Нийтлэл 

Монгол Улс тусгаар тогтнолоо алдсан ба эргүүлж олсон нь

Манж нар бол алтай овгийн тунгус угсааны хүмүүс юм.

Тэд эртний Боха улсын удам. Бохагаас өмнө манай эрний үед Хүннү нарыг цохисон дунху хэмээх аймгийн тухай түүхэнд үлдсэн байдаг нь эртний манж нар байж магадгүй. XҮI зууны эхээр хагас нүүдэлчин манж нар Нурхачи баатрын удирдлага дор гүрэн улс байгуулж эхэлжээ.

Энэ үед тэд Сунгари мөрөн, Япон тэнгисийн хооронд загас барьж, мал маллаж, бага зэргийн тариа тарин амьдарч байжээ. Мэдээж үе үеийн нүүдэлчдийн нэгэн адил манж нарын эцсийн зорилго Хятадыг эзлэх явдал байлаа. Манж нарын улам томрон түрэхэд хөрш зэрэгцээ монголчууд саад болж байв. 1626 онд Нурхачийг үхэх үед Манж нь цэрэг, улс төрийн хувьд сайтар зохион байгуулагдсан хүчирхэг улс болж дөнгөжээ. Өөрөөр хэлбэл, Хятадыг суларсан үед нь эзлэн түрэмгийлдэг, тэр чинээгээрээ төр улсыг нь нэгтгэж өгдөг умрын зэрлэгүүдийн шинэ үе нэгэнт буй болсон гэсэн үг. Нурхачийн дутууг хүү Абахай нь гүйцээхээр болов.

Энэ үед монголчууд хоорондоо салж муудалцан олон аймагт хуваагдсан байлаа. Албан ёсны хаан нь Лигдэн боловч Цахараас өөр газар түүнийг тоодоггүй, хаанаа гэж үздэггүй байв. Умартын ху нарын тогтсон заншил ёсоор Лигдэн ч байнга Хятад руу халдан тонуул хийнэ. Лигдэнгээс хойгуур илүү хүчирхэг манж нар босч ирж буйг ажигласан хятадууд Лигдэнд мөнгө төлөн Манжийн эсрэг умарт хилээ харгалзуулан мануулах гэрээ хийсэн байна. Лигдэнг дарж авахгүйгээр манж нар Хятадад хүрч чадахгүй байлаа. Абахайгаар толгойлуулсан манж нар том тулалдаан хийн Лигдэнг сөнөөв. Ийнхүү 1636 онд Зүүн ба Зүүн өмнөд Монгол Манжийн эрхшээлийг хүлээн зөв шөөрсөн юм. Юань гүрний тамга буюу Хубилайн хасбуу тамгыг эзэмшсэн гэх Абахай үүгээрээ Зүүн хойд Азийг албан ёсоор эрхшээлдээ барих хуулийн эрхтэй боллоо гэж зарласан байна. Ингээд тэрээр Жин буюу Алтан улсаа Чин гүрэн болгон тунхаглажээ.

Тэрээр 1638 онд Монголын асуудлыг хариуцсан төрийн тусгай байгууллага байгуулсныг манж хэлээр Монгол журган гэх ба хятадаар Лифанюу гэдэг байсан нь өнөөгийн Хятадын бүгд найрамдах улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд ордог Монгол Төвдийн хорооны жинхэнэ эх уг нь юм. Эндээс хилийн дотор байдаг гэсэн санаатай Дотоод Монгол буюу хятадаар нэймэнгү гэсэн нэр томъёо буй болжээ. Үүнтэй сөргөсөн хилийн гадаа байгаа гэсэн санаа бүхий Гадаад Монгол буюу вэймэнгү гэсэн шинэ нэр томъёо үүссэн юм.

1644 оны дөрөвдүгээр сард манж нар Бээжинг эзэлсэн ба хойтон жил нь бүх Хятадыг гартаа хийж авлаа. 1683 онд Тайванийн аралыг эзэлж, өөрсдийнх нь эсрэг хамгийн сүүлчийн үймээн Учуаны бослогыг дарснаар Чингийн манж нар хүчирхэгийн оройдоо хүрчээ. Гэвч 1684 онд хаан ширээнд суусан Канши үүнд сэтгэл нь ханахгүй байв. Чин династи хоёр зуун жил гадагш өнгөлзөж эзэнт улсаа томруулах гэж зүтгэж байсанд Канши их үүрэг гүйцэтгэж эхийг нь тавьсан юм. Тэрээр хаан ширээг 60 жил эзэгнэжээ. Цэргийн авьяаслаг жанжин Канши Хятад дахь бослого болгоныг дарсан ба Төвд, Монголыг эзэлжээ.

