Гадаад худалдааны бодлого
Эртний олон Монгол аймгууд нь дээр цагаас Дорно, Өрнө дахины улс орнуудтай улс төр, эдийн засаг, соёлын хүрээнд тодорхой нэгэн хэмжээгээр хамрагдаж1 байлаа. Монголчууд нь зөвхөн айл хөрш улсуудтайгаа төдийгүй Түркстан (Сартуул) зэрэг дундад Азийн улс орнуудтай эдийн засаг, худалдаа арилжааны харилцаатай байжээ. Улс төрийн талаар нэгдээгүй байсан үест Монгол аймгууд нь дор бүрдээ бие даан харь орнуудтай харилцаж худалдаа арилжаа хийж байжээ. Монгол аймгууд бүр "хээр талын ба ойн хэмээн хуваагдаж байх үедээ тэр цагийн олон улсын худалдаа арилжааны харилцаатай байжээ. Түүнээс гадна Монгол аймгууд нь өөр хоорондоо харилцаж байсан байна. Аймаг хоорондын харилцаа нь хэдийгээр нэгэн орны доторх төрөл аймаг овгуудын хэлхээ холбоо байсан" атугай ч уг чанартаа улс төрийн талаар биеэ даасан аймаг холбооны харилцаа байлаа.
Эл учир тэрхүү "харилцаа улс хоорондын анхны бүдүүн тойм харилцааны шинж төрхтэй байсан бөгөөд чухам түүний хөгжлийн явцад Монголын гадаад харилцааны эх загвар анх үүсэн гарсан" гэж үзэж болно.
Монголд нэгдсэн төр тогтсоны дараагаар аймаг, аймгийн холбоо, ханлигуудын бие даан гадагш харилцах явдлыг эцэс болгож гадаад харилцаа, түүн дотроос худалдааны харилцааг төрийн гадаад бодлогод захируулан явуулах болжээ. Тухайлбал Монголчууд өмнөд Сүн улсад сууж байсан араб худалдаачдын талаар зөв бодлого явуулж чадсанаас цюань жоугийн гаалийн газрын дарга, олон зуун хөлөг онгоцыг эзэмшигч Пу Шоугэн хэмээх араб худалдаачин Монголын талд элсэн орж, өмнөд Сүн улсыг мөхөөхөд багагүй үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Чингис хаан, Монгол улсын нутаг дэвсгэрээр өнгөрөн гарч Өрнө, Дорныг холбож байсан эртний худалдааны замыг өөрийн улсын хяналтанд оруулах бодлогыг манай орны нутаг дээр тогтнож байсан эртний бусад улсуудын нэгэн адилаар журамлан явуулж байсан байна. Үүний тул харь газрын жуулчин, худалдаачдын өнгөрөн явах замын аюулыг сэргийлэн, тэднийг хамгаалан өнгөрүүлэх зорилгоор тусгай харуулыг томилж Монголын их замаар аялагч харийн аялагчдыг хааны өргөөнд бараалхуулах зарлиг гаргажээ. Энэ нь Чингис болон Монголын язгууртнуудаас “алс өрнө зүгийг багагүй сонирхож байсны нэгэн илрэл” мөн. Түүний зэрэгцээ шинэ тулгар тогтсон Монгол улсын худалдааг өрнө зүгийн оронд нэвтрүүлж, Өрнө, Дорнын худалдааг дэмжин шинэ улсын нэр хүндийг гадаадад дэлгэрүүлэх бодолтой байсны гэрч бололтой.
