Төрийн тамга, тэмдэг 

Монгол улсын хаан Богд Жибзундамбын алтан тамга

Зохиогч. Т.Өлзийдолгор
Номын нэр: Монгол улсын төрийн тамга

Манжийн эрхшээлд автагдсан үеэс (1691 он) XX зууны эхэн хүртэл монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын үзэл санаа, тэмцэл нь тус орны нийгэм-улс төрийн сэтгэлгээний үндсэн агуулга болж байв. 1901 оны үеэс Манжийн төрийн "Шинэ засгийн бодлого" гэдэг шинэчлэлийг Монголд явуулж эхэлжээ. Энэ шинэтгэлийн улс төрийн бодлого нь Монгол дахь Манж-Хятадын эзэн эрхийг мөнхжүүлэхэд чиглэгдэж байв.

Монголд хятад иргэдийг олноор оруулж суурьшуулах, хүн амыг хятадчилах, засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн тэдний хяналт заавар бүхий үйл ажиллагаа явуулж байв. 1910 онд Сандог Их хүрээг хамаарсан сайдаар томилон ирүүлж, цаазын засгийг төсөвлөн бэлтгэх газар гэгчийг байгуулж, ерөнхийлөн шийтгэх түшмэл, хамт нийлж шийтгэх түшмэл, шүүмжлэн хэлэлцэгч түшмэл зэрэг орон тоог бий болгон Халхын зүүн хоёр аймаг, Их шавийн нөлөө бүхий ноёд, лам нарыг томилон 1911 оноос ажиллуулж эхэлсэн. Монгол газар бэлчээрийг хагалбарлан тариалахыг хориглож байсан хуулийг 1910 онд хүчингүй болгож 1911 онд газар хагалах хэргийн хороо байгуулжээ. Энэ мэтээр ар Монголд хятад иргэдийг шилжүүлэн суурьшуулах зэрэг янз бүрийн арга, хэлбэрүүд олширсон байна.

Манж-Хятадын эрхшээл дэх монголчуудын язгуур эрх ашиг олон зуун жилийн урсгалд алдагдсаар байсан учир тэмцэн босох үзэл санааг бүрэлдүүлжээ. "Манж нь их гүрнийхээ түүхэн үүргийг гүйцэтгэж монголчуудын үндэсний нэгдлийг бий болгосон хэрэг юм." гэж бичсэн доктор Н.Хавхын дүгнэлттэй зохиогч санал нэг байна. Өөрөөр хэлбэл, монголчууд нь Манж-хятадын эрхшээлд автан суух цаг хугацаа дуусах түүхэн зааг үед тулж ирсэн байна. Манж-хятадын ноёрхлыг эсэргүүцсэн үзэл бодол, тэмцэл хөдөлгөөн Монголын бүх давхаргыг хамарч эхэлсэн юм. 1900 онд Улиастай хотод гарсан 2000 цэргийн бослого, Сэцэн хан аймгийн бэйс Сансрайдоржийн хошууны хөдөлгөөн, 1905-1907, 1910 онуудад их хүрээнд гарсан лам нарын "Хашга" бослого зэрэг нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Ардын хөдөлгөөн нь цэргийн хөдөлгөөнтэй нийлэх үзэл санаа зорилт нэг болсон нь манж хятадын эсрэг монголчуудын тэмцэл нэгдмэл шинжтэй болсныг гэрчилнэ.


Монголчуудын үндэсний ухамсар сэргэн дээшлэхэд гадаад нөлөөлөл ч байв. Монгол орон дэлхийн капиталист зах зээлийн хүрээнд янз бүрийн хэлбэрээр татагдаж байсны зэрэгцээ улс төрийн тэмцэл хөдөлгөөний уур амьсгал ард түмний дунд түгэн дэлгэрч байлаа. Айл зэргэлдээх Хятад, Орос улсад гарч байсан тэмцэл хөдөлгөөний цуурайг монголчууд халуун дотноор хүлээн авч байсан цаг үе юм.
Манжийн эрхшээлд байсан үе дэх Монголийн засаг төрийн байгууллагын үйл ажиллагаанд үндэсний төрт ёсны уламжлалт хэлбэр агуулга бүхий шинэчлэл хийв. Үүнийг батлах нэгэн баримт бол төрийн тамганы бэлэгдэл ёсыг хүндлэн дээдэлж үндэснийхээ бахархал болгосонд оршино.

Нэг. Төрийн хаш тамга, мөнгөн тамга

Монгол улсын түүхэн замналыг гүн ухааны үүднээс авч үзвэл: Монгол үндэстэн нь сэргэлт, мандалт, оргил, гудайлт, уруудалт гэсэн давтамжаар явж иржээ. Харин XIX зууны сүүлч XX зууны эхэн үеэс монголчуудын хувь тавилан өөдлөн өндийж эхлэв. Улс төрийн хувьсгал, төр засгийн хамаарлаар нь авч үзвэл: Түүхэн нэгэн үеийн сэргэлт шинж бүхий тэмүүллийн хамгийн энгийн шинж 1911 оны хувьсгалаар эхэлжээ. Манжийн эрхшээлд 200 гаруй жил байсан монголчуудын үндэсний ухамсар сэргэн улсынхаа тусгаар тогтнолын төлөө тэмцэн боссоноор монголын түүхийн нэгэн шинэ үе эхэлсэн юм.

Аливаа улсын тусгаар тогтнолын эрхэм билэгдэл нь улсын сүлд, туг, далбаа, төрийн тамга байдаг бөгөөд эдгээрээс төрийн тамганы тухай хэдэн үг товчхон бичихыг зохиогч эрхэмлэсэн болно.
Бүрэн эрхт тусгаар улс болж Манжийн эрхшээлээс Монголчууд гарсныг батлах нэгэн баримт бол 1911 оноос төр-захиргааны тамганд манж бичиг оролцуулахыг зогсоосноор илэрнэ.

Монгол улсын хааны барих төрийн тамганы хэв загвар, эрхэмжлэл зэргийг "Зарлигаар тогтоосон Монгол улсын хуулиар" заажээ. Улсын эзэн хааны барих тамгыг урлан хийх ажлыг ерөнхийлөн захирах яам хариуцан гүйцэтгэсэн юм билээ. Юуны өмнө цагаан өнгийн хаш чулууг олох хэрэгтэй байжээ. Дэзд яамнаас тамга сийлэх хаш эрдэнийг олж авчирсан хүнд шан харамжийг гомдоохгүй олгоно гэж зарлиг гаргасан байна.

