Улс төр, Нийгэм 

Г.Энхтүвшин: Бид хуулиа л мөрдөж байгаа

- Хувийн хэвшлийнхний цалин хөлсөд төр оролцдоггүй. Үйлдвэрчний эвлэлээс хөдөлмөрчин хүний эрх ашгийг хамгаалахын төлөө цалинг өсгөх шаардлагыг байнга тавьдаг. С.Дэмбэрэл дарга сая манай улс социалист нийгэм рүүгээ эргэж орж байна гэж хэллээ. Тийм юм үнэхээр байхгүй ээ. Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон нь хуулиа л мөрдөж байгаа. Иргэд үнэн бодит мэдээлэл авах ёстой. Монгол Улсад үнийн бодлого байна. Цалингийн бодлого ч байна. НХХЯ бол нийгэм талдаа ямар хүндрэлтэй асуудал байна, төр хэрхэн оролцох юм бэ гэдэгт л бодлого хэрэгжүүлдэг.

Бид өнөөдөр социализмын үеийн цалингийн бодлогоор яваагүй шүү Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 мянган төгрөгөөр тогтоолоо гээд хувийн хэвшлийнхэн ч гэсэн тэгж их сүйд болоод байгаа хэрэг биш. Тэрчлэн бид нийгмийн хамгааллын чиглэлийн асуудлыг нэлээд идэвхтэй авч хэлэлцэж байгаа шүү дээ. Ажилтай ч бай, ажилгүй ч бай гэр бүлд бид нэг сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлж байна. Тухайлбал, шинэ гэр бүл болсны 500 мянга, шинэ төрсөн хүүхдийн 100 мянга, таван сартай жирэмснээс 12 сарын турш олгож байгаа 240 мянга, хүүхэд бүрт олгож байгаа 3000 зэрэг мөнгөн тусламж үзүүлж байна. Энэ мэтээр харахад ямар ч иргэнд нэг сая төгрөг очиж байгаа л байхгүй юу. Цалинг нэмэхгүй л бол болохгүй нь ээ гэдгийг төр хараад эдгээр асуудлыг шийдвэрлэж байна.