Нийгэм 

Архинд хордсон хүн 90 болов

Нийслэлийн захирагч, хотын ерөнхий менежер тэргүүтэй дүүргүүдийн Засаг дарга холбогдох албаны бусад хүмүүс оролцон архины хордлогын талаар цаг үеийн байдлын мэдээллээ өчигдөр оройн 18 цагт солилцлоо.

Багануур дүүргийн Цагдаагийн газрын даргыг ажлаас нь чөлөөлж, орны хүнийг томилжээ. Бусад холбогдох хүмүүсийг ч хариуцлагагүй ажилласны төлөө албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг шат дараалан гаргаж, хэрэгжүүлэх аж. Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Цогтбаатарын мэдээлснээр Зүүн гурван аймаг, Налайх, Багануур дүүргийн Засаг дарга нараас цаг үеийн мэдээллийг байнга авч байгаа гэсэн. Багануур дүүргийн эмнэлэгт 717 хүнийг үзлэгт оруулснаас архины хордлогын шинжтэй найман хүн нэмэгджээ. Хамгийн сүүлийн нэгтгэсэн мэдээгээр хордлоготой хүний тоо 90 болсноос иргэн Пүрэвсүрэн, Батбаяр нарын бие маш муу байгаа гэнэ.

Цагдаагийн байгууллагаас явуулсан үзлэг шалгалтын дүнд иргэн Эрдэнэсоёл болон бусдын гэрээс нийт 1000 орчим “Бугатхангай”, “Хэрлэн”, “Нүнжиг” архи хураан авчээ. Гэрээрээ спирт найруулан борлуулж байсан эмэгтэйн 25 литр спиртийг хураан авч, баривчлан шалгаж эхэлжээ. Хотын мэр Билэгтийн хэлснээр хор илэрсэн нэрийн бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэггүй газруудын үйл ажиллагааг сэргээх ажээ. Архийг нь хураан лацадсан байтал худалдаж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулсан онцгой арга хэмжээг зөрчсөн худалдаа үйлчилгээний цэгүүдийн онцгой эрхийг шууд газар дээр нь цуцалсан 10 орчим тохиолдол байна.

Хортой спиртийг худалдан авсан, архи үйлдвэрлэсэн шалтгаанаар “Азийн чоно” компанийн менежер нарын хүмүүсийн хорьж шалгаж байгааг мэдээлсэн. Эх сурвалжийн өгүүлснээр тэрхүү менежерийн хүүхэд бас хортой архины нөлөөгөөр эндсэн байна. Эндээс үзвэл хортой архинуудыг санаатайгаар үйлдвэрлэсэн гэх үндэслэл байхгүй бололтой.

Б.Хажидмаа