Үндэсний хурлын даргатай уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний хурлын дарга ноён Jean-Louis Debré уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Францын Үндэсний хурал ийнхүү найрсгаар хүлээн авч буйд талархал илэрхийлээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн, Европын Холбооны нөлөө бүхий гишүүн Франц Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улс өндөр ач холбогдол өгдгийг ярианыхаа эхэнд тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч 1996 онд анх Францад айлчилснаас хойш 11 жилийн дараа хийгдэж буй энэхүү айлчлал нь Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаанд бодит үр дүн өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Энэхүү айлчлалын үеэр Францын Ерөнхийлөгч Ж.Ширактай уулзаж Монгол, Францын хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хандлагын талаар санал бодлоо солилцсоноо дурьдлаа.
Хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйг тэмдэглээд цаашид энэхүү хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Францын Үндэсний хурал Монгол Улсын эрх ашигтай холбоотой асуудлууд дээр нааштай байр суурь баримталж ирсэн бөгөөд тухайлбал, Монгол Улсыг Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны зээлжих эрхтэй гишүүн болох асуудлыг шуурхай хэлэлцэн шийдвэрлэсэнд баяртай байгаагаа хэллээ.
Монгол Улсын өөрчлөлт, шинэчлэлтийн явцыг дэмжихийг Европын Холбооны гишүүн орнуудад уриалж Монгол Улсын улс төр, нийгэм-эдийн засагт гарч буй өөрчлөлтүүдийг дэмжсэн тогтоолыг Европын парламентаас 1994 онд баталсан. Уг тогтоол гарснаас хойш 10 гаруй жил өнгөрч манай орны улс төр, нийгэм-эдийн засгийн амьдралд багагүй өөрчлөлт гарсныг харгалзан уг тогтоолыг шинэчлэх саналаа Европын парламентад тавьсан. Иймд энэхүү тогтоолыг Европын парламентаар хэлэлцэхэд Францын талаас дэмжлэг үзүүлэхийг Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүсэв.
Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний хурлын дарга ноён Жан Луи Дэбрэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал амжилттай өрнөж байгааг онцлоод хоёр талын харилцаа хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимтэй өрнүүлэх боломж бүрэн дүүрэн байгааг ярилаа. Мөн хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Ноён Жан Луй Дэбрэ удахгүй Францын нөлөө бүхий том компаниудын төлөөлөгчидтэй уулзана. Энэ үеэр Монгол орны өнөөгийн байдал, хөгжил дэвшлийн талаар мэдээлэх хүсэлтэй байгаагаа хэллээ.