Төрийн тамга сийлэх цагаан хашыг чулууг олсон нь нэн сонирхол бүхий үйл явдал байжээ. Баримтаас үзвэл: Цэцэн чин вангийн хошууны Цэнд зайсан гэгч хүн уг хошууны Сүмбэр нэртэй газраас нэгэн бүхэл хаш мэт цагаан өнгөтэй чулууг олж өвөртлөн хүрээнд иржээ. Үнэт эрдэнэс авдаг нэгэн пүүсийн эзэнд чулуугаа үзүүлтэл 100 лангаар авъяа гэж гуйжээ. Цэнд зайсан эд өлгийн зүйл хийлгэвэл илүү үнэ хүрэх чулуу юм гэж ойлгосон бололтой. Энэ тухайгаа тэр нутгийн хүмүүст ярьсан нь цэцэн чин ван Гомбосүрэнгийн сонорт хүрч чулууг авчруулахаар зарлага явуулжээ.

Төрд хэрэгтэй чулуу өөрт нь байгаа гэдгийг дуулсан Цэнд зайсан яаравчлан явсаар Гомбосүрэнд бараалхаж чулуугаа үзүүлэхэд тэрээр: "Дээд яамны олон түшмэд мяндагтны дунд чи чулууг авч орвол үл ойшооно. Харин миний бие ван хүн учраас өөрөөр үнэлэн хүлээж авах болно." гээд хаш чулууг авч Цэндэд цөөн мөнгө өгөөд буцаажээ. Гэтэл Цэнд зайсанд цагаан хаш байсан тухай мэдээ бусад сайдуудын чихэнд хүрчээ. Учрыг тунгааваас Цэцэн чин ван Гомбосүрэн, Цэнд зайсанд чулууны үнийг бүрэн гүйцэт өгсөнгүй, хуурамтгай явдал үйлдсэн гэсэн хэрэг мандаж улмаар Богд эзэнд толилогдсон байна.

Уг айлтгал бүхий нугалбарт Богд хаан улаан бийрээр Цохсон зарлиг нь: Гомбосүрэн ингэж доордыг дарлан басхүү зүйл үгүй бээр гоёлхийлэн явсан нь үнэхээр нийлэлцэхгүй, зүй нь чангалан шийтгэж цээрлүүлбээс зохих боловч уг зүйл эрхэм чухлын тул, бэлгийг бодож шийтгэлийг уучлан хэлтруүлж энэ удаа Гомбосурэнгээс мөнгө 500 ланг хөөн гаргуулж Цэндэд шагнал олгуулаад, түүнийг нэвширтэл донгодогтун. Цэнд нь даруй хувь зохиолтой хүмүүн мөний тул, үе улиран дэд зэрэг жинс шагнагтун хэмээн тушаан явуулагтун гэжээ. Ийнхүү Монгол улсын төрийн тамгыг сийлэх хаш эрдэнийг олсон түүхтэй юм.

Төрийн тамгыг үйлдэх эрдэнийн чулууг олсон Цэндийг хөхуүлэн шагнаж, үнэн байдлыг будилуулан өөрт ашигтайгаар зарцуулсан сайд ван Гомбосүрэнд төрийг хуурсан хэмээн ял оноон буруушаасан тухай баримт нь бүрэн эхээрээ Монгол улсын үндэсний түүхийн төв архивт хадгалагдаж байдаг юм байна. Аливаа юмны хувь зохиол гэж байдаг болохоор, тэр хаш чулуу төрийн тамганы биет болж үүрд мөнх үлджээ. Энэхүү цагаан хашаар Монгол улсын төрийн тамгыг хар гарт Гомбо гэдэг хүн сийлж хийсэн гэдэг. Хуульчлан тогтоосноор: Энэ тамга нь эртний Монголын төрийн бэлэгдлийг сэргээн үндэсний бичиг бүхий түүхэн уламжлалыг авч хэрэглэсэн юм.

Монгол Улсын хууль зүйлийн бичигт төрт улс, үндэс язгуурын шашнаа мандуулах үзэл санааг илэрхийлж Төрийн тамганд соёмбын Э-бам, монгол үсэг сийлэх, төрийн далбааны дунд мөн түүнийг хийх тухай" заажээ. Богд хаант Монгол улсын хаанд VIII Богд Жибзундамбыг ергөмжлөн түүнд бариулсан төрийн тамга нь Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийн батламж байв.

Их Монгол улсын төрийн тамганы уламжлалыг ерөнхийд нь авч хэрэглэсэн энэ тамганд: соёмбо. дөрвөлжин, худам монгол бичгээр Шашин төрийг хослон баригч нарангэрэлт Богд хааны тамга гэсэн бичээстэй бөгоөд энэ бүгд нь бэлэгдлийн гүн агуулгатай юм. Энэ тамганы улны зузааны дээд талд нь Тэнгэр, доод талд нь Газар гэж сийлсэн нь тамганы гадна талаас нь дээд талыг мэдэж алдал эндэлгүйгээр тамгаа эрхэмжилдэг байжээ.

Энэ тамганы бичээсний бэлэгдлийг авч үзвэл:

Нэг. Өнө эртнээс инагш Монголчууд нь төрт ёсны уламжлалтай явж ирсэн бөгөөд үндэсний хэл соёл, түүх, бичгийн агуу их дурсгалтай ард түмэн байсныг бэлэгдэн тамганы төв дунд нь Монгол бичгийн хоёр мөрөөр "Шашин төрийг хослон баригч нарангэрэлт Богд хааны тамга" гэж сийлбэрлэжээ. Энэ нь шашин, төр хоёрыг хослон барилдуулдаг буддийн сургаал дахь "хос ёс"ны бэлэгдэл юуны түрүүнд тодорч байна. Монголбичиг нь маш эртний уламжлалт үсэг бичгийн нэг ю.м. Одоогоос 2000 шахам жилийн тэртээ бий болсон сири үсэгт үндэслэн зохиогдсон согд бичгээс эх авч уйгарууд зохиосон энэ бичиг үсэг нь 800 гаруй жил Монголын төрийн бичиг байсаар байна.

