Ойрхи дорнод 

Иран баллистик пуужин туршлаа

Ираны арми цэргийн том хэмжээний сургуулилалт эхлүүлэв. Исламын хувьсгалыг хамгаалах Корпусын командпагч Рахим Сафарийн мэдэгдсэнээр нутгийн өмнөд хэсгийн 14 мужийг хамарсан хээрийн сургууль арав хоног үргэлжилнэ.

"Агуу зөнч-2" сургуулилалтын үеэр Иранд зохион бүтээсэн алсын зайн тусгалтай "Шехаб-3" пуужинг Тегеранаас өмнө зүгт 120 км-т орших Ком хотын ойролцоох элсэн цөлөөс харвасныг Франс пресс мэдээлэв. Үүнээс гадна алсын удирдлагатай нисэгч аппарат, хуягт машин зэрэг байлдааны сүүлийн үеийн зэвсэг техник ашиглах гэнэ.

Иранд энэ оны гурав, дөрөвдүгээр сард явуулсан анхны том хэмжээний сургуулилалтад 17 мянган цэрэг, 150 орчим хөлөг онгоц, нисдэг тэрэг, бөмбөгдөгч болон сөнөөгч онгоц оролцсон юм. Мөн олон төрлийн пуужин, тухайлбал, газар-тэнгис ангиллын "Коусар", пуужин эсэргүүцэгч Мисаг-1, радарт үл үзэгдэгч "Фажр-3" алсын тусгалтай пуужинг амжилттай туршсаныг тус улсын батлан хамгаалахын удирдлагууд зарласан.

Тухайн үед Израилийн армийн хошууч генерал Амос Ядлин Тегеран Хойд Солонгосоос 2500 км-ийн тусгалтай пуужин худалдан авсан нь Ойрхи Дорнод төдийгүй Европын орнуудад хүрэх чадвартай хэмээн мэдэгдсэн юм.

Тегераны тайлбарласнаар Персийн буланд явуулж буй хоёр дахь удаагийн том хэмжээний сургуулилалт нь бүс нутгийн аюулгүй байдлыг бататгахын хамтаар болзошгүй халдлагад бэлэн байх Ираны сүр хүчийг дэлхий нийтэд харуулах зорилготой юм.

Уг сургуулилалт Австрали, Бахрейн, Их Британи, Итали, Франц ирэх долоо хоногоос Персийн буланд хамтран явуулах цэргийн сургуулилалттай давхцаж байгаа нь шинжээчдийн анхаарлыг татаж байна.