Энэ үед монголчууд хоорондоо ид муудалцаж байснаар үл барам харилцан байлдаж 1688 онд Ойрдууд Халх Монголыг эзэлж орхив. Канши хоорондоо муудалцан тэмцэлдэх монголчуудыг ажиглан түүнд нь тохирсон бодлого явуулж байв. Жавзандамба хутагтаар толгойлуулсан олон арван халх монголчууд ойрдуудад цохиулан Чин улсад очиж Манжид дагаар орох хүсэлтэйгээ илэрхийллээ. Бүх Монголыг төлөөлөх хууль зүйн эрх эдгээр хутагт ноёдын энд нь ч байгаагүй юм. Жавзандамба нь зөвхөн шашны эрх мэдэл дэв зэргээрээ л бусдадаа илүү нөлөөтэй нэгэн аж.

Ийнхүү Дотоод Монголоос хойш 50 жилийн дараа Халх Монголын тусгаар тогтнол алдагдсан юм. Галдангаар толгойлуулсан ойрдуудад эзлэгдсэнээс Манжид дагаар орсон нь дээр хэмээн Халхын ноёд шийджээ. Гэхдээ манж нар монголчуудын баруун хэсэг буюу Ойрдыг эзлэхэд дахиад 60 жилээ зарцуулсан билээ. Каншигийн ач хүү Чан Лин Монголын сүүлчийн тусгаар хэсгийг дөнгөж 1757 онд эзэлсэн байна.

Удтал бэлдэж хэлэлцсэний дүнд Халх Монголыг Манжид дагаар оруулах ёслол 1691 оны тавдугаар сарын 2-нд Долон нуурт болжээ. Ёслолын өмнө Чин улсаас Канши, Халх Монголоос Жавзандамба нар тусгай тохиролцоонд хүрсэн юм. Монголчууд Чин династийн субъект болж түүнд хамарч явахаа зөвшөөрлөө, хариуд нь манж нар Монголыг Хятадын нөлөөнөөс хамгаалж явах үүрэг хүлээсэн байна. Нүүдэлчин монголчуудыг Хятадын соёл, ялангуяа угсаатны холилдооноос хамгаалж тусгаарлан байлгах, үүнээ хуульчилан мөрдөхийг хагас монгол цусны Канши хаан өөрийн болон дараагийн удмын хаадын үүрэг мөн гэж үзжээ.

Энэ нь монголчууд Манжид эзлэгджээ гэхээсээ сүверэйн эрхийг нь зөвшөөрсөн вассалын гэрээ байлаа. Хятад хүнийг монгол хүнтэй гэрлэхийг хуулиар хориглох мөртөө манж- монгол хүмүүс хоорондоо гэрлэхийг хөхиүлэн урамшуулах болжээ. Нийт Чин улсын дотор монголчууд тусгай эрхийг эдлэх болов. Монгол нутаг руу хятад хүн суурьшуулахгүй, аргагүй шаардлага үүсвэл богино хугацаагаар хатуу хяналтаар үүнийг гүйцэтгэх тухай маш тодорхой дэлгэрэнгүй хуулийг 1762 онд буюу Ойрдыг эрхшээсний дараахан Бээжинд 11 дэвтрээр хэвлэн тунхагласан байна.

1907 онд Сүн Ятсэн хувьсгалч байгууллага байгуулан үндэсний үзэл, ардчилал, тэгш эрх гэсэн гурван зарчимт тунхагаа зарлалаа. Үндэсний үзэл гэсэн хэсэгт “Хэдийгээр бид манж үндэстнийг үзэн ядаагүй боловч хятад хүмүүсийг гадуурхан гутаадаг тэдний төрийн болон хуулийн зарчмыг эрс буруу шааж байна” гэсэн байлаа. Сунятсэнизмын эхний үеийн гол зорилго нь умрын зэрлэг манж угсаатныг хөөн явуулаад Хятад орныг хятад хүмүүс өөрснөө захирахад оршиж байсан юм. Тэр үеийн хамгийн алдартай урианы нэг нь “Манж угсааны Чин династийг унагаад хятад угсаатны Мин династиа эргүүлж байгуулъя”.

