Г.Тэрбиш: Миний анхны дуу Хятадын хилийн цэргийн шилдэг дуу болсон
- Таны анхны уран бүтээл ямар дуу байв?
- Армийн шилдэг яруу найрагчийн нэг П.Лувсангийн шүлэг “Сайн байна уу, ээж ээ” дууг 1967 онд зохиосон. Лувсан гуай өөрөө “Цэргийн вальс”-ыг зохиосон хөгжмийн зохиогч хүн байлаа. Миний энэ анхны уран бүтээлийг БНАСАУ-ын ардын жүжигчин Ким Ок Сон, ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Черемник, Хятадын цэргийн чуулгын дуучин бүсгүй гээд хэд хэдэн орны дуучин дуулсан байдаг. Гурван оронд дуулагдахаар олон улсын дуу болдог юм гэсэн. Миний энэ дуу тэр шалгуурыг давсан уран бүтээл. Бүр Хятадын хилийн цэргийн шилдэг дуу болсон гэж байгаа.
- Яахаараа монгол хүний зохиосон дуу Хятадын хилийн цэргийн дуу болдог билээ?
- Хятадууд “Ни хо хо ма ма” гээд миний аяар сүрхий дуулдаг юм билээ. Радиогоор нэвтрэхэд нь хуулж аваад хятад шүлэг зохиочихгүй юу. Хятадын Шинжаанд монголоор ярьдаг хүн олон шүү дээ. Тэд л мэдээж цааш нь хөрвүүлсэн хэрэг. Миний найз, нэрт алиалагч Т.Латиф далаад оны сүүлээр Шинжаанд байдаг хамаатнуудтайгаа уулзаад ирэхдээ “чиний дууг манай тэнд дуулж байна. Манай найзын дуу гэсэн чинь хятад дуу гээд гүрийгээд байна” гэсээр бөөн уур ирсэн юм даг.
- Та зохиогчийн эрхийн хууль яриад яваад очихгүй яасан юм бэ?
- Оюуны өмч гэдэг утгаараа уг нь явж очоод зарга хиймээр л санагддаг юм. Даанч ахад нь тэгж явах унаа тэрэг ч, зав зай ч алга.
- Сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна?
- “Авзага трейд” компанийн ойд зориулж яруу найрагч Н.Даваадашийн шүлгээр “Азын тэнгэртэй заяа” дуу хийлээ. Сонгино дахь их буу, пуужинт артиллерийн 120-р ангийн 40 жилийн ойд “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Чимэддоржийн “Их буу-дайны бурхад” гэсэн сайхан дуу зохиосон. Их буугүйгээр дайн гээч юм төсөөлөгддөггүй юм байна л даа.
“Дайны бурхад их буу зэвсгийн сор оо
Дайчин буурлуудын халаа их буучид цэргийн сүр ээ” гэсэн үгтэй.
- Дэлхий даяар энхтайван, сайн сайхан амьдралыг мөрөөдөж байхад та хоёрын дуу дэмий зүйл болсон юм биш үү?
- Монгол эх оронд минь хэзээ ч, ямар ч муу юм тохиолдлоо гэсэн цэрэг зэвсэг маань бэлхэн байх ёстой. Муу ёр зөгнөж байгаа юм биш. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс “Ираныг бөмбөгдөх хэрэгтэй” гэж мэдэгдээд байсан. Иран, Ирак гэдэг улс чинь тэгж ярих юм бол газрын тос гэдэг бөөн гал дээр сууж байдаг улс юм биш үү. Бидний энэ дууг цэргийн жагсаалын дуу болгоё гээд чуулгынхан нэхээд байгаа.
- За тийм байж, хоёулаа өөр сэдвээр ярилцвал ямар вэ?
- Хүүхдийн сэдвээр нэлээд уран бүтээл хийлээ. Захиалгын дуунд дарагдаж байна. Зарим баячууд гурав дөрвөн өрөө байр өгнө гэж амлан дуу хийлгээд “хулхиднаа”. Дуугаа үнэлж, хүнд үнэ хэлэхээс үхтлээ ичнэ. Социализмын үеийн нэрэлхүү зан гай болоод байх юм.
- Дуу тийм өндөр ханштай байдаг юм уу?
- Би бол 500 мянгаар л хийдэг. Хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг сонинд ярилцлага өгөхдөө “нэг сая таван зуун мянгаар дуу зохиодог, тэр нь миний жилийн орлого болдог” гэсэн байна лээ.
- Хүмүүс ямар дуу их захиалж байна?
- Ус мөрөн, нутаг, хайрын сэдвээр зохиолгох сонирхолтой. “Хулхидах” хүмүүст дуу зохиож өгдөггүй. Ямар гар нь загатнасан улс байгаа биш дэмий юм зохиохын хэрэг алга. Шүүгээнд хэвтэх тийм дуу бол дэмий. Нас барсны дараа хэн нэг нь нэрээ тавиад хэн нэгнээр дуулуулчихна шүү дээ. Хайран оюуны гарз болно биз дээ. Хөгжмийн ухаан гэдэг чинь бурхнаас заяадаг зүйл. Түүнээс биш хөгжмийн онол мэддэг багш бол захаас аван л байгаа. Яруу найрагч, хөгжмийн зохиогч, удирдаач гэдэг чинь цаанаасаа заяамал “амьтад”.
- Захиалгаар уран бүтээл хийхээр авьяас мөхөхгүй юу?
