Ойрхи дорнод 

Ираны эсрэг авч байгаа арга хэмжээ цөмийн зэвсэг хийхэд хүргэж магадгүй

Их Британийн "Оксфорд" судалгааны баг Ираны эсрэг цэргийн цохилт өгөх нь цөмийн зэвсэгтэй болох үйл явцыг хурдасгаж магадгүй хэмээн таамаглаж байгаагаа мэдэгдлээ. Энэ тухай НҮБ-ын БНАСАУ, Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх асуудлаар хэлэлцэх үеэр яригдсан байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс уран боловсруулахаа зогсоохыг шаардсан хугацаа дууссан бөгөөд Иран цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй гэсэн юм.

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн дүгнэлтээр тус улсыг цөмийн хөтөлбөрийг өргөжүүлээгүй гэсэн байна. Хэдийгээр уран боловсруулж, эрчим хүч гаргаж авдаг ч өндөр хэмжээнд боловсруулсан ураныг цөмийн зэвсэг хийхэд ашигладаг ажээ.

Барууны улс, орнууд Иранд дээд албаны хүмүүсийн гадаадад зорчих эрхийг хязгаарлах, зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хилээр гаргах зэрэгт хориг тавихаар хэлэлцэж байгаа бол АНУ дипломат замаар энэ асуудлыг шийдэж болно хэмээн үзэж байна.

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн дарга Мохамед Элбарадей энэ сарын 13-нд БНАСАУ-д айлчилж цөмийн реакторыг хаах ажиллагааны үйл явцтай танилцана. Тэрбээр тус улсад хоёр өдрийн айлчлал хийх ажээ.

БНАСАУ-ын Ён Бон дахь плутон боловсруулах реакторт тус байгууллагын шинжээчид хамгийн сүүлд 2003 онд очиж байсан юм байна.

М.Элбарадей "Би тус улсыг цөмийн реактороо хааж, Олон улсын цөмийн эрчим хүчний байгууллагын гишүүн болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

"ВВС"