Чингис хаан 1216 онд Сартуултай байгуулсан худалдааныхаа гэрээг тогтоохдоо ч энэ бодлогоо хоёр сэтгэлгүй баримталж, элдвийн далд санаа агуулаагүй гэдэгт биднийг түүхэн баримт хөдлөшгүй итгүүлж байна. Харин Хорезм шагийн хувьд ингэж хэлж болмооргүй. Түүний жинхэнэ санаа зорилго нь гэрээ байгуулахаар очсон Чингисийн элч Махмуд Ялавачид их мөнгө хөрөнгө амлаж тагнуул туршуулаа болгох гэж оролдсон үеэс илэрсэн юм. Ийнхүү Хорезм шаг Чингисийн найртай бодлогыг илт сөрөх болсон нь гурван үндсэн учир шалтгаантай мэт. Нэгд, Монгол, Алтан улс хоёрын дайны цаад нарийн учрыг сайн ойлгоогүйгээс Чингисийн бодлогыг Хятад руу чиглэсэн өөрийнхөө бодлоготой мөргөлдөж байна гэж ойлгож байжээ. Хоёрт, Дундад болон Ойрхи Дорнодын олон. улсын харилцааг шийдвэрлэж байх асуудалд ганц өөрийгөө Рнцгой эрхтэй гэж үзэж байснаас эртнээс Чингист сүрийг үзүүлэн энэ хэргээс хол барьж байхыг хичээжээ. Гуравт, өрнө дорнын худалдааны онц эрхийг алдах бий хэмээн эмээн болгоомжилсон ажээ. Тиймээс Чингисийн олон тооны худалдаачдаас ихэд цочин хэлмэгдсэн юм.
Энэ нь худалдаачдын дунд тагнуул туршуулын хүн байна гэж үндэслэлгүй гүтгэсэн Отрар хотын захирагч Иналчукын үгэнд итгэхэд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлжээ. Чингис хаан өөрийнх нь худалдаачдыг Сартуулд барьж алсныг сонсоод учир байдлыг уужуу зөв ойлгохыг хичээж, Бугур тэргүүтэй элчийг илгээн “Чи энэ орны худалдаачны мууг үзэхгүй гэж над итгүүлэн байсан. Чи үгэндээ хүрсэнгүй. Ийм үнэнч биш байх нь хаан хүнд жигшүүртэй. Хэрэв би чиний буруугаар худалдаачид алагдаагүй гэж үзэх ёстой бол чиний тэр хотын даргыг надад залхаан цээрлүүлэхээр тавьж өг. Хэрэв өгөхгүй бол байлдахад бэлтгэ” гэж Хорезм шагт хэлүүлжээ. Үүнээс үзэхэд дундад эртний Мрнголчууд итгэл эвдэж хүний амь нас хороохыг жигшин үздэгийнхээ адил хэлсэн үгэндээ эс хүрэхийг тэвчдэггүй байсан нь харагдаж байна. Хэлүүлсэн үгийн ерөнхий бүтцийг харахад дипломат тулган шаардах бичгийн хувьд маш зөв бүтэцтэй байна. Өөрөөр хэлбэл хуурай хоосон шаардлага тавилгүй, шаардлагаа хэрэгжүүлэхийн тулд бодит алхам хийх шийдвэр төгс буйгаа үгийн төгсгөлд хэлж хүч оруулжээ. Ийм аргыг одоо ч гэсэн дипломатын арга ажиллагаанд хэрэглэдэг.
Чингис аливаа ухаалаг хаадын адилаар өөрийн улсад худалдаа, үйлдвэрлэл, уран дарх, аж ахуйн бүх хэлбэрийг хөгжүүлэхийг эрмэлзэж байсан юм. Нэн ялангуяа худалдааг гадаад харилцааны чухал хэлбэр, мэдлэг, мэдээлэл цуглуулах хэрэгсэл хэмээн гойд анхаарч байв.
Энэ бодлого нь цаашид гүнзгийрсээр Монголын эзэнт гүрний (тухайн үедээ дэлхий гэж ойлгогдож байсан эх газрын тавны дөрвийн) чөлөөт худалдааны бодлого ба санхүүгийн сэтгэлгээ дэлхийн эдийн засгийн харилцаанд нааштайгаар нөлөөлж буйг Өрнөд Европын эзэд, Энэтхэг, Мисир ба Мароккогийн хаадад ухааруулж ойлгуулан эрхбиш худалдааны харилцаа үүсгэх хүсэл төрүүлэх хэрэгтэй хэмээсэн сурталчилгааны ч шинжтэй болсон юм.