Хоёр. Соёмбо үсгийн бичгээс нь: Монгол улсын анхны Богд Занабазар 1686 онд Соёмбо хэмээх үсэг зохиож, эхний ТИТЭМ үсгээ сүлд шүтээн болгон мутрын тэмдэгт хэрэглэж байв. Энэ үеэс эхлэн монгол айл өрх тоонондоо, сүм хийдийн барилга байшинд сайн сайхан, энх тунхын бэлэгдэл болгон тавьж иржээ. Энэ бэлэгдлийн ёсыг Богд Хаант Монгол Улсын төрийк тамганд авч хэрэглэсэн байна.

Нөгөө талаар: Богд Занабазарын найм дахь дүр Жибзундамба хутагт төр, шашныг хослон барьсан үйлсийн хүндэтгэл байсан ч байж болох юм. Тамганы соёмбо үсгээр бичсэн найман мөрний эхэнд байгаа соёмбо нь улс төрийн гүнзгий агуулгатай билээ. Тухайлбал: Соёмбын бүтцэд орж байгаа тэмдэг бүхэн өөр өөр утга санаа агуулсан байхаас гадна тэр бүхэн нийлээд улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг илэрхийлсэн нэгэн цогц ойлголтыг илэрхийлдэг аж.

Эрдэмтдийн тайлснаар: Соёмбо тэмдэг бүхэлдэг хүн, төр засаг гэсэн хоёр ойлголтыг холбон дүрсэлжээ. Үүнд: Хүнээ нэн тэргүүнд үзэж, хамгийн дээр нь галын гурван дөлөөр төлөөлүүлж нар сартай шүтэлцүүлэн нэгтгэжээ. Харин хоёр босоо зураас, түүний гол дахь дугуй дотор багтаасан хос загас, түүнийг дээд доод талаас хашсан хөндлөн зураас, төв тийш чиглэсэн ба төвөөс гадагш чиглэсэн зураасуудаар төрийн дотоод, гадаад бодлого, төрийн тогтолцооны ерөнхий агуулгыг багтаасан гэдэг.

Гурав. Дөрвөлжин үсгийн бичээс нь: Монголын соёлын оргил үеийг илтгэх Юан улсын Хубилай сэцэн хааны гарын эрдэмтдийн нэг байсан Пагва лам Лодойжанцан (1235-1280) нь Сажа Бандид Гунгаажамцын ач хөвгүүн, Хубилай сэцэн хааны зарлигаар их хааны ордонд сууж төрийн багш хэмээн өргөмжлөгдсөн. Хубилай хаан Пагва ламд шинэ монгол үсэг зохиох зарлиг буулгажээ. Пагва лам нь түвд үсгийн суурин дээр Монгол хэлний авиаг үндэслэж дөрвөлжин хэлбэр бүхий нэгэн зүйлийн шинэ үсгийг зохиожээ. Нийт 42 үсэг бүхий их авиа 12, үүсгэвэр авиа 30 байжээ. Пагва ламын зохиосон дөрвөлжин бичгийг 1269 оноос төрийн бичиг болгосон.

Үүнээс хойш Монгол их гүрний эрхэм бичиг болсон түүхтэй. Энэ бичгийг олон үндэстний их улс болсон Юан гүрэн 99 жил хэрэглэсэн гэж Эрдэнэсийн сан Субашид номонд бичсэн байна. Монгол улсын төрт ёс сэргэсэн 1911 оноос төрийн тамгандаа: Дөрвөлжин үсгээр: "Шашин, төрийг хослон баригч наран гэрэлт Богд хааны тамга" гэж бичсэн нь Богд Жибзундамба хутагтыг Хубилай хааны адилаар төр, шашны хэргийг хослон барьсны нь бэлэгдэл болгосон ч байж болох юм.

Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичгийн 30 дугаар дэвтэрт: Төрийн тамгыг дарж хэрэглэх журмыг хуульчлан заажээ. Шашин төрийг хослон баригч нарангэрэлт түмэн наст Богд хааны тамгыг Аливаа тархаах зарлиг, хэлтрүүлэх зарлиг, ухуулан сургах өргөмжлөл, жуух, шар торгоны бичигт дарж хэрэглэмү гэсэн байдаг. Энэ заалтаас үзвэл: Шашин, төрийг хослон баригч Богд хааны тамга нь үнэхээр төрийн дээд эрх хэмжээний баримт бичгийг баталгаажуулдаг байсан нь тодорхой байна.

Мөнгөн тамга. Их Монгол улсын төрийн хас буу (хаш) тамгыг сэргээн хаш чулуугаар хийсэн тамгыг Богд Жибзундамба хутагт нь барьж тусгаар улсынхаа төрийн хэргийг эрхлэж байсны зэрэгцээ бас энэ тамганы (хаш) адил бичээстэй цалин цагаан мөнгөөр хийсэн тамгыг хэрэглэж байжээ. Энэ тамга нь хаш тамганаасаа арай том. Хайш хайшаа 1.5 сантиметрээр илүү гэж доктор Л.Бат-Очир гуай бичсэн байдаг, Энэ тамга нь 5.890 килограмм жинтэй. Хаш тамга нь хүслийг хангагч чандмань эрдэнэ, мөнгөн тамга нь арслан бариултай юм.

Монгол улс Манж-Чин улсын эрхшээлээс гарч төрт ёсны уламжлалаа сэргээн тунхаглахдаа яагаад Төвд гаралтай шарын шашны толгой ламыг улсын хаанаар дэвшүүлэн гаргаж төрийн тамгыг бариулав гэдэг асуулт зайлшгүй гарах юм. Энэхүү номыг зохиогч дараахь хэдэн үндэслэлийг гаргаж байна.

