Архи зарахыг нэг бол хорь, нэг бол бүгдэд адилхан зөвшөөр
Гудамжаар овоож хөлдсөн архины бөөлжис харагдан, баар савууд шөнжингөө архидан согтуурч байгаа монголчуудаар дүүрлээ. Энэ сарын 20-нд эрүүлжүүлэхэд 120-иод хүн мөн дараа өдөр нь 170 хүн ачигдаж ирсэн мэдээ байна. Согтуу жолооч нар замаа ололгүй давхилдан, замын цагдаагаа ч танилгүй дайрч амь насыг нь хохироолоо. Архиндаа донтож мансуурсан иргэд осгож, эрүүлжүүлэх дүүрч гэмтлийн эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ. Дахиад л Монголын эмгэнэл Монголоор дүүрч, хаашаа л харна согтуу нүдэлсэн монголчууд хаана архи зарж байгааг хөөр хөс болгон бие биедээ сонин болгон дуулгахаас өөрийг ярихаа больжээ.
Дэлгүүр хоршоонд архи зарж эхэлсэн өдөр “Саппора”-гийн “Миний дэлгүүр”-т орж үзлээ. Тэгэхэд архи авах гэж байгаа хүмүүсийн нүүр ямар их аз жаргалтай гийж байсныг мартахын арга үгүй. Тэд эгээ л амьдаараа диваажинд заларсан мэт, тэр чигтэй гэгээрчихсэн гэгээнтнүүд аятай инээмсэглэл нүүрэндээ тодруулан архийг авдар авдраар нь авч одоцгоож байсан. Дэлгүүрийн худалдагчид жирийн иргэдийг үл тоон архи авах гэсэн хүмүүст түргэн шуурхай үйлчилж, архиа кассныхаа дэргэд хураачихсан зогсоо зайгүй түгээж байв. Дэлгүүрүүд ч маш их урамтай ажиллаж байгаа бололтой харагдсан. Энэ ч арга үгүй юм. Архи зараагүй ажилласан хэд хоногийнхоо орлогоос давсан мөнгө хоромхон зуурт ороод ирж байхад баяртай байлгүй яахав.
Ийнхүү архиа хорьж дийлэлгүй буцаагаад тавьж орхилоо. Архи уух дуртай хүмүүс мөн архи зарж байгаа дэлгүүрүүд ойрын хэд хоногт бөөн баяр болж байна. Тэдний хувьд ч яахав баяр юм байгаа биз. Харин бидний хувьд бол тийм биш байна. Бид архийг хорихын төлөө байсан. Тэгвэл эрх баригчид архи хорих тухай сонсохыг ч хүссэнгүй. Харин ч архи заралгүй хэд хоночихвол иргэд архи уухгүй байгаад сурчих юм биш байгаа хэмээн ихэд айх шиг боллоо. Хэрэв хүмүүс архи уухгүй байгаад сурчихвал архиар манийгаа шулж мөнгө олж байдаг эрх баригчдад хохиролтой юм болно гэдгийг тэд мэдэхтэйгээ.
Монголд байгаа архины бүх үйлдвэр эрх баригчдынх гэдгийг бид мөн сайн мэднэ. Иймд тэд юу боллоо гэж хэдэн халтар ардыг бодож өөрсдийнхөө орлогын эх үүсвэрээс салах билээ. Тэд нөхцөл байдлыг харин ч өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэв бололтой. Энэ нь архины зөвшөөрөл өгөх гэдэг шинэ бизнесийг бий болгосноор харагдаж байна. Эрх баригчид найдвартай, хортой архи зардаггүй, зөрчил дутагдалгүй дэлгүүрт архи зарахыг зөвшөөрөх гэнэ. Хэнийг найдвартай гэх вэ, ямар юмыг зөрчил дутагдал гэж нэрлэх вэ гэх зэргээр тодорхой биш шаардлага тавиад ирэхээрээ л энэ бол тухайн шийдвэр гаргагчийн үзэмжийн асуудал болж хувирдаг. Хортой архи зардаг эсэх гэдэг нь угаасаа худал зүйл. Ямар дэлгүүр архи үйлдвэрлэх биш, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг л борлуулна. Хортой архины асуудал бол дарга нарын өөрсдийнх нь хэрэг.
Тэгвэл хэн архи зарах зөвшөөрөл авч чадах вэ. Хэн их авлига өгсөн дэлгүүр л архи зарах зөвшөөрөл авч чадна. Тэд архины зөвшөөрөл авахын тулд хээл хахуулийг цутгах шиг болно. Энэ их мөнгөний үнэр сонгуулийн чимээтэй цуг эрх баригчдын шуналыг хөдөлгөж байгаа. Зөвшөөрлийн уул овоо шиг мөнгөөр төрийг барьж байгаа МАХН сонгуульд өлхөн ялж чадах байх. Харин хэн архины зөвшөөрөл авч чадахгүй вэ. Жирийн иргэдийн дэлгүүрүүд. Тэдэнд авлигад өгөх мөнгө ч байхгүй, байсан ч түүнийг нь эрх мэдэлтнүүдэд аваачаад өгчих танил олдохгүй. Манай төр архийг иймэрхүү маягтай заримдаг шийдэж байна. Тэгвэл архины асуудалд заримдаг арга байж боломгүй харагдаад байх юм. Үүнд хоёр л арга байгаа бололтой. Нэг бол төр уг асуудлыг шийддэгээрээ шийдээд архийг үйлдвэрлэх, борлуулахыг Монгол Улсад шууд хориглох хэрэгтэй. Үгүй бол амьдрал өөрөө шийдэх. Энэ нь архийг чөлөөтэй тавьж уух дуртай нь уугаад дуусах. Түүнээс зарим дэлгүүрт нь архи зарах эрх өгөөд заримд нь өгөхгүй байх одооны шийдвэр шударга бус байна. Шударга бусаас гадна нийгэмд бас л муу муухай уур амьсгал, төрд гомдох сэтгэхүйг дэврээнэ. Адилхан орлоготой байсан дэлгүүрийн нэг нь танил талаараа өгдөг юмыг нь өгчихөөд архи зараад баяжаад сууж байхад нөгөө дэлгүүрт нь хэн ч орохоо болиод дэлгүүрээ хаахдаа тулж цоожоо бариад зогсч байхад гомдмоор санагдах уу, баярламаар санагдах уу. Нэгэнт л уух болсон юм чинь хоёр дэлгүүрээс архи авах, хорин дэлгүүрээс авахын хооронд ялгаа байгаа гэж үү.
Ж.Сандагдорж

