдэв.

"Энэ нь батлан хамгаалахын салбарт манай өсөн нэмэгдэж буй боломжийг харуулж байгаа хэрэг юм" гэж тэр тодруулан тайлбарлажээ. "Бид өөрийн хүмүүс, иргэд, улс орон, баялагаа хамгаалж чадна, бидэнд багагүй баялаг бий" гэж Путин тэмдэглэсэн байна.

"Та бид манай ард түмний том, сүрлэг, магадгүй хамгийн гол баяр болох тавдугаар сарын 9-ны өмнө, Ялалтын баярын өмнө ирээд байна" гэж Путин дурджээ.

Я.Сүхбаатар