Үүнд:

Нэг. Халхын Түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хүү Занабазар 15 насандаа Цастын оронд ном үзэж шашны ихэс дээдсийн дэргэд байж сайны хүчин чадлыг олсон гэгддэг болжээ. Иймээс тэд Занабазарыг Түвдийн түүхч, бурхны шашны лам Жибзундаранатын хувилгаан Гунгаа Нинбогийн (1573-1634) хойт дүрд тодруулжээ. Жибзундамба хутагт нь Энэтхэгт таван удаа, Түвдэд арван удаа, арван зургаа дахь удаадаа Монголоос Занабазар тодорсон юм. Ингэж Занабазар Монголын анхны Богд Жибзундамба хутагтаар өргөмжлөгдсөн билээ. Үүнээс хойш найм дахь нь Богд Жибзундамба (Агваан Лувсан) юм. Тэр цаг үеийн ёс горимоор Жибзундамба Богдыг Далай лам Ванчин Эрдэнэ, Манжийн эзэн хаан нар Түвдээс гаргаж иржээ. Манжийн хаанаас түүнд алтан навчит өргөмжлөл шагнаж "шарын шашныг бадруулан номын нарийн явдлыг сайтар шамдан хичээ! Бүү осолдогтун." гэж сургаж байжээ. Таван нас хүрч буй Богд Жибзундамба нь эцэг эхийнхээ хамт Монголд ирж суурьшин суусан. Түүний эцэг, эх, ах дүүс нь- ч монголчуудтай найрсан амьдарсаар Монголын нутагт ясаа тавьсан юм байна. Үүнээс үзвэл: Богд Жибзундамба бол нялх балчираасаа Монголын зан заншил, шашны соёлыг авч насан туршдаа энэ нутагт амьдарсан болохоор түүнд "Монголоо" гэх үзэл санаа бүрэлдэн төлөвшсөн хүн юм.

Хоёр. VIII Богд Жибзундамба хутагт бол Ар, Өвөр Монгол болон бусад монголчуудын дунд шашны тэргүүний хувьд асар их нэр хүндтэй байв. Тэр гавжийн дамжаа барьж эрдэмтэн болсон билээ. Тэр Монголчуудын хүсэл эрмэлзлэл, зан заншил, хэл, соёл, бичиг маш сайн мэддэг. Энэ бүгд нь Монголын улс төрийн нөлөө бүхий хүмүүс түүнийг хүндэтгэж найрсах үндэс болж байжээ. 1911 оны хувьсгалын удирдагчид байсан Түшээт Хан аймгийн жанжин М.Ханддорж, мөн аймгийн чуулган дарга Г.Чагдаржав, их шавийн да лам Г.Цэрэнчимэд зэрэг нөхөд Богдтой дотно харилцаатай байж үзэл бодлоо нэгтгэж байсан байдаг. Иймээс ч Манж-Чин улсаас тусгаарлан салах нь монголчуудын эрх ашиг гэж Богд Жибзундамба үзэж байжээ. 1909 онд нийт монголчууддаа хандаж нууцаар лүндэн (мэдэгдэл) буулгаж тусгаар тогтнолоо сэргээх ёстойг анхааруулсан байдаг. Эдгээр баримтаас үзвэл: VIII Богд Жибзундамба нь Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч зүтгэлтнүүдийн нэг мөн.

Гурав. Манж-чин улс, монголыг өөрийн эрхшээлдээ байлгах гол арга нь шашин гэж үзэж байв. Энэ утгаар бол: Богд Жибзундамба хутагт нь Манж-чин улсын эзэн хааны албат мэт юм. Богд Жибзундамба нь Их Хүрээнээс гадагш залрахдаа:

- Манжийн эзэн хаанаас зөвшөөрөл авах ёстой байв. Ийм зөвшөөрлөөр 1887 онд Эрдэнэзууд, 1889 онд Амарбаясгалант хийдэд очиж их мөргөл хийж байжээ. Энэ хяналтыг VIII Богд эсэргүүцэж байсан байдаг. Тэрээр 1890 онд Амарбаясгалант хийдэд хоёр дахь удаа очихдоо Манжийн эзэн хаанаас зөвшөөрөл авсангүй.

- Манжийн эзэн хаан, Жибзундамба хутагт нь ар Монголын шашны тэргүүн учир шашныхаа хэргийг эрхлэхээс биш төрийн хэрэгт хамаарахгүй гэж үздэг байжээ. Богд Жибзундамба нь Манжаас холдох улс төрийн бодлого барьж итгэлт шавь нараараа өөрийгөө хүрээлүүлэх, гадаад хань хамсаатан олох, улмаар Монгол орныг хуучин нутгаар нь тусгаар улс болгох санаа сэдэл бүхий ажлуудыг зугуухан явуулж байв.

- VIII Богд нь Манж амбан нартай зөрчилдөж улмаар тэдний зааврыг биелүүлэхээс татгалздаг болсон. Жибзундамба хутагт нь манжийн төрөөс тогтоосон "Манж амбантай уулзах ёс журмыг" хүлээж авахгүй байсан байдаг. Журам ёсоор бол VIII Богд нь Манж амбантай уулзахдаа босож хэд алхан хадаг солилцох ёстой байжээ. Хэрэв ийм журам тогтоох гэж байгаа бол "Халхын дөрвөн аймгийн хан, ноёдтой зөвлөлдөж хариу өгнө" гэж богд Жибзундамба өөрийн байр сууриа илэрхийлсэн байдаг.
Энэ мэтчилэн манжийн эзэн хаан, түүний төлөөний сайдуудын заавар зөвлөлгөөтэй санал нийлэхгүй болж байсан нь түүний үзэл санаанд өөрчлөлт гарч байсныг илтгэж байна.

Дөрөв. VIII Богд Жибзундамба нь Манжийн төрөөс монголчуудыг өөрийн хараандаа барьж байх бодлогыг гүн ойлгосон хүн байв. Иймээс Манж-Хятадын төрөөс ирүүлж байсан элдэв ятгалганд оролгүйгээр Монголын тусгаар тогтнолыг сэргээх үйл хэргийг тууштай дэмжиж байв.

Тав. Чингисийн удам угсааны хэн, нэгийг хаан ширээнд залахад өрсөлдөн барьцалдагчид олон байсныг монгол ноёд анхааран үзэж VIII Богд Жибзундамбыг улсын хаанаар өргөмжилсөн байж болно. VIII Богд Жибзундамба нь 1915 оны гурванулсын гэрээний дараа Манжийн төрөөс өгсөн тамга, алтан навчит өргөмжлөлийг хүлээж аваагүй, 1921 оны хувьсгалыг дэмжсэн учир VII сарын 11-нд Богд Жибзундамба хутагтыг төрийн шар ордноо залж, Монгол улсын хэмжээт эрхт хаанд өргөмжилсөн зэрэг баримтуудаас дүгнэж үзвэл: VIII Богд Жибзундамба хаан нь Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тууштай байж төрт улсаа сэргээн тунхаглахад хүчин зүтгэсэн улс төрийн зүтгэлтнүүдийн нэг байсан нь тодорхой юм.