- Нэрээ бодож тавьтартайхан юм хийхгүй бол хэцүү, хэцүү. Харин би азаар сайн яруу найрагчидтай уран бүтээлийн ганзага нийлж явлаа. Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэн, Ш.Сүрэнжав, П.Бадарч нартай шүү. Говь-Алтай аймгийн яруу найрагч Дагшинжавын Лхагвасүрэнгийн шүлгээр “Эрээн нуур” дууг 1978 онд зохиосон. Өөртэй чинь уулзахаас өмнө Д.Лхагвасүрэн ахынхаа “Аз жаргалын элч ирж явна” шүлгэнд аялгуу зохиосноо ардын жүжигчин Мөнхшүрт өгөөд ирлээ. Энэ шүлэг миний ширээнд бүтэн жил хэвтсэн л дээ. 40 хэдэн такттай, бүтэн гурван дууны материал орсон дуу. Нийтэд дуулагдах болов уу даа.
- Уран бүтээлийн ганзага арвин л байгаа юм байна даа?
- Сониноос саяхан Хөвсгөл нутгийнхан миний “Дэлгэр мөрөн”, “Дэлгэр мөрний хавар”, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадоржийн шүлэг “Ээж л, аав л хоёр минь”, “Эрхэл нуур”, “Цагаан чулуутын овоо”, Ш.Сүрэнжавын шүлэг “Хаданд мөнхөлсөн ээжий”, “Далайн вальс” зэрэг дуу үнэлж “Хөвсгөлийн бахархал” медалиараа шагнасан. Үүнд урамшиж Ч.Дагвадоржийн шүлгээр “Тольтот Бүрэн хаан” дуу зохиосноо УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянгад дуулуулахаар өгсөн.
- “Хаданд мөнхөлсөн ээжий” гэдэг чинь ямар учиртай юм бэ?
- Яруу найрагч Ч.Дагвадорж гуай ээжийгээ бурхан болоход дүрийг нь нутгийнхаа уулын хадан дээр сийлүүлсэнийг ардын уран зохиолч Ш.Сүрэнжав бид хараад үнэхээр биширсэн юм.
- СУИС төгссөн, төгсөөгүй нялх одод тайлан тоглолт гээд л нэг “халтуур” хийцгээх юм. Таныг тайлангаа тавихад олон түмэн тэгтлээ гайхахгүй байх?
- Ирэх намраас тайлан тоглолтоо хийхсэн гэж бодож байна. Миний дуунуудыг дуулдаг гавьяат жүжигчин Г.Жанчив маань бурхан болсон. Д.Дорждэрэм маань арваад хоногийн өмнө явчихлаа. Жанчив бид хоёр олон уран бүтээл хамтарч хийсэн, ансамбльд 1969 онд хамт орж ирсэн онжавууд байлаа.
- Гарын шавь чинь гэхээр хүн байна уу?
- Загаржав гээд наймдугаар ангийн нэг дуучин хүү бий. Басс хоолойн октавист.
- Та ер нь ямар сургууль төгссөн хүн билээ?
- Мэргэжлийн ямар ч сургууль төгсөөгүй. Жаргаланд дөрөв, Алтайд тавдугаар анги төгсөөд хотод ирж хөгжмийн сургуульд орох гэсэн чинь нэг их зантай авгай төгөлдөр хуурын орос нэр мэдэхгүй байна гээд хасаад хаясан. Ингээд хөгжмийг Орос, Болгар, Германы сурах бичгээр сурсан хүн дээ.
- Орчин үеийн од гэгдээд буй зохиолын дуучдын талаар танаас асуухгүй өнгөрвөл алдас болох байх?
- Одооны нийтийн дууныхан хоорондоо цус ойртсон мэт улс даа. Яагаад гэвэл хөгжмийн зохиогчид нь ардын дуу, айзам болон бэсрэг уртын дуу, урд үеийн ахмад зохиолчдынхоо бүтээлийг нарийн судлаагүйгээс болж ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон нандин тансаг аялгууг өөрийн тархинд харван орж ирсэн онгод хэмээн эндүүрсэн хулгайчид. Бас нэг гай нь дуулаачдыг дагаж хөгжимдөж үзээгүй энэ дээд боловсролтнууд өөрсдийнхөө хөөрхийлөлтэйг мэдэлгүй томордог нь даанч ичгэвтэр.
- Та одоо ямаршуухан аж төрж байна даа?
- Авгай, хоёр хүүхдийнхээ хамт сайхан л амьдарч байна. Хүүхдүүд их сургуулийн оюутнууд. 1995 онд цэргийн чуулгаас тэтгэвэрт гарч чөлөөт уран бүтээлч болсноос хойш чөлөө завгүй л хүн болж хувирсан.
Л.Батцэнгэл


Тантай адил сэтгэх хун энэ дэлхий дээр байж болно биздээ. Дэлхийн хун амийн 4-ний 1 тэр бум гаруй хунтэйүлс л манайхаас дууг ни авч байна гэнэ дээ.Тэгж ярих юм бол манайханий задгай тсагаан уул гэдэг дууни ая бол Япон тэргийн маршийн аятай яг адилхан гэдэг юм билээ. Бас япон манай аягийг авчихсан хэрэг уу?Мон Бидний бага байхад ..алс холийн тэр нэг газарт нэг гоэ хуухэн байжээ гээд л дуулдаг байсан.Бид монгол л дуу гэж бодож байтал тэр ни хятадийн хогжмийн нэрт зохиолчийн ая байснийг 90-ээд оний дундуур би бээр хятадийн нэвтрүүлэгээр явж байснийг харсан.Тэр захиалчийн 150 насний ойн тухай маш том нэвтрүүлэг явж байсан. Ингээд бодохоор хаанаасаа хаашаа орснийг хэн нотлох билээ дээ