БНАСАУ цөмийн хөтөлбөрөө зогсоох болсноо мэдэгдэв
Оросын Хабаровск дахь “Далькомбанк” БНАСАУ-ын Гадаад худалдааны банкинд тус улсын мэдлийн 25 сая ам.долларыг шилжүүлжээ.
Тус банкны интернэт дэх вэб хуудсанд бичсэнээр ийнхүү Пхеньян руу мөнгө шилжүүлэх асуудлыг бүрмөсөн шийдсэн гэнэ. Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатарт хүрэлцэн ирсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын зөвлөх Кристофер Хилл Пхеньянд очиж хэлэлцээ хийсэн бөгөөд сэтгэл хангалуун байгаа гэдгээ нэг бус удаа мэдэгдсэн юм. Өнөөдөр Пхеньян хотноо Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчид ирэх юм байна.
Оросын “Далькомбанк”-ны албан ёсны төлөөлөгчдийн мэдэгдсэнээр ийнхүү мөнгийг шилжүүлснээр БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудал шийдэгдэж Солонгосын хойгийн байдал хэвийн болно хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ. Тус улсын мэдлийн 25 сая ам.долларыг шилжүүлэх асуудлаар АНУ-ын Засгийн газар ОХУ-ын Сангийн яаманд албан ёсоор хандаж хэлэлцээ хийсний үндсэн дээр гүйцэтгэсэн юм.
Макаогийн “Delta Asia” банкин дахь БНАСАУ-ын Засгийн газрын дансыг 2005 оны арванхоёрдугаар сард хаасан аж. Америкийн эрх баригчдын мэдээлснээр Пхеньян дахь эрх баригчид хуурамч ам.доллар гаргаж, хууль бус наймаанд ашиглана хэмээн үзээд дансыг нь хаасан байна. Үүний хариуд тус улсын эрх баригчид зургаан талт хэлэлцээрт оролцохгүй хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ.
Үүний дараахан буюу 2006 оны аравдугаар сард Пхеньян дахь эрх баригчид цөмийн туршилт явуулсан тул НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл тус улсын эсрэг хориг тавьсан юм. Энэ оны эхээр зургаан талт хэлэлцээ дахин сэргэж БНАСАУ ч цөмийн хөтөлбөрөөсөө татгалзсаны хариуд эдийн засгийн тусламж үзүүлж АНУ, Япон харилцаагаа хэвийн болгох шаардлага тавьжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14 гэхэд цөмийн объектоо хааж, үүний хариуд АНУ Макао дахь мөнгийг нь шилжүүлнэ хэмээн тохиролцсон байна. Гэвч гадаадын банкууд энэ мөнгийг хүлээн авахгүй гэсэн тул АНУ-ын эрх баригчид 25 сая ам.долларыг нь Оросын Төв банкаар дамжуулан шилжүүлсэн байна.
Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн орлогч дарга Олли Хейнонен хэдхэн хоногийн өмнө мэдэгдэл хийхдээ тус байгууллагын шинжээчид Йобен дахь шинжлэх ухаан судалгааны төвийн цөмийн объектын ажилтай танилцаж чадна гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн БНАСАУ-д ажиллах шинжээчдийн багийг ахлан ажиллах юм. Хамгийн сүүлд авсан мэдээллээр БНАСАУ мөнгөө хүлээж авсан даруйдаа цөмийн хөтөлбөрөө зогсоох болсон тухайгаа албан ёсоор мэдэгдлээ.
Ю.Дэлгэрмаа