Монгол улсын хаан Богд Жибзундамбын алтан тамга

VIII Богд Жибзундамбын барьж байсан төрийн хэрэг нь ямагт шашны ёс дэглэмтэй хослож байв. Жишээ нь. Хааны зарлигаар төрийн яам, газрууд нь тус тусын бурхан тахидаг байжээ. Тухайлбал: Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам Улаан сахиус Намсрай бурхныг; Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам Улаан сахиус Жамсранг; Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яам Хорыг номхотгогч улаан Аюушийг шүтээн болгодог байжээ. Мөн төрийн аливаа үйл ажиллагааг эхлэх, дуусгах хугацааг зурхайн хэмнэлээр тогтоож тухай бүрд нь лам нар сан тавьж ерөөлийн уншлага хийдэг байв.

Бас шашин төрд туслагч Сайдын яам гэгчийг буй болгож сайдаар нь да лам Дашжавыг тавьж байсан байдаг. Дээрхи түүхэн үйл явцыг дүгнэж үзвэл: Монголын төрийн хэрэгт шашны үүрэг онцгой их байсан нь тодорхой байна. Олноо өргөгдсөн Монгол улсын төр шашны хэргийг хослон явуулах нь улс тогтвортой байх учир холбогдолтой байв. Иймээс Монгол улсын эзэн хаан Богд Жибзундамбад шашны хэргийг тусгайлан эрхлэх батламж болгож Алтан тамгыг бариулжээ.

Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичгийн 30-р дэвтэрт: Шашныг мандуулагч амьтныг жаргуулагч аврал итгэл, хамгийг айлтгагч оройн чандмань очир дара Жибзундамба ламын Алтан тамга нэгийг цутган өргөж, хичээнгүйлэн болгоомжилж эрхлэн хадгалуул" гэж заасан байдаг. Монгол улсын хаан VIII Богд Жибзундамбын барьж байсан алтан тамга нь хааш хаашаа 10.3x10.3 сантиметр хэмжээтэй байжээ. Энэ алтан тамгыг 6 килограмм орчим жинтэй гэж Эрдэнэсийн сангийн бүртгэлд тэмдэглэсэн байдаг.

Энэ тамганд тусгаар улсын шашны хэргийг эрхлэх итгэмжлэл тод харагддаг юм. Тамганы төв дунд тусгаар тогтнолын билэгдэл соёмбо байрлуулсан, (Монголын өмнөх Богдууд болон шашны хэргэм зэрэгтний барьж байсан ямарч тамганд "Соёмбо" тэмдэг хэрэглэж байгаагүй юм) соёмбоны хоёр талд нь "зарлигаар өргемжилсөн шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч аврал итгэл хамгийг айлтгагч оройн чандмань очир дара ламын тамга" гэсэн монгол, түвд үсгийн бичээстэй юм. Энэ тамганд: монголчуудын үндэсний бичиг соёлыг хүндэтгэн худам монгол бичиг бичсэн, Түвд орноос гаралтай шашныг хүндэтгэн үндсэн эх бичгийг нь тус тус хэрэглэжээ. 

Энэ тамгыг эзэнд айлтгах бичиг ба лам нарт олгуулах гашог шар торгоны бичигт дарж хэрэглэх заавартай байжээ. Богд Жибзундамба лам дор үе үеийн хэрэглэсэн олон зүйл ямба, цолын дээр аврал итгэл хамгийг айлдагч оройн чандмань очир дара хэмээн нэмэн өргөмжлөөд алтан тамга, алтан навчит өргөмжлөл олгуулсан тул аливаа яамлаж төрийн хэрэг шийтгэхээс бус ном хурлын газар ба энгийн өдөр Жибзундамба ламыг хаанаас ахлуулж эрхэмлэн өргөмжлөгтүн гэж хууль зүйлийн бичгийн 34-р зүйлд заасан байдаг. Дээрх заалт бол Богд Жибзундамба хутагт нь шашны хэрэг эрхлэх хамгийн дээд тэргүүн мөн гэсэн агуулгатай юм.

Гурав. Улсын эх дагины тамга

Жибзундамба хутагт нь XX зууны эхээр халхын Сэцэн хан аймгийн Дондогдулам гэгч бүсгүйтэй ханилан суужээ. Богд Жибзундамба хутагт нь Амарбаясгалант хийдэд очиж тэнд буй өвгөн хутагтын шарилд мөргөх зөвшөөрлийг манжийн хаанаас авснаар тэр хийдэд очих эрхийг олжээ.

Амарбаясгалантад очих, ирэхийн бүх зардал, аян замын үйлчилгээг Түшээт хан, Сэцэн хан аймгийн ван гүнгүүд хариуцсан байна. Энэ үеэр Сэцэн хан аймгийн жонон ван Цогбадрахын эцэг хатантайгаа хамт бараа болж явжээ. Вангийн хатны аягачаар Цэндийн Дондогдулам явсан гэдэг. Монгол, түвд бичиг төсөөлдөг уриалагхан ааштай бүсгүй байжээ. Энэ цагаас, Богд Жибзундамба Дондогдуламтай дотносон танилцжээ. Түүнээс хойш удалгүй хутагтын зарсан элч нарын шалгалтыг давж Богдын хатан болсон түүхтэй. Гадаад Монголын төрийг засах явдлын яамнаас энэ тухай 1905 оны 7дугаар сард Манжийн эзэн хаанд айлтгасан байдаг. Эзэн хаанаас "Эх дагина, Цагаан дарь, Эрдэнэ сэцэн ноён" цол өргөмжлөл өгч байсан байна.

Мөн Монгол улс Манж-хятадаас тусгаарлан салж 1911 оны 12 дугаар сарын 29-нд VIII Богд Жибзундамба хутагтыг хаанаар өргөмжилсөн их баярын өдөр Богдын хатан Дондогдуламыг улсын эхэд өргөмжилсөн байна. Улсын эх дагина Дондогдулам нь Богдын ордны дэргэдэх "Сангай" аймаг гэж нэрлэгддэг урчуудын хэргийг удирдан явуулдаг байжээ. Уран хатгамалчин, барималчин, зураач, дархан, байвчин (гуталчин) зэрэг олон төрлийн мэргэжлийн 120 гаруй хүнээр ёслолын хувцас хийлгэх, бурхан бүтээлгэх, бэлгийн зүйлүүд хийлгэх зэргийг хариуцдаг байжээ. Эх дагины оюун санаа, хүч хөдөлмөр оролцсон бүтээлүүдээс өнөөгийн бидний үед хүрч ирсэн дурсгалт зүйлс олон бий.