Өнөөгийн түүх судлал 1912 оны Цинхайн хувьсгалыг хаант ёсыг халж бүгд найрамдах улсаа тунхагласан талаас нь л тайлбарладаг. Энэ нь ч түүхийн үнэн. Гэхдээ асуудлын зөвхөн нэг тал нь л байсан юм шүү дээ. 1911 оны аравдугаар сард дэгдсэн Сун Ятсэний хувьсгал, 1912 оны хоёрдугаар сард Чин улс албан ёсоор мөхсөн явдал хоёрын завсарт монголчууд өөрийн тусгаар тогтнолыг зарлан тунхаглалаа. Энэ бол 1911 оны арванхоёрдугаар сарын 29 буюу өнөөгөөс яг 95 жилийн өмнө болсон явдал. Энэ бол Монгол Улс тусгаар тогтносон өдөр юм.

Тухайн үедээ тусгаар тогтнолоо зарласан монголчуудын тайлбар тун энгийн, бас тун үнэн, логиктой зүйл байлаа. 1691 онд монголчууд хятадуудтай биш Манжийн удирдлагуудтай хэлэлцээ хийж тохиролцоонд хүрсэн юм. Хэрэвзээ Манжийн Чин династи байхгүй болж байгаа юм бол монголчуудын тэдний өмнө хүлээсэн үүрэг мөн дуусгавар болж буй хэрэг. Хэрэв Манжийн эзэд эрх мэдэлгүй болж байгаа юм бол Хятад ч тэр, Монгол ч тэр чөлөөтэй болж тус тус өөрийн тусгаар тогтнолыг зарлан бие даах эрхтэй.

Юань Шикайгаас эхлээд Дэн Сяопин хүртэл Хятадын удирдлагууд Гадаад Монголыг өөрийн алдагдсан нутаг мэтээр ярьсаар ирлээ. Монголчууд аль ч үндэстний нэгэн адил тусгаар байж түүнээ хамгаалах эрхтэй. Хятад ба монголчууд хэдэн мянган жилээр хөрш оршиж ирсэн дэлхийн ууган үндэстнүүдийн нэг. Умрын зэрлэгүүд гэгдэх олон үндэстний нэг болох монголчууд олон удаа хөрш Хятадаа эзлэн нэг субъект болж байсан. Түүхээсээ харин Хятадууд умарт ху нарыг эзлэн өөрийн болгож байсан явдал үгүй.

1691 оноос 1911 оны хооронд Хятад ба Монгол нь умрын зэрлэгүүдийн бас нэг үндэстэн болох манж нарын мэдэлд байсан. Гэхдээ энэ бол монголчууд үргэлжлүүлэн Хятадын нэг хэсэг маягаар байх ёстой гэсэн үг яавч биш. Логикоор ч, түүхэн утгаар ч тэр. Харин ч түүндээ тулбал Хятад нь манж нарын дарлалд байсан бол монголчууд харилцан үүрэг хүлээсэн тэдний вассал нь л байсан юм. Вассалын энэ тохиролцоо хатан хаан Цү Шигийн 1907 оны шинэчлэлээр хүчингүй болж эхэлмэгц л монголчууд өөрийн тусгаар тогтнолоо олох улмаар тунхаглах эрхтэй болж байгаа юм.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд de facto тусгаар тогтнолоо олсон Гадаад Монгол нь 1946 оны нэгдүгээр сарын 6-нд de jure энэ эрхээ олж авсан билээ. 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон энэ орон 1990 оноос ардчилсан, хараат бус бодлоготой улс болсон билээ. Гэвч монголчууд тусгаар тогтнол, бүрэн эрхийн төлөөх зуу шахам жилийн тэмцэл драмын золиосонд большевизм, геноцит, иргэний дайн, хядлага, хамтралжуулалт, түүх соёлын үгүйсгэл, хөрөнгө хураалт, үндэсний болон хувь хүмүүсийн эмгэнэл зэрэг асар их үнэ төлсөн билээ.