“Ард түмний санал асуулга” ба мэдээллийн дайралт
Ард түмэн биднийхээ юу санаж бодож явааг мэдэхийг эрмэлзэж байгаа нь сайшаалтай хэрэг боловч ард түмний санал асуулга нэрийн дор өөрийн хүслээ тулган хүлээлгэх нь түлхүү байгаа нь тун ч харамсалтай.
АРДЧИЛАЛ БА ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА
Ардчилал бол олонхийн засаглал. Өөрөөр хэлбэл олонхийн санаа бодол нь ардчиллын үндэс байдаг. Тиймээс олонхийн санаа бодлыг мэдэх нь ардчиллын нэг салшгүй хэсэг. Олонхийн санаа бодлыг хэрхэн тусгаж байгаагаар нь ардчиллыг бас үнэлж ч болно. Ардчилсан Грекүүд анх хотынхоо төв талбай дээр цуглан аливаа асуудлаар ард түмнийхээ санал асуулгыг “шууд эфир”-т явуулчихдаг байсан бол хүн ам, газар нутаг тэлэхийн хэрээр энэ нь огт боломжгүй зүйл болов. Энэ зах зээл дээр янз бүрийн зурхайч, мэргэч төлөгч нар олон жил монополь байсан ч тэд социологи хэмээх шинжлэх ухаанд аажмаар байраа тавьж өгсөн юм. Социологичид бүх иргэдтэйгээ очиж уулзалгүйгээр гэхдээ зоос чулуу таталгүйгээр хямд, үр дүнтэй аргаар тэдний санаа бодлыг үнэн зөвөөр авах вэ гэсэн хүнд бодлогын ард олон жил суув. Хамгийн зөв хариултыг Америкийн улс төр судлаач Гэллап хэмээгч 1936 онд Рузвельтийн ялалтыг 5000-хан хүний асуулгаар /тухайн үед “Литерари дайжест” сэтгүүл хоёр сая хүнээс судалгаа аваад ч сонгуулийн дүнг зөв хэлж чадаагүй юм/ үнэн хэлсэн билээ. Тэрээр хамгийн гол нь судалгааны түүвэр буюу судалгаанд оролцогчдыг зөв сонгох арга зүйг олж гаргаж чадсан юм. Түүнээс хойш дэлхий нийтэд олон нийтийн санаа бодлын судалгаа түүний арга зүйгээр явж байна. Гэллапын үндэслэсэн байгууллага олон оронд салбартай, дэлхий нийтийн санаа бодлыг судалдаг асар том газар болжээ. Одоо аль ч ардчилсан улсад 1000-2000 хүнийг түүвэрлэж аваад л ямар ч асуудлаар олон нийтийн санаа бодлыг ±1-5 хувийн зөрөөтэйгээр хэлж чаддаг болж. Ардчилал ч тэр хэрээр бэхжиж байна. Харин Монголд ингэж чадаж байна уу.
САХИЛ ХYРТЭЭД ШАЛ ДОРДОВ
Эзэн Чингэс хаан олон нийтийн санаа бодлыг мэдэхийн чухлыг сайтар ухамсарлаж байсан нь түүний янз бүрийн нийгмийн давхарга, бүлгийн хүмүүстэй уулзаж тэднээр чөлөөтэй яриулдаг байснаас харагдана. Захын нэг өнчин хүүгээс хүртэл томчуудын архидалтын талаарх саналыг нь авч байсан баримт бий. Тэр үнэнийг хэлсэнд нь талархаж байснаас миний сонсохыг хүссэн зүйлийг хэлсэнгүй хэмээн шийтгэж байсангүй. Мөн шадар зөвлөхүүд нь аливаа асуудлаарх олон нийтийн санаа бодол ямар байгааг болон хэрхэн имиж, PR-аа хийх талаар зөвлөж байсан нь маргаангүй. Аливаа овог аймгийн иргэдийн дотор лидерийнх нь рейтинг унах эгзгийг сайн тааруулж довтолж байсан нь түүний амжилтын нэг үндэс байж болно.
Энэ эртний систем социализмтай хамт өөрчлөгдөв. Монголд социологийн шинжлэх ухаан үүсэв. Гэхдээ социализмийн нөхцөлд социологи олон нийтийн санаа бодлыг үнэн зөвөөр судлах нь боломжгүй зүйл байв. Тоталитар дэглэм нь аливаа асуудлаар эрх баригч намаас өөр санаа бодолтой байгаа хүмүүсийг шууд шийтгэн, олноос тусгаарладаг байсан учир хэн ч бодож байгаагаа үнэнээр хэлж эрсдэлд орохыг хүсэхгүй. “Та нөхөр Ю.Цэдэнбалын үйл ажиллагааг юу гэж үзэж байна вэ” гэж асуувал тухайн хүний даралт нь ихсэж, нүд нь харанхуйлах байсан биз.
Ерөнхийдөө олон нийтийн санаа бодлыг социологичид гэхээсээ тагнуулууд л сайн судалж, дээшээ айлтгаж байв. 90 он гарч монгол орон ардчилагдсанаар социологийн хүлээс тайлагдаж олон нийтийн санаа бодлыг жинхэнэ утгаар нь судлах боломж бий болон хувирав. Гэтэл “Сахил хүртээд шал дордов” гэгч болж. Олон нийтийн санаа бодлын судалгаа нь олон нийтэд санаа бодлоо тулган хүлээлгэх сайхан зэвсэг болов. Олон нийт байтугай таван хүнээс ч асуулгүйгээр ард түмэн ингэж бодож байна, тэгж үзэж байна” хэмээн өөрийн хүссэн санаа бодлоо тулган сурталчлах нь ердийн үзэгдэл аж. Иймэрхүү ард түмний санал асуулгын дүнд жирийн иргэд нь оюун санааны террорт өртөж, хиймлээр үзэл бодлоо өөрчилж, нийгмийн талаар буруу ойлголттой болж үлдлээ. Энэ нь сонгуулийн өмнө улам гаарч улс төрчид, тэдний мөнгийг салгах гэсэн хүмүүс нийлээд бүр абсурд болно.