Түүний, халх дөрвөн аймгаас цуглаж ирсэн шилдэг урчуудыг удирдан хийлгэсэн зээгт наамал олон байдаг. Монгол Улсын засгийн газраас 1995, 1998 онд хосгүй үнэт "түүх соёлын дурсгалт" зүйлүүдийг шалгаруулахад 26 зээгт наамал шалгарчээ, Үүний ихэнх нь буюу 20-иод нь Хүрээ сургуулийнхан (Богдын ордныхон) бүтээснээс үзэхэд улсын эх дагины удирдлагаар хийгдсэн бүтээлүүд гэж үзэж болох юм.

Түүх соёлын хосгүй үнэт зүйлээр шалгарч улсын бүртгэлд орсон VIII Богд Жавзундамба, түүний хатан Дондогдулам нарын зургаан иж бүрдэл 14 хувцас байдаг, 1911-1912 онд хийгдсэн Богдын булган дотортой дээл, булганы годоор хийсэн хүрэм, галд шатдаггүй алтан утастай шашир хоргой хүрэм (Шашир хоргойг Хятадын Шанхай хотоос авчирч байжээ. Ийм эдээр хийсэн хувцсыг галын дөлөнд барьж хир тоосыг нь цэвэрлэдэг) зэрэг болно. Дондогдулам хатны сувдан хээтэй тоорцог, торгон дээл, хантааз зэрэг хувцаснууд нь улсын эх дагины удирдаж байсан Богдын ордны оёдолчдын ур ухаан шингэсэн хосгүй үнэт бүтээлүүд болно.

Улсын эх дагина Дондогдулам нь "Шашин төрийг хослон өрнүүлэгч улсын эх дагинын тамга" гэсэн тамга барьж хэрэг шийдвэрлэж байжээ. Дондогдулам нь тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Монгол улсын төр ба шашны хэргийг явуулахад үүрэг рольтой байсны учир энэхүү тамгаар батламжилсан үйл ажиллагааг явуулж байсан байна гэж үзүүштэй. Хотлыг баясгагч эх дагина Дондогдулам нь төрийн тэргүүнии хатны хувьд ч, хувь хүний хувьд улсынхаа төлөө зүтгэл гаргаж явсан нэгэн эмэгтэй болох нь тодорхой юм. Шашин төрийг хослон өрнүүлэгч улсын эх дагинын тамгыг Сэцэн хан аймгийн дархан Барайшир ван урласан гэдэг.

Улсын хурал: Богд хаант Монгол улсын төрийн Үйл ажиллагаанд гарсан нэгэн том дэвшил бол 1914 онд Богд хааны зарлигаар байгуулсан улсын дээд, доод хурал юм. 1914 оны 2-р сард гаргасан улсын хурлын тухай нэгэн тэмдэглэлд "улс төрийн аливаа хүнд хэргийг бүгдээр нийлж шүүмжлэн хэлэлцэж олны бодлогыг нийлүүлэх хурлыг нээн шийтгэх" зорилгоор Улсын хурал байгуулав гэж тодорхойлсон байна. Хаант төртэй оронд улсын дээд, доод хоёр шатны хурлаар хуралдагсад эс зөвшөөрсөн тул тэрээр хурлыг хөөн тараажээ. Улсын дээд, доод хурлын шийдвэрүүдийг чухам ямар тамга, тэмдгээр баталгаажуулж байсан нь тодорхой бус байдаг юм. Эцэслэн шийдвэрлэсэн асуудлыг Богд хааны буюу Ерөнхийлөн захирах яамны тамгаар баталгаажуулдаг байсан байж болох юм.

Богд хаант Монгол улсын төрийн яамдын тамга

Монголчууд Манж-хятадын эрхшээлээс гарч 1911 оны 12-р сарын 29 буюу өвлийн дунд сарын шинийн 9-нд улсынхаа нэрийг Монгол улс, оны цолыг олноо өргөгдсөн гэж нэрлэн VIII Богд Жибзундамба хутагтыг шашин төрийг хослон баригч наран гэрэлт, түмэн наст Богд хаан гэдэг өргөмжлөл өгч Монгол улсынхаа хааны ширээнд залж эрдэнийн хаш тамгыг өргөмжлөн бариулсан билээ. Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичигт: тус улсын нэрийг Монгол улс хэмээн тогтоожээ. 1911-1924 оны хоорондох үеийг Монгол улс гэж бичих ёстой юм.

Гэвч өнөөгийн Монгол улсаас ялгахын тулд "Богд хаант Монгол улс" гэж тодотгон бичив. Аливаа төр, өчигдөрхөн байгуулсан төр байлаа ч ямарч хэлбэрийн төр байлаа ч хэргийг гүйцэтгэгч засаг захиргааны байгууллага заавал байх хэрэгтэй юм. VIII Богд Жибзундамба хаан Монгол улсын эзэн хаанаар тодорсон тэр өдрөөс төр-засгийн хэргийг эрхлэн явуулах яамдыг байгуулсан. Халхын Хүрээний газрын бүгд хэргийг түр ерөнхийлөн захирч зөвлөн шийтгэх газар нь Манж-Хятадаас тусгаарлан салах тэмцлийг зохион байгуулах үүргээ биелүүлсэн тул байнгын засгийн газар байгуулах нөхцөл бололцоо ч бүрэлдсэн байв.

Богд Жибзундамба хаан зарлиг буулгаж Дотоод, Гадаад, Сангийн, Шүүхийн, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэх яам гэсэн таван яам бүхий засгийн газрыг байгуулжээ. 1912 оны дундуур Бүгд ерөнхийлөн захирах яамыг байгуулсан. Яамдын сайд нар төр улсдаа чин үнэнч хүчин зүтгэлээр ажиллах талаар дараахь тангаргыг өргөсөн байна. "...Дотоодод болбоос тус тусын үнэн шударгыг илэрхийлэнэ. Гадаад болбоос аюулт дайснаас аянга цахилгаан мэт буцалтгүйгээр улсын сүрийг бадруулан хаан эзний емнөөс шашин төрийн төлөө зүтгэхэд хялбарыг эрэхгүй, бэрхээс зайлахгүйгээр эдүгээгийн байгуулсан төрийн тул энэхүү батлан тогтоосон тангараг сахилыг нүдний цөцгий, зүрхний тольт мэт хичээнгүйлэн хайрлана." гэжээ.

