Нийгэм 

Дэлгүүрийн эзэд эрх ашгийнхаа төлөө тэмцэж байна

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүдийн эзэд холбоо байгуулжээ. 60 гаруй дэлгүүрийнхэн энэ сарын 18-наас эхлэн нэгдэж, архи борлуулахыг хориглосон шийдвэрийг эсэргүүцэн холбогдох хүмүүстэй нь уулзаж, санал шаардлагаа хүргүүлсэн байна. Эдгээр иргэдийн төлөөлөл болох “Одиссей”, “Таргилж”, “Бүрд” зэрэг дэлгүүрийн эзэд Ж.Бат-Очир, Ц.Галсанжамц, Н.Мөнхтуяа нартай уулзлаа. - Та бүхэн яагаад холбоо байгуулах болсон бэ?

- Үйлдвэр, худалдааны сайдын нэгдүгээр сарын 10-ны өдөр гаргасан тушаалыг бид эсэргүүцэж байна. Энэ тушаалын “хоёр мянган хүн тутамд согтууруулах ундаа худалдах нэг цэг байна” гэсэн заалт нь чөлөөт өрсөлдөөний зах зээлийг зөрчиж, монополь эрхийг дэвэргэж, авлигыг гааруулж байна гэж үзэж байгаа юм.

Өнөөдөр бидний ажиллуулж амь зуулгадаг дэлгүүрийн архи борлуулах эрхийг шууд хассан нь орлогыг эрс бууруулсан. Хэдийгээр өөр бараа зарж байгаа ч гэсэн архи зарахгүй болохоор орлого бүр байхгүй. Тиймээс бид дэлгүүрийнхээ хаалгыг барихад хүрч байна. Архи борлуулах цэгүүдэд ер нь ямар буруу байгаа юм. Хамгийн гол нь архины үйлдвэрүүдэд хараа хяналт сайн тогтоож, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах нь чухал шүү дээ. Чанар муутай архи үйлдвэрлэсэн этгээдүүдийн төлөө бид шийтгүүлмээргүй байна. Бид банкнаас өчнөөн төгрөгийн зээл аваад дэлгүүрээ өргөтгөж, ресторан ажиллуулъя гээд арай гэж хоёр гурван давхар байр бариулаад байж байтал гэнэт ийм шийдвэр гараад бүх юм зогсож байна.

- Үйлдвэр, худалдааны сайдтай уулзаж саналаа хэлсэн гэсэн. Та бүхэнд ямар хариу өгсөн бэ?

- Үйлдвэр, худалдааны сайд хэлэхдээ “Түр тушаал гаргаж өгөөч ээ гэж дээрээс надад чиг өгсөн учраас ийм тушаал гаргасан. Би бол та бүхний учир байдлыг ойлгож байна. Тиймээс шийдвэрээ эргэж хараад ирэх дөрөв дэх өдөр шийдтэй хариу хэлье” гэсэн. Бид мөн мэргэжлийн хяналтын газрынхантай уулзахад бас л нэг иймэрхүү зүйл ярьж байна лээ. Мөн УИХ-ын зарим гишүүнтэй ч уулзлаа. Бүгд нааштай хүлээж авч байна. Гэхдээ хэрхэн шийдвэрлэх нь эргэлзээтэй.

- Одоо хэдэн дэлгүүрийн хичнээн хүн энэ холбоонд нэгдээд байна?

- Ер нь нийслэлд 3800 гаруй дэлгүүр, аж ахуй нэгж байдаг. Түүнээс одоогийн байдлаар 500 гаруйд нь архи худалдаалах эрхийг нь өгөөд байгаа юм билээ. Харин үлдсэн газруудын архи худалдаалах эрхийг хугацаагүйгээр хориод байна. Тиймээс эрхээ авчих санаатай дэлгүүрийн эзэд л хоорондоо холбоо тогтоогоод байгаа нь энэ. Одоогоор 60 гаруй хүн бий. Энд хотын төв, зах гэж ялгалгүй бүхий л газрын жижиг дэлгүүрийнхэн оролцож байгаа. Гэхдээ ний нуугүй ярихад өнөөдөр Монгол орны хаа сайгүй жижиг том гэлтгүй бүх дэлгүүрт хямд архи зарж байсан шүү дээ. Хямд архийг үйлдвэрлээд байхад бид авч борлуулалгүй яах юм. Адилхан л амьдрах гэж явна шүү дээ.

- Танай дэлгүүрүүд архи худалдах зөвшөөрлийн бичигтэй биз дээ. Хугацаа нь ямар байдаг вэ?

- Холбоо байгуулаад яваад байгаа дэлгүүрүүд бүгд 2008 онд архи худалдаалах эрхийн бичигтэй. Тиймээс үүнийхээ дагуу бид худалдаа хийх эрхтэй шүү дээ.

- Цаашид ямар ажил хийхээр төлөвлөөд байгаа вэ?

- Бид маргааш дахин төрийн албан тушаалтнуудтай уулзаж өөрсдийн шаардлага бичгээ хүргэнэ. Ямар ч байсан өөрсдийн эрх ашгийнхаа төлөө зүгээр суухгүй.

Я.Мөнгөнцэцэг