Эрүүл мэнд 

Хортой cпиртээр архи үйлдвэрлэхэд ажилчид нь хорддог

“Азийн чоно” компанийхан ашиг олохын тулд, хямдхан спирт худалдан авч архи үйлдвэрлэсэн нь 14 хүний аминд хүрч, олон хүнийг хордуулаад байна. Багануур дүүргийн иргэд үүнд дургүйцэн тус компанийн “но”-г дэлгэж эхлэв.

Тэд “Азийн чоно” компанийн ажилчин Ш.Мөнхбатын садангийн 23 настай Н.Отгонбаатар гэдэг залуу, технологич Б.Байгаль нар өмнө нь архи үйлдвэрлэх явцдаа хордож байсан” гэв. Харин хэвлэлээр энэ хоёр хүнийг захиралтайгаа хамт архи ууснаас хордон Цэргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа хэмээн бичиж буй. Энэ талаар тодруулахаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын хэлтсийн дарга Н.Оюунбилэгтэй уулзлаа.

- ”Азийн чоно” компанийн ажилчид өмнө нь үйлдвэрлэсэн архиндаа хордож, эмчлүүлж байсан гэх юм. Энэ үнэн үү?

- НЭМГ арванхоёрдугаар сарын 30-наас энэ сарын 7-ныг хүртэлх хугацааны хордлогын талаархи мэдээллийг нэгтгэсэн. Мөн шинжилгээ хийж метилийн спиртээс хордсон эсэхийг тогтоож байна. Өмнө нь хүн хордсон эсэхийг мэдэхгүй юм.

- Метилийн спиртнээс ажилчид нь хордож болох уу?

- Спирт ууршимтгай. Агаарт хортой бодис ялгарснаас амьсгалын замаар дамжин ажилчдыг хордуулсан байж болно. Биед сөрөг нөлөө үзүүлнэ.

- ”Азийн чоно” компанийн захирлын биеийн байдал ямар байна вэ?

- Биеийн байдал нь хүнд байгаа.

- Цэргийн нэгдсэн эмнэлэгт тус үйлдвэрийн ажилчид хордоод эмчлүүлж байгаа юм биш үү?

- Нэрсийн жагсаалт харж тухайн үйлдвэрээс хүн хордсон эсэхийг хэлнэ. Хордсон хүмүүс аль байгууллагад ажиллаж байсныг мэдэхгүй.

- Метилийн спиртээр архи үйлдвэрлэх явцад хордлого өгвөл тухайн хүнд ямар шинж илрэх вэ?

- Гэдэс базлан, бөөлжих хордлогын ерөнхий шинж тэмдэг илэрнэ. Хүндэрвэл элэг бөөрний ажиллагаа алдагдаж, архаг үрэвсэлтэй бол сэдэрч эрс муудна.

- Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс “Азийн чоно” компанийн үйлдвэрийн ажилчид спиртэд хордсон гэсэн дуудлага өгч байгаагүй юу?

- Одоогоор тийм мэдээлэл алга байна.

- Дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэлд хэвтэж буй хүмүүс дотор Багануураас хордож ирсэн хүн бий юу?

- Одоогоор дүүргүүдийн эмнэлэгт 29 хүн хэвтэж байна. Багануур дүүргээс метилийн спиртэд хордсон оноштойгоор хэвтсэн хүн байхгүй. Архи хэтрүүлэн хэрэглэж, дараалан олон хоног уусан хүмүүс бий.

- Архинаас хордсон зарим хүнийг “хэвтүүлэхгүй” гэж буцаасан нь ямар учиртай юм бэ?

- Хордлоготой ирсэн хүнийг дөрөв, зургаа, найман цаг гэсэн шатлалтайгаар хордлого тайлах эмчилгээ хийж байгаа. Биеийн байдал нь хэвийн болбол өрхийн эмчийн хяналтад гаргаж байна. Хордлого нь хүндэрсэн хүмүүсийг л дүүргийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилдэг.

- Хордлогын үндэсний яаралтай тусламжийн төвд ямар өвчтөнийг шилжүүлж байгаа вэ?

- Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл бие нь хүндрэх магадлалтай гэж үзсэн өвчтөнүүдээ Хордлогын үндэсний яаралтай тусламжийн төвд шилжүүлдэг. Мөн иргэд “Тус төвд эмчлүүлье” гэсэн хүсэлт гаргавал хэвтэж болно.

- Хортой хэмээн нэр заасан найман төрлийн архинаас иргэд худалдан авч уусан болов уу?

- Дүүргүүдийн эмнэлэгт хэвтсэн хүмүүс “Морьт хангай”, “Монгол стандарт”, “Хараа”-г уусан гэж хэлдэг юм. Гэхдээ эдгээр архинд хийсэн шинжилгээ чанарын шаардлага хангасан гэж гарсан.

- Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэтэд “Монголын нийслэлд метилийн спиртэд хордсон 11 хүн байна” гэсэн мэдээлэл гарлаа. Нийслэлд метилийн спиртэд хордсон хүн байгаа юу?

- Дүүргүүдийн эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн уусан архинд шинжилгээ хийсэн. Одоогоор метилийн  спиртэд хордоогүй байна.

- Тэгвэл Налайх, Багахангай дүүрэгт метилийн спиртэд хордсон хүн бий юу?

- Одоогоор метилийн спиртэд хордсон хүн алга. Харин архаг архичин зарим хүнд хордлого тайлах эмчилгээ хийж байгаа.

А.Түвшин