Яамдын сайд нар нь Богд хаант төрийн өмнө хариуцлага хүлээж хааны зарлигаар томилогдох буюу өөрчлөгдөнө. Богд Жибзундамба хаан нь төрийн болон шашны хэргийг хязгааргүй эрхэлж түүний зарлиг лүндэн монголын төрийн үйл ажиллагааны хууль зүйн үндэс болж байв.

Хууль зүйлийн бичигт: Жибзундамба ламын лүндэнгээр явуулж журамлан шийтгүүлсэн аливаа хэргийг олон харъяат газар нийтээр дагаж шийтгүүл. Хэрвээ цагийг дагаж залруулан засваас зохих нь буй бөгөөс даруй гарган айлтгаж зарлигаар тогтоохыг гуй. Олон яам айлтгалгүй зоргоор халж болохгүй, зөрчвөөс зарлигийг зөрчсөн ял хэлэлцэгтүн гэж зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичгийн гучин дөрөвдүгээр дэвтэрт заажээ.

Богд хаант Монгол Улсын дотоод яамнаас төрийн яам, газруудын тамгыг солих, шинээр хийх, тараан олгох тухай ерөнхий журам гаргаж байжээ. Үүнд: Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас яамд, халхын дөрвөн аймгийн хан, ван, бээл, бээс гүн засаг чуулганы дарга, туслагч жанжин, хамба, шанзудба нарын тамгыг шинээр солих болсон учрыг мэдэгдэж явуулсан бичигт (1911-12-11) өгүүлсэн нь: Довтолгон явуулах учир: "...Эдүгээ манай дотоод яаманд буулгасан зарлигийг хичээнгүйлэн дагаж, халхын дөрвөн аймгийн хан, ванл бээл, бээс, гүн засаг, чуулганы дарга, туслагч жанжин нар, хамба номун хан, дүйнхор хутагт, эрдэнэ шанзудба нарын хуучин тамгыг цөм сольж, шинэ шагнан олгох тамгуудыг манай яамны ёслолын хэргийг хавсран шийтгэгч газраас эрхлэн шийтгэж, цутган үйлдвэрлэхийн тулд одоо олон тамгыг цутган үйлдвэрлэхэд хэрэглэх мөнгө, лав, урчуудын хүнс зүйл олгох хөлс зэргийг бичгийн хойно жагсаан бичиж үүнийг дөрвөн аймгийн чуулганы дарга, туслагч жанжин, Хүрээний хамба номун хан, эрдэнэ шанзудоб нарт нэгэн адил довтолгон явуулаад уламжлан харъяат олон газраа зарлан тушааж өөр өөрийн хошуу, шавийн газраас тус тусын тамга цутган үйлдэх мөнгөний зэрэг зүйлийг тооны ёсоор гаргуулж, жинхэнэ тушаалын түшмэл, зайсан нарт авахуулан хурдан түргэнээ манай яамнаа хүргэж ирүүлээд, олон тамгыг дэс дараалан цутган олгуулахад бэлтгүүлсүгэй.

Энэ болбаас тулгар төрийг нээж тогтоогоод тэргүүнд тамгыг олгуулах нь маш чухал. Зүй нь: Энэ жилд эрхгүй завдан гүйцэтгэвээс зохих тул саатасхийн саатуулах зэрэгт хүргүүлбээс үл болох явдлыг хамтаар ухуулан тушаасугай. Үүний тул өргөн илгээв.

Тамга цутгуулах нь: Аливаа тамга цутгуулахад олон яам, сайд, хан, хамба номун хан, эрдэнэ шанзудоб, чуулган дарга, жанжны тамга болбоос 60 лан мөнгийг хэрэглэмой. Дөрвөлжин тийш гурван ямх, дөрвөн пүү, зузаан тийш найман пүү, таван яамны тамга болбоос дөрвөн үзүүрт чандмань, бусад нь цөм гурван үзүүрт чандмань бариултай. Бариулын үзүүр тийш гурван ямх байх заалттай байжээ. Олон засаг, хутагтын шавь нарыг захирах тамга өөр өөрийн 80 лан мөнгийг хэрэглэмой, дөрвөлжин тийш гурван ямх, гурван пүү, зузаан тийш найман пүү, бариулд хос эрдэнэ, бариулын өндөр тийш хоёр ямх, дөрвөн пүү байхыг тус тус заасан байна. Тамганы төвд нь соёмбо, зүүн барууны талд нь монгол үсэг сийлэх журмыг дотоод яам тогтооно. Зарлиг болгосны хойно тамгыг цутгуулж өгүүлэгтүн гэсэн нарийн заалттай байжээ.

Тамгыг хүлээж авах нь: Шинэ тамгыг цутгаж төгсгөн дотоод яам байцаан үзсэний хойно дансанд тэмдэглэж уул тамга барих хүн нь нийслэлд буй аваас биед тушаан өг, хэрэв нутагт суусан нь болвоос бичиг явуулан, түшмэл гарч хүлээж ав, хүлээж авсан, нэхэж хэрэглэсэн өдрийг дотоод яаманд мэдүүл.
Тамгыг халж олгуулах нь: Аливаа тамганы үсгийг халж олгуулбаас зохих эсвээс он удаж үсэг балархай болбоос зарлигийг гуйн айлтган халж олгуул. Хуучин тамгыг битүүмжилж дотоод яаманд хүргэж ирүүлэгтүн, эвдэж санд хураалгагтун.

Мөн төрийн тамга битүүмжлэх ес дэгтэй байжээ.

Дотоод яамнаас Богд хаанд айлтгал бичиж тамга битүүмжлэх ёсыг тогтоосон тухай нэгэн бичигт: Урьд Чин улс дэлхий дахинд зарлан жил бүриин 12 дугаар сарын эцэст тамгыг битүүмжилж цагаан сарын эцэст нээдэг байсныг дурьдаад Олон монгол тусгаар улс болж Чин улсын хууль цааз хамаарахгүи болсон тул Монголын олон яам газрын тамгыг битүүмжлэх ба харъяат олон газар нийтээр дагаж явуулбаас болох эсэхийг зааж сургахыг айлтгана уу? гэжээ. Олноо өргөгдсөн тэргүүн оны өвлийн дунд сарын 24-нд ьогд хаан гуйсан ёсоор болгогтун гэж улаан бийрээр цохсон байна. Гуйсан ёсоор болгогтун" хэмээснииг хичээнгүйлэн дагаж дөрвөн яам, дөрвөн аймгийн чуулганы дарга, туслагч жанжин, Хүрээний хамба, номун хан, Эрдэнэ шанзудоб нарт тус бүр явуулан тушаагаад улмаар харъяат газруудад зарлан мэдэгдэж дагаж мөрдөхийг заажээ. Энэхүү баримтаас үзвэл: Тамга битүүмжлэх өмнөх уламжлалыг авч хэрэглэж байв.

