Төр, засаг 

Алдарт эхчүүд Ерөнхийлөгчөөс одон гардлаа

Эх үрсийн баярын өдөр олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн алдарт эхчүүдийн төлөөллийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” одонгоор шагналаа.

“Алдарт эх” нэгдүгээр одонг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20-р хорооны иргэн Надмидын Тунгалаг, Баянзүрх дүүргийн 8-р хорооны иргэн Хашхүүгийн Эрдэнэчимэг, Сүхбаатар дүүргийн 14-р хорооны иргэн Лхамсүрэнгийн Бямбасүрэн, Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны иргэн Маамуугийн Бямбаа нарт олгов.

“Алдарт эх” хоёрдугаар одонг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 9-р хорооны иргэн Чүлтэмийн Алтантуяа, Баянзүрх дүүргийн 9-р хорооны иргэн Хасбазарын Насанжаргал, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны иргэн Чойжилын Шинэсайхан, Сүхбаатар дүүргийн 3-р хорооны иргэн Вашкагийн Мягмарсүрэн, Хан-Уул дүүргийн 5-р хорооны иргэн Цэрэнгийн Болормаа, Чингэлтэй дүүргийн 18-р хорооны иргэн Магнайн Дунгармаа нарт хүртээлээ.

Одон гардуулсаны дараа Монгол Улсын Төрийн тэргүүн Н.Энхбаяр шинэхэн “Алдарт эх”-чүүдэд хүүхдүүдээ мэдлэг, чадвартай, гэр бүлдээ халамжтай, улс орондоо ихийг бүтээх сайн хүмүүс болгож өсгөн хүмүүжүүлэхийг захиад “Эх, үрсийн баяр”-ын мэнд дэвшүүлэв.

Наймаас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Алдарт эх”-ийн нэгдүгээр одон, таваас найман хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог бөгөөд энэ жил улсын хэмжээнд “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгоор 378, хоёрдугаар одонгоор 1945 эх шагнагдаад байна.