Нийтлэл 

Улаанбаатар архины 46 үйлдвэртэй харин Эрхүүд гуравхан байдаг

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд согтууруулах ундаа үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж 200 хол давжээ. Зөвхөн архины үйлдвэр 114 байдгийн 46 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байна. Гэтэл хүн амынхаа тоогоор ойролцоо Эрхүү мужид ердөө л гуравхан үйлдвэр байдаг аж.

Сонирхолтой харьцуулалт байгаа биз. Дээрх тоо нь хоёр жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад нэлээд тоогоор багасаад байгаа ч үйлдвэрлэж буй архины хэмжээ буураагүй гэнэ. Хамгийн хачирхалтай нь дээрх олон үйлдвэр нь онцгой албан татвар төлөх нөхцөлтэйгөөр тусгай зөвшөөрлөөр үйлдвэрлэл явуулах эрхээ авдаг ч улсын төсөвт бараг л нэмэр болдоггүй юм байна. Өөрөөр хэлбэл татвараас зайлсхийж, тусгай зөвшөөрөл нэрийн доор чанаргүй хямд архи үйлдвэрлэн их хэмжээгээр орлого олж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс “Онцгой албан татварын хууль”-ийн хэрэгжилт сэдвээр дүүргүүдийн татварын хэлтсийн төлөөллүүд болон ХХААЯ, Нийслэлийн захирагчийн албаны мэргэжилтнүүдийг оролцуулсан сургалтыг өчигдөр зохион байгууллаа.

Энэ үеэр архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч болон түүнийг худалдаалан борлуулах цэг хэтэрхий олширсон. Үүнтэй холбоотой гэмт хэргийн тоо өссөн. Цаашдаа үйлдвэрлэгч болон худалдан борлуулах байгууллагуудад зөвшөөрөл нэмж олгохгүй аль болох цөөлөх хэрэгтэй. Ингэхийн тулд үйлдвэрлэгчдийн онцгой албан татвар болон борлуулагч нараас авах татварын хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэв.

Онцгой албан татварын төлөлт болон архины үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор Сүхбаатар дүүргийн улсын байцаагч Ч.Өлзийсайхан нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 46 архины үйлдвэрт судалгаа явуулж үзэхэд дийлэнх нь үйл ажиллагаа явуулаагүй гэсэн тайлан ирүүлсэн байж. Түүнчлэн 2007 оны эхний найман сарын байдлаар дотоодын архи үйлдвэрлэгч компаниудаас төсөвт оруулж байгаа мөнгөний 1.7 хувь нь л дээрх 46 үйлдвэрээс орсон байна.

“АПУ”, “Жем”, “СББ” гэсэн гурван том үйлдвэр нь улсын төсөвт оруулах нийт мөнгөний 71 хувийг төлдөг бол үлдсэн 30 хүрэхгүй хувийг нь улсын хэмжээнд бүртгэлтэй 114 үйлдвэр төлж байна гэсэн үг. Гэтэл 114 үйлдвэрийн 46 нь нийслэлд байна гэж үзэхэд нийт архи үйлдвэрлэгчдийн 40 гаруй хувийг эзэлчихээд 1.7-хон хувийг төлж байгаа нь тийм үйлдвэрүүд оршин тогтнох хэрэг байна уу гэсэн бодолд хүргэв. Тэгээд болоогүй ээ 1.7 хувь буюу 580 гаруй сая төгрөгийн 50 хувийг ганцхан СБД-ийн “MTS” компани оруулсан гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Энэ компаниуд сүүлийн гурван жилд үйл ажиллагаагаа хэрхэн явуулж ирсэн тухайгаа тайланд тусгахдаа ихэнхдээ үйл ажиллагаа явуулдаггүй, явуулсан ч сард дунджаар 100 хүрэхгүй шил архи үйлдвэрлэдэг гэжээ. 100 хүрэхгүй шил архи гэхээр таван авдар архи үйлдвэрлэдэг гэсэн үг. Мөн гурван жилийн туршид таван саяас доогуур онцгой албан татвар төлсөн компаниудын жагсаалтыг харахад БГД-ийн “Хорго цагаан” гэдэг компани хамгийн их буюу гурван жилд 11000 шил архи үйлдвэрлэсэн. Үүнийг гурван жилдээ хуваахаар жилд дунджаар 3500 шил, хоногт аваад үзэхээр өдөрт арван хэдэн шил архи үйлдвэрлэдэг гэсэн тайлан гаргаж татвар төлжээ. Мөн “Сангийн далай сан” компанийн үйлдвэрлэсэн архи БГД-ийн бөөний төвөөр их хэмжээгээр борлуулагддаг нь судалгаагаар тогтоогдсон атал энэ үйлдвэр 8000 шил архи гурван жилийн хугацаанд үйлдвэрлэсэн гэсэн тайлан гаргаж онцгой албан татвар төлсөн байна.

Энэ мэтчилэн архи үйлдвэрлэгч компаниуд онцгой албан татвараас зайлсхийж байгаа учраас ХХААЯ-наас архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгохдоо татвар төлөлтийн байдлыг харгалзан олгох. Одоо мөрдөгдөж байгаа журамд өөрчлөлт оруулж архины үйлдвэрүүдийг төлөвлөгөөтэй болгоё. Төлөвлөгөөгөө биелүүлэхгүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай ярив.

Д.Цогзолмаа