Миний дэлгэризм
Энэ хураангуй бол миний дэлгэризмийн гео хийгээд бусад политикт хамаарна. Мөнхүү эл хураангуй цааш бие биедээ эерэг болоод эсрэг нөлөөтэй резонанс үүсгэн тэлнэ. Тэр дунд нутгийн минь дуун тойрог дулаан өнгө өгч тодотгол болдог. Чухамдаа ээл сүж эгшиг дуу бүр нь эх орны дуулал болж байдаг.
Авч гарсан чулуу минь
Алганд хөлрөөд байх юм аа Ай хө
Нутгаа би санав уу
Нутаг минь намайгаа санав уу
… гэсэн “Нутгийн чулуу” дуу төрийн дууллаас ч дутахгүй түгсэн. Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Зуунай агсны шүлгээс бүтсэн энэ дуу Монголын жинхэнэ мэргэжлийн дуучдыг эрдүү авьяасаараа хаанчилж байсан Ганбат эрхмийн хоолойн царааг сорьсон юм. А.Дашпэлжээ гавьяатын чансааг ч бас шалгасан. Миний нутгийн сүлд дуу ийм цараатай.
“Үүл нүүж цахилгаан бадарсан тал” гэж эхэлдэг “Түүхт хил” дууны үг нутгийн ууган зохиолч, Чойбалсангийн шагналт Зу.Пунцаг агсных. Тэрбээр их Л.Мөрдоржоор хөгжмийг нь зохиолгожээ. Хэзээнээс алдартай энэ дуу, хэн ч маргашгүй Дэлгэрийн дуу. “Үер бууж сүрийг үзүүлсэн газар” гэж үргэлжлэх нь Үертийн амнаасаа доош цэлийх тэнүүн талаа хэлсэн хэрэг. Он цагийн уртад орон даяар алдаршсан дуу даа. Үүн лүгээ адил тэртээ гучаад жилийн өмнө эвлэлийн гишүүн Н.Нагаанбуу гэдэг залуугийн шүлгэнд сумын клубийн эрхлэгч Т.Чулуунсүх ая зохиосон нь “Төрсөн нутгийн уянга” гэдэг дуу бөлгөө.
Өдгөөгийн олны таашаагч дуучин С.Жавхлангийн нэг СD нь түүгээр эхэлдэг юм билээ. “Нууран дээрээ үүлэн хээ наадаад” гэсхийж эхлэн дундаа “Сайхнаа сайхнаа төрсөн нутгийн уянга мину зээ” гэсэн дахилттай энэ дууг FM-ээр эгшиглэхийг бишгүй л сонсоо биз та. За тэгээд яруу найрагч Х.Чилаажавын шүлгээр бүтсэн “Эх орон” дууг гавьяат жүжигчин Б.Дамчаа болон “Хурд”-ынхан олонд хүргэсэн гэдгийг бүгд мэднэ дээ. “Хөлгүй цэнхэр нуур” киноны дууг С.Жавхлан дуулсан гэхээсээ илүү уг дуу нь Жавхланг нэг хэсэгтээ өргөж өгсөн гэхэд ч болох юм. Үгийг нь Магваны Эрдэнэбат маань зохиосон. Тэр киноны язгуур нь болсон “Хөлгүй цэнхэр нуур” өгүүллэгийн нэг гол баатар нь Тайгам нуур минь юм. Эрдэнэбат дүү ийнхүү өгүүллэг, дуу хоёртоо ижий нуураа эрхэмлэж чадав. Энд эртний нэг яриагаар бол “Эрдэнэ засгийн унага” нь манай хошууны, манай отгийн дуу юм гэсэн. Холд Ховог сайр руу одох гэж байсан хүний гаргасан дуу гэсэн нэг хувилбар бий. Мөн анх Тарлан хайрхныг тахихад дуулж дэлгэрүүлсэн юм билээ гэсэн хууч байдаг. За ямар ч байсан “Эрдэнэ засгийн унага”-ыг л их дуулцгаадаг юм. Алдарт “Тунгалаг тамир” кинон дээр Цахиур Төмөр “Тэр харагдаж байгааг Тарлан хайрхан гэдэг юм. Манай нутаг ч …” гэсхийн дүнхгэр уулсын минь сондгой нэгийг нь зааж байдаг. Тэр уултай холбоотой дуу цөөнгүй ээ.
