Мацаг барих биед ашигтай
- Мацаг барих биед ашигтай юу. Долоо хоногт нэг удаа мацаг барих сайн гэдэг?
- Мацаг барих их ашигтай. Ялангуяа тогтмол нэг хоног мацаг барих нь зүгээр. Мацаг барих янз янзын л арга байдаг. Нэг өдөр хоол идэхгүй, зөвхөн юм уугаад явах, эсвэл махан хоол идэхгүйгээр хөнгөн зууш, жимс ногоо идэж, тараг уугаад явдаг хагас мацаг байхад хуурай мацаг гэж бас бий. Хоол ч идэхгүй, ус ч уухгүй явна гэсэн үг. Мөн нартай үед юм идэхгүй, орой, өглөөдөө жаахан юм иддэг хүмүүс ч бий.
Аль аль нь хүний биед ашигтай. Яагаад гэвэл, шархадсан буга, чоно, ер нь амьтад хоол идэхээ больчихдог тухай үлгэр домогт ч гардаг, анчид ч ярьдаг. Шархадсан чоно бага зэрэг өвс идэж, ус уудаг, харин буга рашаан бараадаад хэвтчихдэг. Хүн ч гэсэн ханиад томуу хүрэх, өвдөхдөө хоол идэх дургүй болоод өлсөөд эхэлдэг. Ингэснээр хүн, амьтны бие организм хамаагүй хөнгөрдөг. Яг нарийн хэлбэл хүн өөрийнхөө өвчтэй, хэрэггүй эд эсийг задалж хэрэглээд идэж эхэлдэг. Мацаг барих үед яг ийм механизм болдог. Биед байгаа илүүдэл эд эсээ энерги болгон хэрэглэж эхэлдэг. Дараа нь магадгүй өвчтэй, өөрчлөлттэй байгаа эд эсүүдээ идэж хэрэглэнэ.
Түүнээс гадна, хүний биед дайчлах чадварууд гэж бий. Тэр чадваруудаа дасгалжуулж эхэлнэ. Шооконд орсон, хагалгаанд орсны дараахь үед хүний бие өөр дэглэмээр "ажилладаг". Цэргийн онц байдал зарласан гэдэг шиг. Өөрийн чадавхийг нэмэгдүүлж ажилладаг. Тийм л дэглэм рүү орно. Тиймээс хэрэв мацаг барьж сурсан бол энэ хугацаагаа уртасган, жилдээ нэг хоёр удаа бүр хагас сарын хугацаатай болговол хүний биед үнэхээр ашигтай. Хэрэггүй өвчтэй илүүдэл эсүүдийг устгаад ирэхээр бие хөнгөрч, ухаан санаа саруулсаад үр дүнгээ өгнө. Тийм учраас Дорнын бүх анагаах ухааны сургууль, тэр байтугай гүн ухааны сургууль хүртэл оюутнуудаа мацаг заавал бариулдаг байсан. Монголчууд ч эрт дээр үед бага үд хүртэл юм иддэггүй байснаар толгой нь сэргэлэн байдаг байсан гэдэг. Тэгэхээр ялангуяа ном сурч байгаа хүмүүст энэ нь хэрэгтэй.
- Панангин гэдэг эмийг зүрхний ямар өвчинд уудаг вэ. 40-өөс дээш насны эмэгтэйчүүд энэ эмийг 2-3 ширхгийг уувал сайн гэж үнэн үү?
- Панангин нь үндсэндээ кали агуулсан эм. Гол эмчилгээ нь энэ. Тэгэхээр энэ эмийг хаван хөөх эм уусны улмаас цусанд калийн хэмжээ багассан үед уух ёстой. Хоёрдугаарт, зүрхний тодорхой хэм алдалтын үед богино хугацаагаар ууж болдог. Түүнээс биш 40-өөс дээш насны хүн удаан хугацаагаар ууж болохгүй. Тэгвэл цусанд кали ихэснэ. Түүнээс болж зүрхний хэм алдагдах, цохилт нь удаашрах, магадгүй бүр зүрх зогсох хүртэл аюултай. Гайгүй байлаа гэхэд, бөөрөнд чулуу үүсэх, мэдрэл цочромтгой болох гэх мэт муу нөлөөтэй. Тийм учраас өөр тохиолдолд ууж болохгүй.