Сүүлдээ бүр түүндээ өөрсдөө үнэмшиж орхих ба түүнийгээ бодитой гэж харуулахын тулд хүн үнэмшмээргүй зүйл ярих болжээ. Тэр бүхэнд үнэмших юм бол монголд ард түмний санал асуулгад оролцоогүй хүн бараг үлдээгүй юм байна. Дээр нь бидний дийлэнх нь олон нийтээсээ тэс ондоо бодол санаатай болох нь. Хамгийн харамсалтай нь ардчиллын төлөө хамгийн их тэмцэгч, ард түмнээ оюуны боолчлолоос гаргасан, нийгэмд шударга үнэнийг тогтоохыг эрхэм зорилгоо болгосон хүмүүс энэ луйварт бусдаасаа илүү оролцож байх юм. Тэгээд үүндээ монголын хамгийн цэвэр үлдсэн байсан мэдээллийн орчин болох интернэт ашиглаж байна.
АРД ТYМНИЙ САНАЛ АСУУЛГЫГ “ОЛЛОО”
Хэрвээ та “Оллоо” сайтын “Ард түмний элч-2008”-ыг үзвэл миний хэлээд байгааг төвөггүй олж харна. Тэд ард түмнийхээ элчийг “зөв” тодруулах үүднээс монголын 29460 хүнээс судалгаа авсан юм байх. Энэ бол монголын социологийн түүхэнд дээд амжилт болох тоо. Хүн ам багатай жижиг орноо байг гэхэд АНУ, ОХУ-д олон нийтийн санаа бодлын судалгааг 1000-1500 хүнээс авдаг юм. Тэндхийн судалгааны байгууллагууд манай тэр байгууллагаас хамаагүй бодит бус судалгаа авдаг байх нь. Эсвэл хамаагүй ядуу, хүн хүч муутай болж таарч байна. 29460 хүнийг нэгхэн сарын дотор судалсан нь бас л дахиад дээд амжилт болж таарна. Миний мэдэхийн манайдаа хамгийн сайн бүтэц, судлаачидтай УТБА-аас “Зүүн Азийн барометр” хэмээх олон улсын судалгааг нийт 1200 хүнээс зөвхөн судалгаагаа гардан авахад хугацаа нь 20 хоног болж байлаа. “Сант Марал” сан бас 1100 орчим хүнээс авахад тэр хугацаа зарцуулдаг. Судалгаа хийж байсан хүний хувьд багцаалахад 29460 хүний судалгааг нэгхэн сарын дотор аваад дүнг нь гаргахад дор хаяж 2000-4000 мэргэжлийн хүн, түүнд тохирсон судалгааны зардал орох ёстой. Yнэмшихгүй байх нэг шалтгаан нь энэ. Нөгөөх нь судалгааны дүн. Топ 10 улс төрчид, тэдний авсан саналыг харахад хангалттай. “Оллоо” сайтыг худалдан авсан гэх /ташаа мэдээлсэн бол хүлцэл өчье/ Ц.Элбэгдорж өөрөө 32301 хүний санал авч тэргүүлсэн бол түүний араас С.Оюун 26820, С.Баяр 18627, Х.Баттулга 17861, Ө.Энхтүвшин 16634, Э.Бат-Yүл 17714, С.Баярцогт 17181, Д.Ганхуяг 15505, С.Батболд 16468, А.Мурат 16361 хүний санал авчээ.
ГУТРАНГИ ТӨГСГӨЛ
Yнэмших эсэх нь уншигч таны хэрэг. Учир нь иймэрхүү санал асуулгыг нягтладаг, мэргэжлийн дүгнэлт өгдөг, шалгадаг газар байхгүй. Хэрвээ та хэн нэгэнд хуурамч бичиг баримт үзүүлсэн бол таныг хуулийн дагуу шийтгэнэ. Гэтэл танд хуурамч дүн үзүүлж байгаа хүн, байгууллагыг хэн ч шийтгэхгүй. Яагаад гэвэл энэ харилцааг зохицуулах хууль эрх зүйн зохицуулалт монголд байхгүй. Тийм ч учраас ард түмний элчээ “Оллоо” хэмээн итгэж өөрийнхөө нэгжээр санал өгөөд 10,20 мянган “хиймэл” саналд цохигдон, хууртагдсанаа мэдсэн иргэд, ард түмний элчид “Ологдохын” төлөө 700-800 мессеж нисгэж сая саяар шатсан нэр дэвшигчдийн мөнгийг хэн ч нөхөн олгохгүй. Өөр зөндөө “Ард түмний санал асуулга” явагдана. Судалгаа авах хүний тоо нь 50, 100 мянга болох байх гэж айж байна. Таны таньдаггүй мэддэггүй олон шинэ топ улс төрчид таны саналаар буй болно. Таны саналыг компьютерийн программ орлох вий гэж бас айж байна. Хамгийн гол нь “Ард түмэн бидний санал” ямар ч үнэгүй болох вий гэж айхын ихээр айх минь.
Судлаач С.Энхтөр