Цагтаа Жа лам буюу Дамбийжанцанд зориулан “Сэргэлэнтэй өндөр” дууг манай нутгийнхан зохиосон юм. Арга эвийг нь олох, аюулд нь өртөхгүй гэсэндээ тэр юм даа гэж өвгөдийн зарим нь өгүүлж байсан нь санаанд бүдэг бадаг байна. Ингээд их яривал эрвээхэй цэцгэнд төөрөх шиг элдэв шүлэг, аялгуунд төөрч мэднэ. Төөрсөн ч бас таатай байж болох. “Цэцгэнд төөрсөн эрвээхэй” дуу чинь манай сумын Н.Пүрэв гэдэг хүүгийн бүтээл шүү дээ.
Дан л дуунаас бүтдэг нутаг гэж хаана байх вэ. Ядаж шороо чулуунаас бүтнэ биз дээ. Өнөөгийнхөнд ховор наймааны нэг нь үхрийн гиван болоод байгаа. Тэгвэл шороон гиван ч хэрэглэдэг гэж сударт тэмдэглэсэн нь бий гэдэг. Тэрхүү шороон гиван нь манай нутагт чамлахааргүй буй. Алтатын хуруу, Есөн өнгөт, Явуу толгой … гээд эрдэнэстэй газраа энд тоочих уу яах вэ.
Үнэт металлын эх орд баялаг юугаа нарийн тоочвол үнэн тэнэг металл толгойтон гэж захын нэг нь загнаж ч мэднэ. Манай сумынхан хэрсүү. Ямар ч байсан явуулын хүнд зааж өгдөггүй Явуу толгой гэж жаахан хүүхэд нь ч хаширлана. Бардаж нэрлэхэд Баян-Өндөр, Баянбуурал, Баянсан, Баянхонгор, Гуулин гэсэн нэгж багуудтай. Нэрэнд их юм нуугддаг гэдэг биз дээ. Алттай гэх Алтайн нэг бүл нутаг юм чинь үнэхээр хоосонгүй шүү. Баянхонгор аймгийн нутагт хэд хичнээн нинжа байгаа билээ. Түүн шиг Баян олонтой, бас Гуулин гэж шаргал өнгөөр нэрлэсэн нутаг руу маань металл илрүүлэгч барьсан гайхлууд нүүдэллээд хүрчихвэл хэцүү юм болно. Алтайн Дэлгэртээ аль эртний Аляскийн зовлонг амсуулахгүй юмсан. Энэ миний эх нутаг ч үзлийн хэлтэрхий юм.
Эрдэнэсээс гадна эрдэм ихтэй нутаг аа. Тоо бодсоор байгаад төрийн соёрхол хүртсэн хүн Монголд элбэг бил үү. Тэр ховор хүний нэг нь төрийн соёрхолт, доктор, профессор Д.Содномдорж юм. Хөдөө сум, аймгийнхаа дунд сургуульд багшилж байхдаа физикийн багш нарын улсын олимпиадад тогтмол оролцон олон жил түрүүлж алт хүртэн / 6-7 удаа/ мөн цөөнгүй “үзүүрлэн” мөнгөн медаль авсан, бөхөөр бол дархан аварга физикч Монголд хэд вэ? Хэд ч байсан Р.Бавуудорж багштай эн зэрэгцэх нь үгүй биз. Тэрбээр одоо нийслэлд “Шинэ Монгол” ахлах сургуульд багшилж байгаа. Өнгөрдөг зун гавьяат багш болсон. Одоо сумын сургуулийн захирлаар ажиллаж байгаа Б.Баатардагва гэхэд хоёрхон жилийн өмнө докторын зэрэг хамгаалсан. Хөдөө сумын сургуульдаа ажиллаад доктор болсон нь бас улсын хэмжээнд цөөн шүү дээ. Энэ гурван хүн гэхэд нэгэн цагт сумынхаа сургуулийн нэг ангид сурч байсан ангижавууд юм. Эрдэм хийгээд боловсролын талаар энгийн ийм жишээ элбэг дээ.
Манай сумаас төрж гарсан эрдэмтдийн олонхи нь техникийн, байгалийн, анагаахын, эдийн засгийн шинжлэх ухааныхан байдаг. Энэ нь эрдэмтдийн чанар чансааг харуулж байгаа хэрэг биш үү. Б.Доржсүрэн, Л.Дэлгэрбат, Л.Батмөнх, Г.Зуунай, Д.Цэрэнбал, Г.Оросоо, Я.Юндэн, Г.Янсанжав, Я.Зэнээмэдэр… гэсэн нэрсийг сонссон чиглэл салбарынхан нь андахгүй.