- Ходоод, элэг, цөс, бүдүүн гэдсийг яаж цэвэрлэдэг вэ?
- Нарийн яривал тус тусад нь цэвэрлэх аргууд ярьж болох байх. Энэ хүн нийтэд нь асууж байгаа болохоор нэгдүгээрт, их сайн өлсч байгаад зөв хооллох л хэрэгтэй. Тэгж байж амны хөндийгөөс авахуулаад шулуун гэдэс хүртэлх хоол боловсруулах систем нь цэвэрлэгдэнэ. Дээр нь ус сайн ууж байх ёстой.
- Зүрхний өвчин удамшина гэж байдаг уу?
- Зүрхний нэлээд өвчин өөрөө шууд удамшина. Ялангуяа төрөхийн гажгийн тодорхой эрхтэнүүд. Мөн зарим өвчинд өртөмтгий байх шинж чанар удамшдаг. Тухайлбал, хоолойны махнаас болоод үе мөч, зүрх өвддөг хүмүүс энэ өвчинд өртөмтгий байх шинжтэй байдаг. Шинж чанар нь удамшина.
- Эгч маань унахдаа толгой руугаа санаандгүй өшиглүүлчихсэн юм. Гэтэл маргааш нь толгойн энд тэнд нь хавдаж, овойж байснаа нөгөөдөр нь шалаа угааж байгаад өндийхөд хоёр нүд нь хүнд зодуулсан мэт маш их хөхөрсөн байсан. Энэ тархины хүнд гэмтэл үү?
- Энэ их айхтар шинж тэмдгүүд ярьж байна. Тархины мэс заслын эмчид үзүүлсэн нь дээр байх. Ер нь ингэж хоёр нүд хөхрөөд байгаа, тэгээд гэмтлийн улмаас гэж байгаа бол тархины суурь ясны цооролт байх магадлал өндөртэй. Тийм болохоор тархины гэмтэл, мэс заслын эмч нарт үзүүлж, тархины зураг авахуулах, компьютерийн бичлэг хийлгэх, тархины суурь яс цооролттой байна уу гэдгийг шалгуулах хэрэгтэй.
- Өглөө бүр хамраас цус гараад байдаг. Уг нь салхивчаа байнга онгойлгож унтдаг юмсан?
- Өглөө бүр хамраас цус гардаг тухайд олон хүний ярьдаг зовиур байна. Хамраас цус гарахыг хүмүүс гол төлөв даралт их байна, зүрх муу гэж янз янзын өвчинтэй холбож тайлбарлах гэж оролддог. Хамгийн түрүүнд хамар дотор шарх байна уу гэж шалгах л ёстой. Шарх байгаад, шархан доторхи судсууд нь эмзэг болчихсон бол өглөө нь нийхэд, эсвэл хамраа оролдоход судсууд хагараад цус гарч байна гэсэн үг. Манайх хуурай, тоостой агаартай болохоор бараг гурван хүний нэг нь хамартаа тодорхой хэмжээний шархтай байдаг. Тэгэхээр хамартаа чацарганы тос түрхэж байж болно. Тэгж шархаа эдгээчихвэл цус гарах нь гайгүй болно. Хоёрдугаарт, өглөө болгон их хэмжээгээр цус гараад байвал чих, хамар, хоолойн эмчид үзүүлж, хамрын салст дотроо шархаа түлүүлж болно. Тэгвэл дахиж гарах нь гайгүй. Энэ хүн амаа ангайж унтдаг юм биш байгаа, тэгвэл ам хуурайшиж, хамраас цус гардаг.

