Нийгэм 

Сьерра-Леонед амь үрэгдсэн цэрэг эрийг өнөөдөр хөдөөлүүлнэ

Эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан, энхийг сахиулахаар Африкийн Сьерра-Леоне улс руу мордсон монгол цэрэг харамсалтайгаар нас нөгчсөн мэдээ эх оронд нь ирж “буув”.

Олон хүнийг сэртхийлгэсэн энэ мэдээллээр талийгаач Б.Мөнгөншагай сүрьеэгээр өвчилсөн нь үхэлд хүргэх гол шалтгаан болсныг холбогдох албан тушаалтнууд мэдэгдсэн. Талийгаачийн шарилыг өнгөрөгч мягмар гаригт алс Африкаас Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр дамжуулан Монголд авчирсан бөгөөд өнөөдөр Төв аймгийн нутагт хөдөөлүүлэх юм. Энхийг сахиулагчид хүндэтгэл үзүүлэн цэргийн 016 дугаар анги тугаа бөхийлгөн эцсийн замд нь үдэх гэнэ.

Энхийг сахиулагч талийгаачтай салах ёс гүйцэтгэх ёслол өглөөний 6-7 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд Зэвсэгт хүчний Жанжин штабаас 13 хүний бүрэлдэхүүнтэй тусгай комисс томилогдон ажиллаж байгаа юм байна. Комиссыг Зэвсэгт хүчний Жанжин штабын Энхийг дэмжих хамтын ажиллагааны газрын дарга хошууч, генерал Я.Чойжамц ахалжээ. Цэл залуу 21 настайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байлдагчийг нутаглуулах ёслолд Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжил нэгт анд нөхөд нь, Цэргийн удирдлагын стратеги төлөвлөлтийн газрын орлогч дарга, хурандаа Р.Сүхбат нар оролцох болсныг комиссын гишүүд хэлсэн. Эх орныхоо төлөө энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор Африкийн Сьерра-Леоне руу яваад золгүй явдлаар нас барсан монгол цэргийг хөдөөлүүлэх ёслолд Төр засгийн өндөрлөгүүдээс хэн нь ч оролцох боломжгүй гэдгээ өчигдөр 14 цагийн үед Төв аймгийн Зэвсэгч хүчний 016 дугаар ангийн захирагч, хурандаа н.Наран-Очирт мэдэгдсэн байх юм.

Жирийн малчин гэр бүлд төрж өссөн талийгаач Б.Мөнгөншагай Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат. 2004-2005 онд Замын-Үүд дэх хилийн цэргийн ангид алба хаасан энэхүү энхийг сахиулагч Сьерра-Леоне руу явахаас өмнө Төв аймгийн 016 дугаар ангид гэрээт цэргийн албан хаагч байжээ. НҮБ-ын гэрээний дагуу энхийг сахиулахаар IҮ ээлжинд өнгөрөгч долдугаар сард тус улсыг зорьсон талийгаач Б.Мөнгөншагай сар гаруй хугацааны дараа эх орондоо ирэх байсан юм. Аав ээжийн амин шүтээн болсон хүү, ах, эгчийнхээ хайртай дүү, дүүгийнхээ дотны найз энхийг сахиулахаар зориг гарган тангараг өргөсөн Монгол Улсын дайчин ийнхүү цэл залуу, 21-хэн насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.

Ч.Анна