Ер нь дэлхийн тэргүүлэгч гүрний хувьд дотооддоо явуулж байгаа улс төр, эдийн засгийн үйл ажиллагаагаараа дэлхий нийтийн эдийн засаг, улс төрийн сэтгэлгээ, ухамсар, эрдэм мэдлэгийг өөд татах үүрэгтэй хэмээн Монголын хөх төрийн эзэд өөрсдөдөө хүнд үүрэг нөмөргөж байжүүдээ гэсэн сэтгэгдэл М.Россаби, Х.Хаприн зэрэг эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаанаас харагддаг.
Өөрөөр хэлбэл Монголын хөх төрийн эзэд дэлхий нийтийн чөлөөт худалдаа ба эдийн засгийн харилцаа нь улс үндэстнүүдийн харилцааг бэхжүүлэхэд тус болдог учраас тэр харилцааг өргөн дэлгэр болгосны үр дүндээ түшиглэн “Монгол ертөнцийн” байлдан тэмцэх чадварыг өөрийгөө хамгаалах буюу өөрийгөө хамгаалахын тулд ямар ч дайныг өөртөө ашигтай төгсгөж чадах хүчин чадалтай байх үүднээс дэмжин тэтгэж байсан бололтой.
Монголын Юан гүрний үед Монголын зах зээл Энэтхэг, Малайзынхтай нягт холбогдож, гүрний худалдаачдын онгоц Ява, Цейлон, өмнөд Энэтхэгийн боомтуудаар тогтмол очдог байжээ. Нэгэн эзэнт гүрний гэр бүлд багтаж байсан Ил хаадын улс, Юан гүрэн хоёр харилцан ашигтай худалдаа өрнүүлж, Персийн булангийн цэцэглэн хөгжиж байсан Ормузийн боомтод хятад торго, шаазан бууж байжээ. Крымээс Сарай болон Отрараар дамжин Хаанбалгаст ирдэг зам, мөн Тарпезунтаас Тебриз, Кашгар болон Ганьсу хүртэл үргэлжлэх Персийн хотууд, Төв Ази дахь Алмалиг болон Бешбаликаар дамжин эзэнт гүрний баруун мужуудтай холбогдсон замаар дамжин Европ дахинтай холбогдож байсан ажээ.
Юан улсад худалдааны харилцаа өргөн дэлгэр байсны жишээ нь “Перс, бухар, сири, алан, уйгур, араб хүмүүс олноор нэг дор бөөгнөрөн сууж, голдуу худалдааны ажил эрхэлж байсан явдал юм. Мөн Ханбалгас нийслэлд франц, герман зэрэг Европ худалдаачдад зориулан гурван зочид буудал ажиллаж байсан нь үргэлж хөл хөдөлгөөнтэй байдаг байжээ. Юан гүрний үед италийн Венецтэй байгуулсан гэрээнд Монголын тал доорхи үүрэг хүлээн авч байжээ. Тухайлбал Нэгд: эзэнт гүрний нутагт венецийн иргэд чөлөөтэй сууж болно.
Хоёрт гүрний нутаг дэвсгэрт венец худалдаачид дээрэм тонуулд өртвөл хохирлыг гүрний улсын сангаас төлж өгнө. Гуравт, худалдаачид худалдааны гааль хураамжаас (3 хувийн татвар) өөр татвар төлөхгүй гэх мэт. Монголчуудын энэ санал нь хот, улс бүрийн нутаг дэвсгэрийг нэвтрэн гарахдаа гааль татвар төлдөг, дээрэм тонуулд байнга өртдөг тэр үед чөлөөт худалдааг хөгжүүлэхэд чухал хүчин зүйл болжээ.
