Мэдээ, мэдээлэл 

Хархорум хотын тууринаас Амарбаясгалант хийдийн дараа орох том сүм олджээ

Үндэсний түүхийн музейд Хархорум хотын загварыг хүлээлгэн өгөх өчигдөр ёслол боллоо. Энэхүү загвар нь Монгол, Германы археологчдын хамтын ажиллагааны үр дүн юм байна. Герман, Монголын археологчид 1999 оноос хойш хамтран малтлага хийж, Монголын эзэнт гүрний эртний нийслэлийн тайлагдаагүй нууцыг нээхийг зорьж байгаа юм. 

Чингис хаан 1220 онд Орхоны хөндийд эзэнт гүрний нийслэл хотыг байгуулах зарлиг буулгасан түүхтэй. Мөнх хааны үед Хархорум хот ид цэцэглэн мандаж байсан бөгөөд хотод олон мянган хүн төвлөрөн сууж байжээ. Хотод Хятад, Түвд, Уйгур, Перс, Энэтхэгээс хүмүүс ирж байсны зэрэгцээ франц, герман, унгар, орос үндэстнүүд оршин суудаг байжээ.

Вилыельм Рубрукийн тэмдэглэснээр Хархорум хот хоёр том замтай байсан бөгөөд энэ замаар дөрвөн дүүрэг тусгаарлагдаж байжээ. Хот олон барилга байшинтайн дээр гар урчууд, арилжаа эрхлэгчид голчлон лалын шашинтан болон хятадын хороололд суудаг байжээ. Ийнхүү Хархорум хот нь олон шашин зэрэгцэн оршсон дэлхийн үндэстний хот байжээ.

Энэ цаг үед буюу Мөнх хааны үед Хархорум хот ямар дүр төрхтэй байсныг энэхүү загвараар харуулахыг зорьжээ. Загварыг түүхийн сурвалж бичиг, агаараас авсан археологийн зураг, малталтын үр дүнг баримтлан бүтээсэн ажээ. Ёслолын ажиллагаанд БСШУ-ы дэд сайд С.Төмөр-Очир, ХБНГУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бурэн эрхт Элчин сайд Ульрих Дреезен, Гадаад хэргийн дэд сайд Ц.Цолмон нар хүндэт зочноор оролцлоо. Ёслолын ажиллагааг нээж Элчин сайд Ульрих Дреезен үг хэлж, Хархорум хотын загварыг Үндэсний түүхийн музейд хүлээлгэн өгөв.

Хархорум хотын загвар нь 3.5x4м хэмжээтэй бөгөөд уг загварыг ХБНГУ-д бүтээжээ. Уг загварыг Германаас Монголд тээвэрлэхэд туслалцаа үзүүлсэн МИАТ компанид талархаж байгаагаа ХБНГУ-ын Элчин сайдын 2-р нарийн бичгийн дарга Михаэль Россбах илэрхийлж байлаа. Археологийн судалгааны дүнд хийсэн хотын загварыг Германы Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор профессор Х.Г.Хюттел цугласан олонд танилцуулж тайлбарлалаа.

Рубрук "Мөнх хаан хотын хэрмийн дэргэд өөрийн ордонтой. Ордон шавар хэрмээр хүрээлэгдсэн. Ордонтой ижил төстэй олон барилга мөн энд бий" гэж бичжээ. Монгол - Германы археологийн малтлагын баг одоогийн Эрдэнэзуу хийдийн хойно орших яст мэлхийн хөшөөний хэсэгт малтлаг хийхэд хааны ордон бус, харин буддын шашны том сүм байсан туурь олджээ. Энэхүү сүм нь 38x38 м хэмжээтэй бөгөөд уг хотын хамгийн том барилга байжээ. Энэ сүм хэмжээгээрээ Амарбаясгалант хийдийн дараа орох том сүм юм байна. Эрдэмтэд хааны ордныг одоогийн Эрдэнэзуу хийдийн дор байгаа гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр Эрдэнэзуу хийд маань тэр үеийн хааны ордны туурин дээр 200 жилийн дараа баригдсан байна.

Ёслолын үеэр Германы археологич Х.Г.Хюттелтэй уулзаж ярилцлаа.

- Та бүхэн судалгаагаа ямар сурвалж бичгүүдэд үндэслэж хийв?

- Бид малтлага судалгаагаа голчлон гадны түүхэн сурвалж бичгүүдэд тулгуурлаж хийсэн. Монголын түүхэн сурвалжаас гэрэлт хөшөөний бичээсийг судалгаандаа ашигласан. Гэрэлт хөшөөг 1346 онд сая олдсон сүмийг дахин сэргээхэд зориулж босгожээ. Тэр гэрэлт хөшөөнд "Хархорум бол монголчуудын зүрхэнд оршсон нийслэл хот" гэж бичсэн байдаг. Хэдийгээр тэр үед Монголын нийслэл Бээжинд байсан ч гэсэн Хархорумыг тэгж үнэлдэг байж. Хотын байдлыг яг ямар байсныг тайлбарлаж байсан эх сурвалж голдуу перс, латинаар бичигдсэн байдаг. Марко Поло Хархорумын тухай маш товчхон бичсэн хэдий ч чухал санааг илэрхийлсэн. Энэ нь "хааны ордон хотоос гадна байдаг" гэж бичсэн байдаг. Энэ нь персийн эх сурвалжаар батлагдаж байгаа.

О.Гэрэлмаа