Хууль 

Архи үйлдвэрлэгчдийн лицензийг хураах шаардлага хэрэгжсэн үү, үгүй юу

Улсын мэргэжлийн хяналтын газар (УМХГ)-аас “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих” үндэсний хөтөлбөр, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн хүрээнд явуулсан шалгалтын дүн бий. Шалгалтыг Үндэсний татварын ерөнхий газраас хамтран зохион байгуулсан нь тэртээ 2005 оны намар. Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын албыг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дорлигжав хашиж байсан үе л дээ. Гол нь архи, спиртийн үйлдвэрүүдийн технологийн горим, бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн байр, лабораторийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, технологийн урсгал шугамын тоолууржуулалт, татварын ногдуулалт, төлөлт, онцгой албан татварын тэмдгийн зарцуулалтын байдал зэрэг үзүүлэлт хангагдаж байгаа эсэхийг нягталжээ.

Улсын хэмжээнд архи, спиртийн 184 үйлдвэр хамрагдсан байна. Хөдөө аж ахуйн сайдын “Согтууруулах ундааны үйлдвэрийн төсөл, сонгон шалгаруулах үйлдвэрлэлд хяналт тавих журам”-ын дагуу аттестатчилахад ердөө 31 компани нь шаардлага хангасан дүнтэй. Хоёр сайдын хамтарсан тушаалын хүрээнд УМХГ-аас шалгасан тус хугацаанд архи, спиртийн үйлдвэрүүдийн технологийн шугамыг бүрэн тоолууржуулсан байх ёстой юм билээ. Үүнийг ажил хэрэг болгох алхам огт хийгээгүй 72 аж ахуйн нэгж, 102 нь хагас дутуу гэрээ байгуулсан байж. Тоолууржуулалт суулгах байгууллагатай гэрээ байгуулсан ч ажил хэрэг болоогүй байна гэдэг нь архи, спиртийн технологийн шугам ямар ч хяналтгүйг илтгэх дүн. Тэгэхээр тоолууржуулалтад 10-хан компани хамрагдсан байж.

Шалгалтын дүнд үндэслэн эцэст нь согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх бүр хүчингүй болгох аж ахуйн нэгжийн жагсаалтыг гаргасан явдал. Жагсаалтаа Хүнс, хөдөө аж ахуйн сайдад хүргүүлжээ. Нөхцөл байдлаас урган гарсан шаардлагыг биелүүлээрэй гэсэн үг. Салбарыг эрхлэх яаманд санал хүргэхээс гарцаагүй нэг шаардлага нь хүнсний аюулгүй байдлын стандарт хангаагүй үзүүлэлтэд өнөөх 184 аж ахуйн нэгжийн 22 хувь нь багтсан юм. Чухамдаа архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх лиценз олгосон газар дээрх шалгалтын дагуу хүчингүй болгох эсэх эрхийг бас эдлэх ёстой.

Жагсаалтыг сөхвөл согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нэрс Баянгол дүүргийн “Дөргөн”, “Бүрдэнэ-Эх”, “Элма”, “Гүн галуут”, “Ундарга сайт” компани гээд үргэлжилнэ. 51 аж ахуйн нэгжийн дөрөвдүгээрт бичигдсэн “Гүн галуут” компани бол өнөөх олон хүний амийг авч одсон “Азийн чоно” тэргүүтэй метилийн спирттэй архийг үйлдвэрлэгч шүү дээ. Эрхийг нь түдгэлзүүлэх бус бүр хүчингүй болгох жагсаалтын “айргийн тав”-д давхиж явсан байх нь. Дээрх шалгалтын үеэр “Гүн галуут” компанийн бүтээгдэхүүний нэр төрлийн судалгаа гараагүй байна. Бүтээгдэхүүнээ гартаа тааралдсан архины шилэнд савлачихдаг гэмтэй нь холбоотой ч юм шиг. Ямар ч л байсан иргэдийг хордуулж, амийг нь ч авч одсон олон архины эзэн компани татвар төлөх болохоороо бараг тавхан шил архи үйлдвэрлэдэг болж хувирдаг нь саяхан УИХ-ын чуулганы танхимд дурдагдсан билээ.

Шинэ оны заагт нийтийг хордуулж, гамшиг эхлүүлэхэд “Гүн галуут”-ыг архи үйлдвэрлэх тусгай эрхтэй байсныг холбогдох албаныхан хамгийн түрүүнд зарласан. Мэргэжлийн байгууллагын шаардлагыг биелүүлж Хүнс, хөдөө аж ахуйн сайд яагаад “Гүн галуут”-ын тусгай эрхийг хүчингүй болгоогүй байв. Эсвэл тухайн үед УМХГ-ын санал хэрэгжсэн бол дараа нь хэн ямар үзүүлэлтээр “Гүн галуут”-ын тусгай эрхийг буцаан олгов.

2005 оны намар УМХГ-аас гаргасан санал, шаардлага яг “Гүн галуут” компанийнх шиг хэрэгжсэн бол согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлөө хураалгах ёстой 51 аж ахуйн нэгж лав л шинэ жил хүртэл метилтэй спиртээр архи найруулах эрсдэлтэй байжээ.

Б.Хажидмаа