Эрүүл мэнд 

Метилтэй архины мэдээлэл хөдөөд хангалттай хүрэхгүй байна

Метилийн спирттэй архины хор хөнөөл буурах биш нэмэгдэх төлөвтэй, ихээхэн урхагтай байгаа тул олон нийтэд цаг үеийн байдлыг дэлгэрэнгүй мэдээлэх шаардлагатай гэсэн Засгийн газрын ажлын хэсгийн даалгаврыг биелүүлж Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ) өчигдөр сэтгүүлчдэд хандлаа.

Одоогоор архины хордлоготой 64 хүн эмнэлэгт байгаа. Хордлогын төвийн ерөнхий профессорын хэлснээр гурван хүний биеийн байдал маш хүнд гэнэ. Тэр нь “Азийн чоно” компанийн захирал Ш.Мөнхбат, технологич н.Байгаль, ажилтан н.Батхуяг нар. н.Батхуягийн нүдний харах чадвар бүрэн алдагдсан, дахин сэргэхгүй байгаа аж.

Ш.Мөнхбатыг метилтэй архиндаа хордоогүй, олны хэл ам, гомдол цөхрөл, хууль хяналтын байгууллагын шийтгэлээс зугтахдаа зохиомол мэдээлэл тараагаад байгаа гэсэн нийтийн дунд байгаа мэдээллийг нягталж тодруулга хүссэн юм. Ямар ч байсан Хордлогын төв дэх онцгой үеийн эмчилгээ, үйл ажиллагааг ахлан ажиллаж байгаа эмчийн хэлснээр Ш.Мөнхбатын бие муу хэмээн ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, дэд хурандаа Т.Сайнжаргал хэлсэн. Тэрчлэн хордлогын шинж тэмдэг илэрсэн үед “Азийн чоно” компанийн захирал Ш.Мөнхбатаас мэдүүлэг авснаас хойш дахин тайлбар аваагүй аж. Ш.Мөнхбат өөрөө хордсон ч, хордоогүй ч нийгэмд гамшиг авчирсан хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэснийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх нь гарцаагүй гэсэн. Харин тус компанийн бусад ажилтнууд хэрэг дээр ажиллаж байгаа хууль хяналтынхан болон мэргэжлийн байгууллагынханд удаа дараа худал мэдээлэл тараах сонирхол агуулжээ. Тухайлбал, цагдаагийн ажилтан байцаалт авахдаа биед нь халдаж, зодож танхайрсан гэж “Азийн чоно”-ын ажилтан н.Ганбаатар ярьсан нь зарим мэдээллийн хэрэгслээр тархсаныг онцолж байна лээ.

“Азийн чоно” компани метилийн спиртээр үйлдвэрлэсэн нэр бүхий архинуудаасаа гадна “Морьтхангай” архийг их хэмжээгээр дуурайлган үйлдвэрлэснийгээ хүлээсэн. Бас нийтийн ихээхэн хэрэглэдэг, томоохон компаниудын архийг техникийн спиртээр дуурайлган үйлдвэрлэсэн нь илэрч шалгагдаж байна. Тиймээс иргэд тодорхой хугацаанд дор бүртээ хяналттай байж, хамаагүй архи хэрэглэхгүй байхыг анхааруулсан.

Тэр бүү хэл архи худалдан авахдаа УМХГ-аас олгосон эрх, архины нь шинжилгээний хариуг үзэх хэрэгтэйг сануулав.

Метилийн спиртийн ууршимтгай чанараас болж тэдгээрийг хадгалж байсан агуулахад тооллого бүртгэлээр ажилласан цагдаагийн офицерууд хордсон аж. Учир нь иргэдийг үхэлд хүргэсэн архийг үйлдвэрлэсэн метилийн спирт бол 95 хувийн цэвэршилттэй, үнэр амтгүй, нөлөөлөл асар өндөр болохыг мэргэжлийн байгууллага тодорхойлжээ. Метилийн спиртийн найрлага бүхий архинд хордсон хөдөө орон нутгийнхан эхэндээ архиндаа шартаад байна гэж ойлгон эмнэлгийн тусламж авах шаардлагатай цаг хугацаагаа алдаж, амь насаараа хохирч байгааг онцлон дурдаж байна лээ. Учир нь архинд хордсон бол 10-30 цагийн дараа илэрч байгаа болохоор иргэд тэр бүр яаравчлан эмнэлэгт хандахгүй тохиолдол ч бий гэнэ. Бас хөдөө орон нутагт метилтэй архины тухай мэдээлэл хүрээгүй, хомс байгаагаас эмнэлгийн тусламж оройтож авч байгааг холбогдох албаныхан дүгнэжээ. Хөдөө орон нутагт иргэдийг эрүүл мэндийн нь хувьд хохирохгүйн үүднээс хууль хяналтын байгууллагаас аймаг бүрт комисс томилогдон ажиллаж эхэлсэн байгаа.

Хортой архинаас үүдэж одоогоор 10 хүнийг эрүүгийн хариуцлагад татан шалгаж байна. “Азийн чоно” компанийн ерөнхий нягтлан, нярав, Багануур дүүргийн татварын байцаагч, Улаанбаатарын харьяат иргэн эрхэлсэн ажилгүй Баттогтох, Баярсайхан, Баярбат, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын (НМХГ) хоёр байцаагч. Тухайлбал, Улсын мэргэжлийн хяналтын газраас “Азийн чоно” компанийн архи үйлдвэрлэх эрхийг хаасан байхад НМХГ-ын байцаагч Энхтуяа, Дашдэлэг нар сэргээсэн байж. Албан тушаалдаа хайнга хандсан энэ байдалд нь гурван жил хүртэл хоригдох, хоёр жил ажиллах эрхээ хасуулах шийтгэлийн аль нэг ирнэ. Баттогтох Налайхын Баярсайхан, Баярбат нарт метилийн спиртийг дамжуулан худалдсан байна. Харин Баярсайхан, Баярбат нар “Азийн чоно”-ын ерөнхий менежер Энхээд худалдсан. Техникийн спирт нийлүүлсэн явдалд гадаадынхан буюу хятадууд оролцсон мэдээлэл одоохондоо байхгүй аж.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж хууль бусаар архи, спирт үйлдвэрлэх явдлыг шалгаж одоогоор Чингэлтэй дүүргээс нэг тн спирт илрүүлсэн бол Сонгинохайрхан дүүрэгт хууль бус архины үйлдвэр ажиллаж байсныг тогтоожээ. Удахгүй цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан иргэд хувийн үйлдвэрийн архийг их хэмжээгээр авч зарж борлуулахаар бэлтгэсэн бол дээжийг нь шинжилгээнд хамруулах шаардлагатайг сануулсан. Ийм байдлаар “Азийн чоно”-ын үйлдвэрлэсэн архины нийт хэмжээнээс дутаад байгаа согтууруулах ундаа иргэдийн гарт хадгалагдаж байвал гайтай метилийн спирт бидний уламжлалт баяр цагаан сарыг ч “отож” байна гэсэн үг. Сэжиг бүхий спиртийг үнэ төлбөргүйгээр шинжилж, шаардлагатай бол үнээр нь худалдан авах ч шийдвэр гаргах боломжтойг ЦЕГ-аас зарлаж байна.

Б.Хажидмаа