Дүн өвлөөр хаврын шувуудыг ирүүлэх нь
- Ёочин хөгжмөөр тоглогчдын дунд улсын хэмжээний томоохон уралдаан болно гэсэн байна. Энэ талаар танаас тодруулах гэсэн юм?
- Энэхүү наадмыг БСШУЯ, Монголын урлагийн ажилтны холбоо, ҮАДБЧ, "Түмэн эх" чуулга, Монгол, Швейцарийн найрамдлын нийгэмлэг зэрэг байгуул-лагууд хамтран зохион бай-гуулж байна. Уран бүтээлчдийн урын санг баяжуулах, шинэ залуу авьяаслаг хөгжимчдийг төрүүлэх, ёочингийн хөгжмийн урлагт эзлэх байр суурийг тодруулах зорилгоор хот, хөдөөгийн мэргэжлийн хөгжимчдийн дунд зохион байгуулах гэж байна.
- Наадам хэзээ болох вэ? Нийт хичнээн хөгжимчин оролцож байгаа бол?
- Наадмыг ирэх сарын 4-8-ны хооронд хоёр үе шаттайгаар явуулна. Одоогоор эхнээсээ мэдүүлгээ ирүүлж байна. Тэдгээрээс шалгаруулаад сүүлийн шатанд нийт 20 гаруй хөгжимчин оролцуулна.
- Энэхүү наадмын онцлог нь юу вэ?
- Энэ наадмыг бид гавьяат багш Гончигийн Дашдаваагийн 70 насны ойд зориулан хийж байгаа. Нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайн "Хаврын шувууд ирлээ" гэдэг сайхан уран бүтээлийн нэрээр наадмаа нэрлэсэн. Энэ бүтээлийг анх манай Дашдаваа багш 1957 онд симпони найрал хөгжимтэй тоглож Монголын радиогийн алтан фондод хадгалуулж байсан түүхтэй. Дараа нь миний бие Ардын найрал хөгжимтэй тоглож мөн хадгалуулсан байгаа.
- Та ардын жүжигчин, ҮДБЭЧ-ын удирдаач Ц.Батчулууны эхнэр байх аа. Ер нь та урлагтай амьдралаа холбоод хичнээн жил болж байна вэ?
- Тийм. Би Монголын хөгжмийн урлагтай амьдралаа холбоод 22 жилийг ардаа орхилоо. Энэ хугацаанд олон сайхан хүмүүстэй хамтарч, өөрийн чадах чинээгээрээ хөгжмийн урлагт тодорхой хувь нэмрээ оруулсан гэж боддог. Энэ бүхэнд ханийн минь нөмөр нөөлөг үгүйлшгүй их байсан.
Ч.Батмаа

