Европ 

Украйны байдал ээдрээтэй хэвээр байна

Украйнд өнгөрсөн ням гаригт болсон парламентын сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байна. Уржигдар тус улсын Ерөнхийлөгч В.Ющенко хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хандан мэдэгдэл хийлээ. Ерөнхийлөгч 13 цаг хагаст мэдэгдэл хийх ёстой байсан боловч дөрвөн удаа цагаа хойшлуулжээ. В.Ющенко хэлэхдээ ээлжит бус сонгуулиар хамгийн олон санал авч парламентад суудалтай болсон улс төрийн хүчнүүдэд (“Юлия Тимошенко” эвсэл, “Манай Украйн” болон бусад намууд) эвсэл байгуулах асуудлаар даруйхан хэлэлцээ хийж эхлэхийг үүрэг болгосон байна. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Бүс нутгийн нам, Ю.Тимошенко эвсэл, “Манай Украйн” намууд нь 80 хувийн санал авчихаад байгаа юм. Тиймээс ч эдгээр гурван улс төрийн хүчин илүү их хариуцлага хүлээнэ гэв. Эвсэл байгуулахаар хэлэлцээ хийхдээ өөрсдийнхөө бус үндэсний ашиг сонирхлоо эрхэмлэхийг уриалав. Түүнээс гадна шинэ парламент нь 2008 онд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахад анхаарлаа хандуулан ажиллах нь зүйтэй хэмээн онцлон дурдав. Украйны Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахгүйгээр улс төрийн байдлыг тогтвортой байлгах аргагүй аж. Мэдэгдэл хийснийхээ дараа Украйны Ерөнхийлөгч В.Ющенко Германд албан ёсны айлчлал хийхээр явжээ. Энэ мэдэгдэл нь парламентад суудал авсан улс төрийн хүчнүүдийг төөрөгдөлд оруулсан байна. Учир нь үүнээс нэг хоногийн өмнө авсан саналынхаа тоогоор хоёрдугаарт орсон “Юлия Тимошенко” эвслийн тэргүүн мэдэгдэл хийхдээ “Манай Украйн” намтай хамтран улбар шар эвсэл байгуулах талаар Ерөнхийлөгч В.Ющенкотой ярилцаж тохиролцсон хэмээн мэдэгдсэн юм.

В.Ющенког Берлинд ирсний дараа энэ талаар тодруулахад сөрөг хүчин болох “Бүс нутгийн нам” боломж олгож Засгийн газар болон парламентын хариуцлагатай албанд тус улс төрийн энэ хүчний гишүүдийг томилох ёстой гэв. Ардчилсан эвсэл байгуулахад хангалттай санал авсан боловч энэ нь улс орны тогтвортой байдлыг хангаж чадахгүй хэмээн Украйны Ерөнхийлөгч дурдсан байна. Тус улсын Ерөнхий сайд, Бүс нутаг намын тэргүүн В.Янукович ч Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж буйгаа илэрхийлсэн мэдэгдэл хийв. Гэтэл Юлия Тимошенко Бүс нутгийн намтай хамтран ажиллах ямар ч боломжгүй гэдгээ нэг бус удаа мэдэгдсэн билээ.

Харин тус улсын улс төр судлаачид улс төрийн хувьд нэлээд өргөн хүрээг хамарсан эвсэл байгуулах боломжгүй хэмээн үзэж байгаа юм. Юлия Тимошенкогийн тэргүүлдэг улс төрийн хүчинтэй нэгдэж эвсэл байгуулахыг Украйны Ерөнхийлөгч хүсэхгүй байгаа аж. Энэ нь улс төрийн өргөн хүрээг хамарсан эвсэл байгуулахыг эрмэлзэж байгаагийн нэг илэрхийлэл юм.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр Сонгуулийн төв комисс нийт саналын хуудасны 99 хувийг нь тоолчихоод байгаа юм. Урьдчилсан дүнгээр Бүс нутгийн нам 34.33 хувь, “Юлия Тимошенко” эвсэл 30.74 хувь, “Манай Украйн” нам 14.17, Коммунист нам 5.38 хувийн санал тус тус авсан байна. Сонгуулийн 188 дугаар тойргийн саналын дүнг Сонгуулийн төв комисс хараахан аваагүй байгаа ажээ.

Ю.Дэлгэрмаа