Нийгэм 

Монгол төрийн хас эрдэнийн тамгыг шинэчлэн сэргээлээ

Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш Д.Энхдаваа Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан Төрийн хас эрдэнийн тамгыг хийжээ. Энэ нь "Их Монгол-800" хаалтын ажиллагааны үеэр болсон "Хамгийн хамгийн"ыг шалгаруулах арга хэмжээний "Хамгийн уран хийц" номинацийн шагналыг хүртсэн байна. Энэ тухай Д.Энхдаваа багшаас доорх тодруулгыг авлаа.

Тэрбээр 1986 онд Украйнд сурч байхдаа Плана Карпинийн "Монголчуудын түүх" номыг уншаад Их Монгол Улсын төрийн тамга хийх анхны санаагаа өвөрлөсөн гэнэ. Өнгөрсөн хугацаанд төр ёсны түүхэн уламжлал бэлгэдэл, эх сурвалж, эрдэмтэн мэргэдийн зохис бүтээлүүдтэй танилцаж судалгаа шинжилгээний ажлыг тасралтгүй хийж байжээ.. Тухайлбал, "Монголын эрдэнэсийн сан"д хадгалагдаж буй алт, мөнгөн тамганы хайрцаг, Богд хааны ордон музейд байгаа Богд хааны тамганы хайрцаг, Үндэсний түүхийн музейд хадгалагдаж буй тамга, тамганы гэр хайрцаг, манжийн үеийн морины эмээл дээр авч явдаг тамганы авдар зэрэг бодит дурсгалуудыг судалгаан дээр үндэслэн бүтээжээ. Түүнчлэн Төрт ёсны уламжлал бэлгэдэл болсон зүйлсийг ёс журмаар нь сэргээн бүтээх зорилгоор эхэлсэн анхны бүтээл нь өдгөө Засгийн газрын ордны ёслолын танхимд хүндэтгэлтэйгээр залагдан байгаа.

Мөн "Төрийн их ган тулга", "Төрийн их цагаан сүлд туг", "Чингэс хааны алт мөнгөн Гэрэгэ"г урлажээ. "Их Монгол800"гийн хамгийн хамгийнд шалгарсан "Төрийн хас эрдэнийн тамга"ыг бүтээх ажил нь 1995 оноос эхэлсэн бөгөөд 19971999 онд БНХАУд металл дизайнерийн мэргэжлээр суралцаж байх хооронд түр завсарлаад 1999 оноос тамгынхаа ажилд эргэлт буцалтгүй орсон аж. Тамганы ул болох үндсэн хэсгийг сийлэн жил хагасын өмнөөс тамганы хайрцаг, суурь, иш бариулыг хийж "Их Монгол Улс" байгуулагдсан түүхэн ойн жилийн сүүлчийн сард бүтээлээ дуусгасан нь энэ. Уг тамга хийх явцад хэвлэл, мэдээллийнхэн төдийгүй бусад уран бүтээлчдээс ч нууцлан байж бүтээсэн гэнэ. Учир нь эрт үед төрийн тамга хийсэн дархныг цаазалдаг эсвэл төр ивээлдээ авдаг байсантай холбогдуулан төрийн дэмжлэгтэйгээр бүтээж байгаа энэхүү бүтээлээ эртний ёс журмаар нь бүтээхийг хүсчээ, Энэ тамга өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн өрөөнд заларч байгаа бөгөөд улмаар Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд залрах юм байна.

Д.Энхдаваа багш цааш нь ярихдаа "Их Монгол Улсыг байгуулсан Чингэс хааны суу ухаан, билэг оюун мөнх мандахын адил Их Монгол Улсын төрийн тамгыгдэлхий ганхаж, галав юүлэвч бат мөнх оршихын бэлгэдэл болгон ган болд төмрөөр бүтээсэн. Тамга бүтээх ажил цаг хугацаа, хүч хурд, шаргуу ажил шаардсан нөр их хөдөлмөр байлаа. Ганг ухаж сийлэхэд ямх ямхаар буюу бага багаар зорж эх загварын хэмжээнд хүргэдэг, илүү зорж, сийлж болдоггүйгээр бусад урлаг бүтээхээс онцлогтой. 16 кг цул ган болд төмрийг 8 кг болтол нь зорж ухан тамганы үндсэн эхийг гарган монгол дархны битүү, давхар сийлэх, жийжүүдэх, цувцайдах, ширэх арга барилтай хослуулан урлаж эвэр угалз, язгуур хээ, титэм, хасаар даруулан шижир алтаар шигтгэн бүтээсэн" гэв.

Тамганы уланд "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй аюутугай" хэмээн сийлж, тамганы үндсэн эхийг хасаар хүрээлэн түмэн наст хээ бүхий алтан жийжүү, дөш суурин дээр нь монголчуудын эртний шүтээн язгуур удам болсон хос чонын дүрс бүхий угалз, алтан хээн т.итэм бариул дээр нь шижир алтаар хас угалз толийг урлан бүтээжээ. "Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс биширтүгэй аюутугай" гэдэг үгс нь Чингэс хааны төрийн тамганы бичээс бөгөөд монголчууд 800 жилийн дараа дахин сэргээж буй нь энэ юм байна. Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын төрийн тамганы гэрхайрцаг нь монголчуудын соёлын гайхамшгийг илтгэх дурсгалуудын нэг бөгөөд тухайн тамганы зориулалт болон тамгыг барьж буй хүний эрх хэмжээ, зэрэг дэв зэргээс шалтгаалан тамга ба гэр хайрцагны хэмжээ хийц янз бүр байдаг аж.

Энэ ч утгаараа тамганы гэр хайрцгийг үнэт төмөрлөгөөр буюу алт, мөнгө, гууль бүхий хайлшаар давтан урладаг байж. Тамганы гэр хайрцгийг ил задгай байлгадаггүй ёс заншил монголчуудын түүхийн олон үе дамжиж өнөөдрийг хүрчээ. Энэ бол төрийн хэрэг хатуу чанд байх ёс журмаас улбаатай юм. Тамганы хайрцгийг гадна талдаа гоёмсог хээ угалзтай, нарийн тохируулга бүхий түлхүүртэй цоожоор ямагт цоожилдог байжээ. Төрийн тамганы гэр хайрцагны гадна авдрыг үхрийн арьсаар бүрсэн нарс модоор хийж, нүүдэлчин овог, аймгуудын нүүдлийн уламжлалт өвийг хадгалан ган сийлбэр, хас хээгээр дөрвөн буланг нь тоноглож, мөнгөн оосортой, ган түлхүүр, цоожтой урлажээ.

Д.Цогзолмаа