Ази 

Согтууруулах ундааг 20-иос дээш насныханд

Тайландын Засгийн газар согтууруулах ундаа худалдан авагчдын насны хязгаарлалтыг өөрчлөх шийдвэр гаргав. Ассошейтэд пресс мэдээлснээр өмнө нь мөрдөж байсан журмаар 18 насанд хүрсэн үйлчлүүлэгчид архи, согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрдөг байсныг 20 болгон өөрчилжээ.

Эрх баригчид  энэ хязгаарыг 25 насаар тогтоохоор төлөвлөсөн боловч үйлдвэрлэгч, худалдагчдын зүгээс үүнийг эрс эсэргүүцсэн байна.

Эцэст нь Засгийн газрын гишүүд болон үйлдвэрлэгчдийн хамтарсан уулзалтаар дээрх тохиролцоонд хүрчээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд Монкол На Сонхлагийн мэдэгдсэнээр Засгийн газрын шийдвэрээр төрийн байгууллага, сургууль, сүм хийдэд энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдах болон хэрэглэхийг хориглов.

Архи, согтууруулах ундааны хэрэглээгээр дэлхийд тавдугаарт ордог тайчуудын хувьд энэ нь чухал алхам боловч хэрэгжихэд хүндрэлтэй хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.