Тоо, эрдэм гэснээр томъёоноос бүрдсэн сум нутаг лав болчихгүй. Гэхдээ гэнэн гэмээр томъёо байж болох талтай.
А+Х+А+А+
Ш+Э+Т+З+З+Ш+Е+Ё=
3А+Х+Э+Т+2З+2Ш+Е+Ё энгийн энэ бүдүүвчээс бусад нь нарийн нууцаараа үлдэг дээ.
Ажилсаг, хүнлэг,ажигч, адармаатай, шатарч, эсэргүү, тэсвэртэй, зальжин, зөнч / байж магадгүй/, шооч, ерөөлч, ёсорхог тийм зон олон тэнгэрийн хээлэн дэх тэр л нутагтаа дээдсээс өглөг горьдолгүй бардамхан суудаг юм.
Нийслэлээс мянга шахам километрийн тэртээд суух манайхан чинь шатар тоглох нь их ээ. Энэ цагийн их шатарчдын нэг Шаравдоржийн аав чинь Дэлгэрийн шар Дашзэвэг л дээ.1970-аад оны эхэн дунд үед анагаахын хоёр Оросоо гэж алдаршиж байсан шатарчид бол мөн нутаг нугын минь хүмүүс. Тэр үед АУДС-ийн оюутан байсан Г. Оросоо, Х.Оросоо нар юм. Хожим Алтайн аравдугаар ангийн сурагч охин Ц.Гаравсүрэн аварга боллоо гэж шуугиулсан нь бас манай сумынх.
Эсэргүү гэмээнэ эсэргүү олон. Энэ нь эргүү гэсэн үг биш шүү. Маршал Х.Чойбалсанг нас барсан тухай мэдээ түгэх үед Жангаа Балжинням “Маршал маань Оросын гургалдайнд хахаж үхсэн байх“ гэж хэлээд улс төрийн хэргээр есөн жилийн ял эдэлж, Ерөөд мод хийсэн байдаг юм. Үнэндээ их Оросын үзэл суртлын хиаманд “хахсан ч” юм бил үү.
Бүр сүүлд нь 1976 оны хавар тэр өвгөн халамцуу “Цэдэнбалын төр 20 жилийн дараа сөнөнө. Пад пад“ гэж хашгираад шар Дунилыг сугадчихсан явсан сан. Тэр нь 1996 оны зун “АХЭ” сонгуульд ялсан өглөө нүдэнд харагдах шиг болж билээ. Дэлхийд ганцхан Дэлгэрийн минь адармаа бас энэ.
Амаргүй цаг агаартай Алтайдаа ажилсаг нь дэндсэн адармаатай хүмүүс маань мөн ч тэсвэртэй шүү. Тэрнээс гадна зальжаан зальжин. Үгүй гэхийн аргагүй зальжин, үүнийг нь гүйлгээ ухаан гэнэ биз дээ. Бас зөнч байж мэднэ. Монголын анхны Ерөнхийлөгч болон удаахь нь Завханых . Харин П.Очирбат, Н.Багабанди хоёрын үзмэрч нь манай Дэлгэрийн Ч.Дашцэрэн, У.Бадарч хоёр гэсэн яриа гараад удаж байна. Шооч гэвэл Алтайнхан тэр аяараа шооч. Ялангуяа Дэлгэрийнхэн маань дэндүү байж мэднэ.Тэр дундаас чинь шог зураач Ц.Жандал мэтийнх нь төрөлгүй яах вэ.
Ерөөлийн олон цагаан үг сэтгэлийг минь угждаг түүний ангир уураг нь Дэлгэр гэх дэлгээ үг юм. Тийм болохоор ард зон нь ерөөлч байлгүй яах вэ. Ерөөлийн сайхнаар бүх юм бүтнэ. Бодитыг бүтээхэд бодит бусаар бодож төсөөл гэдэг үүднээс дэлгэризмийн энэхэн хэсгээ өндөрлөе.
Дэлхийн өөдөс Дэлгэр. Дэлгэрийн ихэсгэл хувилбар дэлхий.
Б.Цогзаяабаатар

