Нийгэм 

Архаг архичдын 11 хувь нь эмэгтэйчүүд

Нийслэлийн Баянгол дүүргийн хувьд өнөөдөр “Архигүй өдөр” болох гэнэ. Энэ талаар тус дүүргийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Н.Гомбосүрэн “Сар бүрийн арван тавныг архигүй өдөр болгохоор шийдвэрлэсэн. Энэ өдөр 700 оюутан “Архи, тамхи, мансуурлын эсрэг хамтдаа” уриан дор уулзана. Мөн иргэдэд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхыг үйлчилгээний газруудад сануулсан. Согтууруулах ундаа борлуулдаг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийнэ” гэж өчигдөр мэдээлсэн юм. Энэ арга хэмжээ нэг жил үргэлжлэх юм байна.

Архинаас үүдсэн “гамшиг” жилээс жилд ихэсч байгаа аж. Согтууруулах ундаанд гүн хордож, нас барсан хүний тоо мөн адил нэмэгдэж байна. Энэ оны эхний арван сарын байдлаар таван хүн архины гүн хордлогонд орж нас баржээ. Гэмтэл согог сэргээн засах клиникийн эмнэлэгт эмчлүүлэгсдийн 34.6 хувь нь согтууруулах ундаа хэрэглэснээс болж гэмтэж ирсэн баримт байна.

Гэмт хэрэгтнүүдийн хуурамч нүүр нь өнөөх л архи. Он гарсаар 249 хүн бусдын гарт алтан амиа алджээ. Алуурчдын 67,7 хувь нь хүн алсан нүглээ архитай холбон тайлбарласан байдаг юм. Мөн хүчингийн хэргийн 50 хувь нь архи ууснаас үүдэлтэй байгаа нь тогтоогджээ. Монголчууд бидний идээний дээж гэдэг архийг гэмт хэрэг үйлдэхдээ зориг орох зорилгоор ашигласан гэж мэдүүлсэн хэрэгтэн цөөнгүй гэсэн.

Архины үнэ талхнаас хямд. “Нарантуул” олон улсын худалдааны төвд спирт, найруулсан архи зарж амьдралаа залгуулдаг хүн олон. Тэдний нэг “Нэг литр спиртийг 2000-2500 төгрөгөөр зардаг. Найруулсан архийг 650 төгрөгөөр дэлгүүрүүдэд бөөндөнө. Тэд 900-1000 төгрөгөөр зардаг байхгүй юу. Үйлдвэрийн архины үнийг дийлэхгүй байгаа хүмүүс найруулсан архи хэрэглэдэг. Шошго сайтай хийчихээр хүмүүс баяр ёслолоор хэрэглэх гэж их авдаг. Тэр үед үнийг нь өсгөөд л зардаг даа. Хэрэглэгчид байгаа юм чинь “1000-ын архи”-ны бизнес хумигдахгүй ээ” гэж ярьсан. Тэд худгийн түүхий усанд, техникийн зориулалттай спирт найруулаад бохир шилэнд хийж зардаг гэнэ лээ. “Өргөл”, “Заан” зэрэг хуурамч архины шошго, бөглөөг 30-70 төгрөгөөр зардаг аж.

Монголд 27 мянга гаруй архаг архичин байдаг гэсэн судалгаа байна. Тэдний 11 хувь нь эмэгтэйчүүд гэнэ.

“Хархорин” захын ойролцоо “гудамжны” архичид цугладаг. Хэдэн жилийн өмнө тэд “Өвгөнтийн” гэдэг тодотголтой байсан. Эндхийн архичид “32”-ын гүүрний дэргэдэх дулааны шугам бараадаж хоног төөрүүлнэ. Ойртоход л эвгүй үнэр сэнхийх тэд архигүй нэг ч өдрийг өнгөрөөж чадахгүй гэж ярих юм билээ. Тэдэнд найруулсан архи зардаг хүмүүс бий. Ундааны саванд архи найруулаад 300-400 төгрөгөөр зардаг аж. Архичид ямар мөнгөөрөө өдөр бүр архи авч уудаг бол гэдгийг лавлахад эргүүлийн цагдаа Х.Батчулуун “Энэ хавьд гэр орон, хамаатан садангүй 30 гаруй иргэн байдаг. Өглөө оройд ганц нэгээрээ явж байгаа хүмүүсийг дээрэмдэх, малгайг нь булаах зэрэг гэмт хэрэг үйлдэх нь их. Тиймэрхүү аргаар л архины мөнгөө залгуулдаг байх. Эрүүлжүүлээд, шийтгээд гаргахад эргээд л нөгөө амьдралдаа орчихно. Бас энэ хүмүүс автомашины осолд орох, хүйтний улиралд хөлдөж, гэмтэж бэртэх нь их байдаг” гэж ярьсан юм.

Б.Цэцэгдэлгэр