Италийн худалдаачид Хаанбалгаст нэвтрэн ирэх болсон үеэс эхлэн Монголчууд далайн боомтуудаа хяналтдаа авч сайжруулан засаж янзалжээ. Тиймээс италийн Флоренцийн эзэн захирагч Медичийн үед зохиосон худалдааны лавлахад Монгол гүрэнд худалдааны зам өдөр шөнөгүй амар тайван байдаг гэж бичсэн бөлгөө. Юан гүрэн гадаад худалдааны асуудлаар бусад улстай харилцахдаа өдгөөгийн нэгэн адилаар “харьцангуй давуу талын онол” дээр тулгуурлан явуулж байсан байна. Өөрөөр хэлбэл мал, мал аж ахуйн бүтээгдэхүүн, алт мөнгө, шүр сувдаар гурил будаа, бөс даавуу зэргийг наймаалах, бас түүхий эд олж авахыг ихэд сонирхож байсан юм.
Түүнээс гадна ил хаан Аргуны санаачлагаар “худалдааны холбоо” хэмээх байгууллага байгуулагдаж өрнөөс дорно зүгт Газрын дундад тэнгисээс Хархорум хүртэл, өмнөөс умард зүгт Басра хотоос Мисир хүртэлх өргөн уудам газарт эрх нөлөөгөө тархааж Ойрхи Дорнод ба Дундад Азийн олон улсын худалдааны онц эрхийг барьж байв. Тэрхүү байгууллага нь нэг сая алтан зоосны хөрөнгөтэй, хэдэн зуун мянган адуу, тэмээ, илжиг болон хөлөг онгоцтой байсан тухай перс, түрэгийн сурвалж бичигт багагүй бичсэн байдаг.
Дээр дурьдсан зүйлээс үзэхэд XIII-ХIV зууны Монголын худалдааны харилцаа нь арилжаа төдийнхөөс олон улсын худалдааны онц эрхийг гартаа авсан байгууллагыг үүсгэн хөгжүүлэх хүртэл дэгжиж улмаар дэлхий дахины худалдааны харилцаанд зохих үүрэг ач холбогдолтой байжээ. Эзлэгдсэн орнуудын эдийн засгийг сэргээж эдийн засаг, худалдааны өргөн цар хүрээтэй байгууллага байгуулж, “Монгол ертөнцөд” худалдааг (эдийн засгийг ч байж магад) түгээмэлжүүлэхэд чиглэсэн Ил хаадын улсын хүчин чармайлтыг дэмжихийн зэрэгцээ түшмэг, хараат болон дагуул улсуудын эдийн засаг хүчтэй байх нь тэдгээрийн цэрэг зэвсгийн хүч чадал, өөрийгөө хамгаалах чиглэлээр бэхжихэд ихээхэн хувь нэмэртэй гэдэгт Монголын эзэнт гүрний эрх баригчид итгэж байв.
Тиймээс Ливоны болон Тевтоны рыцарийн ордент улс ба өрнөд европынхны түрэмгийлэл, Литовын их вант улсын довтолгооноос өөрийгөө хамгаалах оросуудын чадавхийг, Мисирийн султант улсын түрэмгийллээс өөрсдийгөө хамгаалах түрэгийн сельжүкийн эмирүүдийн чадавхийг, Японы самуурай нарын довтолгооноос өөрсдийгөө хамгаалах солонгосын вангийн чадавхийг бэхжүүлэх тууштай арга хэмжээ авч байлаа. Эцэст хэлэхэд Х1М-Х1Ү зууны үеийн Монгол улсын гадаад бодлогын номлол, дипломат харилцааны ёс журам, заншлууд нь тухайн цаг үеийн олон улсын харилцааны хэм хэмжээний хүрээнд зохицож чадахуйцаар зохион байгуулагдсан байсан байна.
Эх сурвалж :
Номын нэр: Монголын дипломат товчоон
Номын зохиогч: Ж.Бор