Тамга эрхэмжлэлийг тасалдуулах нь: Аливаа олон яамны явуулан илгээх бичигт тамга дарахыг тасалдуулваас харъяат бичээч эрхэлж илгээсэн хүнийг жаран ташуур занч. Бүрэн тамга дарсан үгүй болвоос аливааг наян ташуур занч. Хэрэв тасалдуулж тамга дарсан буй жич бүрэн тамга дарсан үгүй албаны бичиг цэрэг, морь дайчлах, хязгаарын газрын цэргийн хэрэглэлд нийлүүлэн өгөх аму цалинд холбогдох болвоос аливааг зуун ташуур занч. Тэр тасалдуулсан тамга дарсангүй харъяат яам сэжиглэж даруй дайчлан илгээхгүй нийлүүлэн өгөхгүй учирт цэргийн тухайг алдах, саад хийлгүүлэх болвоос буудан алагтун. Гянданд хорьж хүлээ, эрхэлж тамга дарах хүнийг тэргүүн болго. Тэргүүлсэн түшмэл нийлүүлэн үзэх хүнийг зуун ташуур занчиж жаран өдөр дөнгө дөнгөлөөд зогсоо. Хэрэв тамгыг тэрсүү дарваас тамга тасалдуулсан цаазын бичгийн ёсоор жаран ташуур занчигтун гэсэн хатуу хариуцлагатай байжээ.

Тамганы бичээс, хэлбэр хадгалах нь Монгол улсын яам, аймаг, хошуу албан газрын тамганы гол дахь соёмбоны хоёр талд монгол бичгээр уул газрын нэрийг бичсэн тамга хэрэглэх болжээ. Тамга нь тамга баригч байгууллагын зэрэг зиндааны байдлаас хамааран том, жижиг байдаг. Төрийн байгууллагуудын тамга нь дөрвөлжин хэлбэртэй байсан хуучин уламжлалаа хадгалсаар байжээ. Тамгыг тусгай гэр-өргөөнд эрэмлэн хадгалдаг учир "Тамгын өргөө" гэх буюу товчлон "тамга" гэж нэрлэдэг байсан. Яам, аймаг, хошуу, албан газруудыг "тамга" гэсэн тодотголоор нэрлэж байсан байдаг. Тухайлбал: "Тамгын газар", "хошуу тамга" гэх мэтээр нэрлэдэг байжээ

Тушаалд тавих нь: Яамны тэргүүн сайдыг хаан сонгож хэрэглэнэ. Дэд сайд, эрхэлсэн түшмэл, дэс түшмэлийг тэргүүн сайдууд сонгож батлан айлтгаад зарлигаар тавина. Эх бичиг зохиогчоос доош түшмэлийг анх удаа сонгоход өөр өөрийн яамны бичээчээ дэвшүүлэн хэрэглэх, эсвээс олон хошуу шавийн газраа албан хааж нэр гарсан түшмэл буй бөгөөс эндэгдэлгүй төв цэгц байдлыг үзэж ору хүлээлгэ! Тушаалыг жинхэнэ орунд тохоон талбигтун. Дэс түшмэлээс доош олон түшмэдийг гурван жилд нэгэнтээ байцаан шалгаж дэвшүүлэх, бууруулахыг тогтоож байхаар заажээ. Хуулийн энэ заалтаар яамдын ажилтнуудыг сонгон тавьж байжээ.

Дотоод зэрэг олон яамны хамаг хэргийг бүгд ерөнхийлөн захирах яам, түүний тамга. Монголчууд, үндэсний эрх чөлөөнийхөө төлөө тэмцэн босож Манж-Хятадаас тусгаар улс болж Жибзундамба хутагтыг шашин төрийг хослон барьсан хаан ширээнд залснаар Монгол улсын төрийн шинэ байгууламж бий болсон билээ. Богд хаан төрийн гүйцэтгэн захирах дээд байгууллагууд-төрийн яамдыг 1911 оны 12 сард байгуулж, сайдуудад нь төрийн тамга бариулан тус тусын ажлыг эрхлүүлсэн юм. Төрийн гүйцэтгэн захирамжлах нэгэн байгууллагад бүх яамдын ажлыг нэгтгэн зохицуулах удирдлага ч зайлшгүй хэрэгтэй байсан нь нэгэн жилийн явцад гарч иржээ.

Манай монголчууд нь Манж-Хятадын сайд түшмэлүүдийн эрх мэдэлд орж туйлын их зовлон зүдгүүрийг хүлээн уснаас ангижирсан загас мэт тэсвэрлэхүйд хүрснийг очирдара багш Богд эзэн нигүүлсэн өршөөж олон шавь нараа авран авч тусгаар улс болгон төр тогтоон тохинуулж байгаад бид бүгдээр жаргал цэнгэлийг эдэлж баярлаж барахгүй болсон бөлгөө. Ийнхүү цагт бид бүгдээр ташууран зальхайрахгүй улмаар хичээнгүйлэн болгоомжилж өөр зуураа найртай эелсэгийн гол ёсыг илэрхийлж эвийг нийлүүлэн санаа бодол, арга чадлыг нэгтгэхийг хичээвээс зохино гэж үзэж байжээ. Иймээс 1912 оны долдугаар сарын эхээр Дотоод зэрэг олон яамны хамаг хэргийг бүгд ерөнхийлөн захирах яамыг байгуулжээ. Энэ яам нь хэрэг дээрээ засгийн газрын эрх мэдэл бүхий ажлыг эрхэлсэн байна. Энэ яамны тэргүүн сайдаар Төгс-Очирын хоёрдугаар хүү сайн ноён хан Намнансүрэнг томилжээ.
Т.Намнансүрэн нь багасаа монгол, манж, төвд хэл бичиг гойд сурч, оросоор бага сага ярьдаг байжээ.